Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сарнай: Найман настай хүүхэдтэй, өрх толгойлсон хараагүй ээжид төр засаг туслаасай

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Холун хатны үр сад” ТББ-аас хараагүй эмэгтэйн нийгмийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны гишүүн н.Сарантуяа "Өнөөдрийн байдлаар би орон гэргүй. Найман настай хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй.

Би Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны дэргэдэх 90 айлын орон сууцад амьдардаг байсан. Нэг жилийн турш тэнд амьдарсан. Энэхүү байр нь Монголын Хараагүйчүүдийн холбооны сургалт хөдөлмөрийн төвийн ажилчдын нэр дээр баригдсан. Ингээд 40-50 гишүүнийг квотоор шалгаруулж би болзол хангаж, тэнцээд тэр байранд орсон байсан. Гэхдээ одоо үндэслэлгүй шалтгаанаар байрнаасаа хөөгдчихсөн байна. 

Байранд орохоос өмнө би монгол гэрт амьдардаг байсан. Монгол гэрээ зараад орон сууцанд орсон боловч одоо хилс хэрэгт гүтгэгдээд байргүй болчихсон байна" гэв.

"Холун Хатны Үрс" Буяны сангийн захирал А.Сарнай "Энэ бүсгүйн талаар бид 2 жилийн өмнө хэвлэлийн хурал хийж байсан. Хүүхэд нь дөрвөн настай байхад тохиолдлоор осолд орж хараагүй болсон. Хэсэг залуучууд тэр үед тусалж, хагалгаанд орж хагас хараа орсон. Харамсалтай нь, хагалгаа нь хэсэг зуур л үйлчилж, одоо харааны чадвараа эргээд алдсан. 

Мөн Хараагүйчүүдийн холбооноос байр өгчхөөд буцаагаад авчихсан. Анх байр өгөхдөө хоёр айлын дунд нэг байр өгөх үүднээс 750,000 төгрөг өгөх шаардлагатай байсан учраас амьдарч байсан гэрээ зараад байрандаа өгчихсөн юм.

Одоо байрнаасаа гараад миний мэдэж буйгаар 10 гаруй хоног гадуур хоноглож байгаа. Тийм учраас төр засгийг иргэддээ анхаарал хандуулж, өөрийгөө хамгаалах чадваргүй ганц бие ээжид туслаасай гэж энэхүү хэвлэлийн хурлыг хийлээ" хэмээн ярив.