Тонга улсын ерөнхий сайд Номхон далайн бусад арал улсуудын удирдагчдыг нэг жилийн хугацаатай жин хасах өрсөлдөөнд дууджээ.
Тэрээр энэ алхмаараа өөрийн улсын иргэдийн дунд жингийн илүүдлээс салах хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байгаа юм.
Ерөнхий сайд Акилиси Похива ирэх сард Науру улсад болох Номхон Далайн Чуулганд оролцохдоо бусад орнуудын удирдагчдад өрсөлдөөний урилгаа гардуулах юм байна.
“Бид бүгд жин хасах өрсөлдөөнд нэг жилийн турш оролцож, жилийн дараа уулзахдаа хэн нь хэдэн килограм хассаныг харах юм” гэж тэр орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Номхон далайн орнуудын хүүхдүүдийн дунд таргалалт түгээмэл байгаа нь санаа зовоосон үзүүлэлт гэдгийг тэр хэлж байна.
“Номхон Далайн арлуудын удирдагчид уулзах бүртээ энэ асуудлыг ярьдаг ч ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Удирдагчдыг нь харахад л яагаад үр дүн гарахгүй байгааг ойлгож болох байх. Хэрвээ тэд өөрсдөөсөө эхэлбэл иргэд ч дагана гэж бодож байна” хэмээн Похива ярьжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор Номхон далайн 10 орны хүн амын 50-аас дээш хувь, заримд нь бүр 90 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа юм.
CIA World Factbook-ийн тодорхойлсноор насанд хүрэгчдийн таргалалтаар 2016 онд дэлхийд эхний 10 байрыг эдгээр орнууд эзэлсэн байна.
Науру улс жагсаалтыг тэргүүлж, насанд хүрэгсдийн 61 хувь нь таргалалттай буюу BMI (Body Mass Index) үзүүлэлт нь 30 ба түүнээс дээш байжээ.
Науругаас гадна Күүкийн арлууд, Палау, Маршаллын арлууд, Тувалу, Ниу улсуудад мөн 50-аас дээш хувь нь тарган байгаа юм.
Тэдний араас насанд хүрэгчдийн таргалалт 48.2 хувьтай Тонга удаалж байгаа. Номхон далайн орнуудын иргэдийн уламжлалт тэжээллэг хоол хүнс, импортын хагас, бэлэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн тэдний таргалалтын гол шалтгаан гэгддэг.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!