Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, хүйтэн зэвсэг хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол АЖЛААС ХАЛНА"

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргалаа.

Төрийн байгууллага, тэр дундаа төрийн албан хаагчдын сахилга хариуцлага сүүлийн 10-аад жилд үндсэндээ маш их алдагдсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчилэн баталсан нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Мөн Засгийн газраас НҮБ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран "Иргэн төвтэй мэргэшсэн төрийн албаг бэхжүүлэх нь" гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 47 журмыг шинэчилж, үнэхээр мэргэшсэн, мэдлэгтэй чадвартай хүнийг сонгон шалгаруулж төрийн албанд ажиллуулна. 

Төрийн албаны дунд шатныхан гэж их зантай, ярвагар, дугарч ядсан хүмүүс байна гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Бид ард иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч олон ажлууд зохион байгуулж байгаа. Тухайлбал, есдүгээр сард төрийн албан хаагчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, шинэчлэхээр бэлтгэж буй 47 журмаа хэлэлцүүлнэ. 

Төрийн байгууллагуудын дотоод дэг журмыг чангатгах шаардлагатайг сүүлийн үед гарсан хэрэг зөрчлүүд нотолж байна. Тиймээс цаашдаа үзлэг шалгалтыг сар бүр болон гэнэтийн байдлаар төрийн байгууллагуудад явуулж байхыг холбогдох албаныханд даалгалаа. 

Сая хийгдсэн шалгалтаар орлон гүйцэтгэгчдийн асуудлыг шийдэх, байгууллагын дотоод дэг журмыг чангатгах дараагийн Засгийн газрын хуралдаанд гадаад, дотоод томилолтуудын мэдээллийг нарийвчлан шалгаж оруулж ирэх даалгаварыг өглөө.

Мөн төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож байгаа. Нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар боллоо.

Үүний хэрэгжилт үлгэр жишээ болж Төрийн ордноос эхэлнэ" хэмээн хэллээ.

Яам тус бүр дээр 2-23 түр орлон гүйцэтгэгч, 1-12 үүрэг гүйцэтгэгч ажиллаж байна

Дараа нь ЗГХЭГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Төрийн байгууллагын албан тасалгаанаас архи, согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодисууд илэрсэн зөрчил илэрсэн байна. Аль аль байгууллагаас ямар зөрчил илэрснийг тодруулж хэлбэл?

- Соёл урлагийн газраас салют, УУХҮЯ-наас бензин илэрсэн. Салют нь тэсэрч дэлбэрэх аюултай бодисын тоонд орж байгаа. Бензины хувьд шинжилгээнд өгөхөөр хадгалж байсан гэсэн тайлбар өгсөн. 

ЗГХЭГ-аас шалгалт явсны дараа дахин Төрийн тусгай хамгаалалтын газраас үзлэг шалгалт явуулсан. Хоёр шалгалтын явцад ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэж байсан зөрчил илрээгүй. Харин зарим байгууллагын албан тасалгаанаас архи согтууруулах ундаа илэрсэн.

- Төрийн тусгай хамгаалалтай байруудад архи согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис гэх мэт дээр дурдсан хориглосон зүйлүүдийг оруулж болдог юм уу?

- Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд архи хадгалсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй. Эздийнх нь зүгээс "бэлэг дурсгал, хөдөө явах гээд бэлдсэн" гэх шалтаг, тайлбаруудыг өгсөн байна.

Харин өнөөдөр гарч байгаа Засгийн газрын тогтоолын хүрээнд төрийн албан байранд хориглосон зүйлсийг нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах эрх зүйн боломжтой болсон.

- Түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юу?

- Шалгалтын явцад яам тус бүр дээр 2-23 түр орлон гүйцэтгэгч, 1-12 үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа нь тогтоогдлоо. Есдүгээр сарын 20-ны дотор сонгон шалгаруулалт зарлаж уг асуудлыг шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасан. Зарим яам тухайлбал, БСШУСЯ-ны Төрийн нарын бичгийн даргын албан тушаалд холбогдох хэрэг шүүхээр явж байгаа учраас ТНБД-ын томилох ёстой бүх албан тушаалтнууд үүрэг гүйцэтгэгчээр явж байна. Энэ асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэнэ.