Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Монгол Улсаас БНХАУ руу 1,500 километр үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам татна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

-Владивосток хотоос iKon.mn сайтын сэтгүүлч Г.Номин мэдээлж байна-

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон, үг хэллээ.

Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлийг хүргэж байна.

  • Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар болж байна. 
  • Хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид хамрагдах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.
  • Хятадын Чиндао хотноо ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нартай хоёр болон гурван талын уулзалт хийж, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзлээ нотолсон.
  • ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг нь Монгол Улсын хувьд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн интеграцид хамрагдах нэн чухал гарц, боломж юм.
  • Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, мөн хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөсөн.
  • Монгол Улсын Их Хурал 2010 онд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна.
  • Энэ оны зургаадугаар сард ОХУ-тай "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр  байгуулсан нь маш том алхам болсон.
  • “Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг байгуулаад байна.
  • Монгол Улсыг далайд гарах гарцыг нээсэн чухал гэрээ хэлэлцээрийг байгуулж дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В. В. Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нарт талархал илэрхийлье.
  • Монгол Улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон.
  • Улс төрийн харилцааны өндөр түвшинг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа.
  • ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна.
  • Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин танд талархаж байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход бэлэн.
  • Манай улс түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудтайгаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг 2015 онд байгуулсан бол Бүгд Найрамдах Солонгос Улстай мөн ийм хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг дуусгаад байна.
  • Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэслэлийг хамтран судлахаар ярилцаж байна.
  • Монгол Улсын эдийн засгийн уналт зогсож, өсөлт тогтворжиж байна. ДНБ-ний өсөлт 2017 онд 5.3, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрсэн. 
  • Монгол Улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ индрээс нотлохыг хүсэж байна.
  • Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол болон Нэгдсэн Үндэстний Байгууллага зэрэг улс, байгууллагууд бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар сүүлийн жилүүдэд ярилцаж, тус бүрдээ судалгаа тооцоолол хийж, хамтарсан хурал зөвлөгөөнүүд хийсээр ирлээ.
  • Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.
  • Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс-Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5,350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1,500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.
  • Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой.
  • “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг бүхий бүс нутгийн оролцогч зургаан орон болох Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд болон Умард Солонгос улсуудын зохистой оролцоог хангасан байгууллага байгуулах нь зүйтэй.
  • Бид энэ байгууллагыг Монгол Улсад байгуулан дэмжин ажиллахад бэлэн байна. Байгууллага яаралтай байгуулах үүднээс оролцогч талуудын хамтарсан Ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулах саналыг дэвшүүлж байна.
  • Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграци болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.
  • Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна. 
 
 
 
 

Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён  нар үг хэлж, чуулганы чиглүүлэгчийн асуултад хариулт өгч байна.