Коллаж буюу хайчилбараар эвлүүлэг хийдэг урлагийн нэгэн төрөл байдаг талаар та сонсож байсан уу?
Багаасаа л хайчилбар хийх дуртай байсан төдийгүй түүнийгээ өдгөө урлаг болтол нь хөгжүүлж чадсан Японы поп артист Йо Нагао Монголд ирээд байна.
Тэрбээр энэ сарын 11-нд “Нүүдлийн зурган өгүүлэмж” сантай хамтран урлагт хайртай Монгол залууст өөрийн уран бүтээлээ үзүүлж сонирхуулах төдийгүй коллаж урлагийн талаар үнэ төлбөргүй сургалт явуулахаар төлөвлөжээ.
Тус сургалт Бизнес Тауэрын 19 давхарт байрлах "Start-up Marketing Space" төвд 13:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх аж.
Ингээд та бүхэнд Японы поп артист Йо Нагаотай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
- Та хайчилбараар эвлүүлэг хийх болоод хэр удаж байгаа вэ. Яагаад энэ чиглэлээр уран бүтээл туурвих болов?
- Би багаасаа Японы түүхээс эхлээд манга, анимег үзэж, дурлаж өссөн. Мөн манай ах манга зурдаг байсан юм. Би өөрийгөө хэзээ ч ах шигээ гоё зурж чадахгүй гэдгээ мэддэг байсан. Хэдийгээр мангад дуртай байсан зурах биш, арай өөр аргаар тиймэрхүү, тэрнээс ч илүү уран бүтээл хийхийг эрж хайж эхэлсэн. Багаасаа хайчилж, наах гэх мэт гар ажиллагаа шаардсан зүйлд дуртай байсан болохоор энэ чиглэлээр уран бүтээл хийх санаа төрсөн. Ингээд энэ чиглэлээр бүтээл туурвих болсон. Харин улс үндэстний онцлогтой хүмүүсийн талаар уран бүтээл хийгээд дөрвөн жил болж байна.
-Уран бүтээлээрээ ямар зүйлийг харуулахыг зорьдог вэ?
- Би урлагийн их сургуулийн график, дизайнерын анги төгссөн. График дизайны чиглэлээр ямар нэг бүтээл хийхэд захиалагчийн хүсэлтийн дагуу хийдэг бөгөөд уран бүтээл нь эцсийн дүндээ зөвхөн захиалагч буюу хэрэглэгчид л үлддэг. Харин уран бүтээлч хүний хувьд надад энэ нь тийм ч таатай санагдаагүй.
Түүнээс илүү ихийг хийхийн тулд тэмүүлж байсан. Багаасаа л өөрөө дурлаж, хийж ирсэн зүйлээ хөгжүүлэхийг хүсэж байсан тул дизайнерынхаа ажлыг орхиод Герман руу явахад хүрсэн. Учир нь зөвхөн урлагаар эх орондоо амьдрах амаргүй санагдсан.
Би аялах их дуртай. Тэр болгонд маш их урам зориг авдаг. Аялах явцдаа ажиглахад улс үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэр нь хэзээ ч давтагдашгүй, гайхалтай зүйл гэж би боддог. Харин би бүтээлээрээ тухайн олон үндэстний онцлогийг тусгаж өгдөг. Үндэстнүүдийг илэрхийлсэн бүтээл хийж, бүтээлээрээ дамжуулан хүмүүстэй холбогдох хүсэлтэй. Одоо ч гэсэн хурдан гэртээ очоод Монголтой холбогдсон ажлаа хийхийг хүсэж байна.
-Уран бүтээл хийхдээ баримталдаг зарчим тань юу вэ?
-Би тухайн олон үндэстнүүдийн зургийг нь аваад сэтгүүлээс, эсвэл даавууны жижиг хэсгүүдийг ашиглан зурж, нааж хийдэг.
Тухайлбал, загварын сэтгүүл, торго мэтийг ашиглан хүний зурган дээр хувцаснуудыг нь бүгдийг гар аргаар наадаг. Олон өнгөнөөс гадна маш их материалаар бүтээлээ урладаг.
