Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхтөр: Монгол Улсын шүүх Байдрагийн гол дагасан таван сумын иргэдийн эрх ашгийг бодно гэж найдаж байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянхонгор аймгийн Жаргалан сумаас эх авч урсдаг Байдрагийн голыг даган нутагладаг 5 сумын иргэдийн төлөөлөл болсон "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-аас байгаль орчин, гол усаа хамгаалах, малчид, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангах үүднээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, тэргүүн А.Энхтөр "Миний бие Байдрагийн гол ус, булаг шандыг эхнээс нь эцсийг нь хүртэл ариун тунгалгаар нь урсгахын төлөө үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Бидний өвөг дээдэс амиа өгч, цусаа урсгаж бидэнд өвлүүлж өгсөн нутаг орон. Бидний өвөг дээдэс гол ус, булаг шанддаа сүү болсон шанага дүрчих вий гэж үр хүүхэд, хойч үедээ захиж хүмүүжүүлж ирсэн. Өнөөдөр бидний нутаг орон, гол ус, булаг шанд минь ямар болж, юу урсаад байгаа нь мэдэгдэхгүй улаанаараа эргэлдэж байна. 

Монгол Улсын малчин ард түмэн хойч үе, үр удамдаа цөлмүүлсэн боргоцой шиг, цөмүүлсэн нутаг орон үлдээхийг хүсээгүй. Ер нь хүсэх ч үгүй. Монголын ард түмэн олон зуун жил малаа маллаж, малынхаа ач буянаар эрүүл саруул сайхан амьдарч ирсэн түүхтэй. 

Миний хувьд энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор үертэй голоор унаж тусан байж, сумаасаа унаанд дайгдаж, Улаанбаатар хот орж ирж хэвлэлийн хурал хийж байгаа байдлыг нь танилцуулсан. Дараа нь Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Хоёр ч удаа уул уурхайн компанийг зогсоосон. Дараа нь аймгийн мэргэжлийн хяналт, аймгийн Засаг даргад хандсан, хамгийн сүүлд нь Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан боловч алтны компаниуд нь үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоо миний хувьд Монгол Улсын шүүхэд л найдаж байна. 

Энэ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр шүүхийн маргаануудыг эхлүүлсэн явж байгаа. Монгол Улсын шүүх Байдрагийн гол дагасан таван сумын нийт ард иргэдийг хортой ус ууж, хүн малтайгаа өвчинд шаналж яваг гэж шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байгаа. Иргэдийнхээ эрх ашгийг бодно гэж найдаж байна.

Монголын ард түмэнд анхнаасаа алтыг дээдэлж яваагүй, харин уул ус, нутаг орноо тахин шүтэж ирсэн түүхтэй. Монголын шүүх Монголын ард түмэнд шударга үнэн дийлдэг гэдгийг харуулах цаг болсон гэж бид найдаж байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн "Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" ТББ-аас хэвлэлийн хурлын дараа холбогдох албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлж байгаагаа илэрхийллээ. Үүнд:
  1. Ажлын хэсэг томилон дээрх зөрчлийг шалгасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү шалгалтын ажлаа үр дүнтэй болгож, дахин ийм зөрчил гаргуулахгүй байх талаар дорвитой арга хэмжээг авч өгөхийг хүсэж, албан бичиг хүргүүлж байна.
  2. Мэргэжлийн хяналт болон Байгаль орчны улсын байцаагч нарын зүгээс зөрчлийг нь тогтоогоод зогсоогоод байхад хүчээр ажиллаад байгаа уурхайн компанийн удирдлагууд, тэдгээр компанийг ажиллах нөхцөлөөр хангаад байгаа албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж өгөхийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав нараас хүсэж, албан бичиг хүргүүлж байна.