Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Стандарт, хэмжил зүйн газрын зүй бус үйлдлийн талаар мэдээлэв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл өмнө бэлтгэн хүргэжээ.

Тэгвэл тус цуврал нийтлэлд ноцтой хэд хэдэн баримтууд дурдагдсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч А.Баярмаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал, халуун, хүйтэн ус, цахилгаан тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээг олгодог ба тус баталгаажуулалтын гэрчилгээ нь өөрөө үнэт цаас гэж явдаг байна.

Гэтэл энэхүү гэрчилгээ болон түүн дээр дардаг тамга тэмдгийг төрдөө тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой алба хаагчид нь хуйвалдан, хуурамчаар үйлдсэн талаар мэдээлэв. Тус тамга Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, СХГЗ-ын даргаар баталгаажсан байдаг аж.

Энэхүү үйлдлийг цагдаад мэдэгдэж шалгуулах ёстой байсан ч СХГЗ-ын дарга нь үүнийг цагдаад мэдэгдэж шалгуулалгүй нуун дарагдуулжээ.
Энэ талаар сэтгүүлч Баярмаа өөрийн сайтад мэдээлж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар шүүх тус үйлдлийг худлаа биш гэж үзжээ.

Гэтэл СХГЗ-ын удирдлагууд үүсээд байсан нөхцөл байдлыг нэг албан хаагчдаа үүрэг өгсөн байсан, тэр хүн харин үүнийг хоёр жил засалгүй явсан байна гэсэн тайлбарыг хэлж байгаа нь өөрсдийн хууль бус үйлдлээ бусад руу тохож, хариуцлагаас зугтах гэсэн үйлдэл гэж харж буй талаар сэтгүүлч Баярмаа онцлов.

Үүнээс гадна СХЗГ нь 2016 оны сонгуулиас өмнө СТАНДАРЧИЛАЛ, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байж байгаад сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгджээ. Гэтэл 2017 онд зарсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамга дарж байгаа нь хууль бус үйлдэл юм гэдгийг мэдээлэв.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Өмгөөлөгч М.Шаравнямбуу “Dorgio.mn-ий сэтгүүлч Баярмаа тус үйлдэлтэй холбоотой нийт найман нийтлэлийг бичсэн. Ингэхэд СХГЗ эдгээр нийтлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт долоон удаагийн гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэн явж байна” гэлээ.

Сэтгүүлч А.Баярмаа “Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ном нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд үнэгүй тараагдахаар бүтээсэн ном юм. Гэвч СХЗГ-ынхан энэхүү хоёр номын тус бүрт нь 100,000 төгрөгөөр зарж байна.

Уг ном зарсан мөнгийг Төрийн дансанд оруулж, санхүүгийн тайланд тусгаад улсын төсөвт орох ёстой.  Зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй ба санхүүгийн тайландаа тусгалгүй, мөнгө авсан баримт нь байхгүй болсон тамга тэмдэгтэй гээд яах аргагүй санаатай хийж буй үйлдэл юм.

Гэтэл СХГЗ-ын удирдлагууд он цагийн хувьд зөрүүтэй, энэ асуудалд ямар ч хамааралгүй, Шадар сайдын албан бичгийг үзүүлээд, сайдын зөвшөөрлөөр энэ бүхнийг хийж байгаа гэх мэтээр тайлбарлаж буй нь хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл юм. Энэ талаар удаа дараа дарга Гантөмөрөөс ярилцлага авах гэж очсон боловч огт уулзахгүй зугтсаар өнөөдрийг хүрээд байна ” гэлээ.