Миний бүтээлүүд хүмүүст орчин үеийн шинж чанартай мэт сэтгэгдэл төрүүлдэг ч яг сайн анзаараад харвал тухайн өгүүлж буй зүйлийнхээ онцлогийг шингээж өгсөн байдаг. Мөн танил дотно мэдрэмжийг төрүүлэхүйц байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн нэг үндэстний онцлогийг шингээдэг учир дотно мэдрэмж төрүүлж чадаж байвал би их баяртай байх болно.
-Таны бүтээлүүдийг харахад өнгөний сонголт нь их гоё, тод юм.
- Дэлхий өнгөөр маш баялаг. Тиймээс ийм олон гайхалтай өнгө байдаг гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хичээдэг.
Түүнчлэн хүн төрөлхтөн гэдэг маш олон өнгийг ялгаж харах чадвартайгаас гадна тэдгээр олон төрлийн өнгөнөөс сайхан мэдрэмж авдаг гэж би боддог.
Африк явж ирээд хийсэн хоёр бүтээлд маань зөвхөн цэнхэр, улаан гэсэн хоёр өнгө зонхилсон байгаа. Учир нь миний очсон Африкийн тэр омгийн эр хүн заавал биендээ хөх өнгийн хувцас өмсдөг бол эмэгтэй нь улаан өнгийн хувцас өмсдөг уламжлалтай байсан. Тэр бол тухайн овгийн онцлог нь юм.
Хөх болоод улаан өнгөний онцлогийг тэр омгийн хүмүүсээс маш их мэдэрсэн учраас өнгийг нь сайн шингээж өгөхийг эрмэлзсэн.
Гэхдээ тухайн уран бүтээлд хөх, улаан өнгөөр хийсэн бүх материал нь орчин үеийн шинжтэй. Би тэр хүмүүсийн уламжлалт онцлогийг орчин үетэй холбохыг хичээсэн юм.
-Энэ хугацаанд танд тулгамдаж байсан бэрхшээл бий юү?
-Надад уран бүтээлээ хийхэд тулгардаг хамгийн түвэгтэй зүйл гэвэл хайчлахад маш их цаг зарцуулагддаг.
Нэг бүтээл хийхэд түүний хэмжээнээс хамаараад хоёр сар орчим болдог. Дөрвөн жилийн хугацаанд том хэмжээний бүтээл 15-ыг л хийсэн. Харин жижиг бүтээлүүд бол зөндөө байгаа. Гэхдээ би өөрөө энэ ажилдаа дуртай учраас хэцүү санагддаггүй.
-Та шинээр бүтээл хийх сэдэл санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Би эртний үеэс одоог хүртэл бүх л зүйлийг сонирхдог. Ялангуяа, эртний хүмүүсийн хувцас, хөдөлгөөн, улс үндэстний соёлоос гадна анимейшн, мангагаас шинэ санаагаа авдаг.
Тухайлбал, Монголын манга уран бүтээл болох Бумбардайгаас ч гэсэн ээж, хүү хоёрын ариун нандин холбоог маш их мэдэрсэн. Монголын манга зохиол дээр гарах тэр эх үрийн холбоо бол дэлхийн хүмүүсээс илүү онцлогтой байсан нь надад гүн сэтгэгдэл төрүүлж, би монголчуудын талаар илүү их онцлог мэдрэмж өгсөн.
Уран бүтээлч хүнийхээ хувьд бүтээлээс бүтээлийн хооронд маш их хөгжил, дэвшлийг мэдэрдэг учраас хамгийн сүүлд хийсэн бүтээлдээ хамгийн дуртай. Шинээр ямар нэг бүтээл хийхэд өмнөхөөсөө илүү дэвшил авчирдаг.
-Өмнө нь Та Монголд ирж байсан уу. Яагаад Монголыг сонирхох болсон бэ?
-Би Европын орнуудаар их аялсан. Гэхдээ дахин давтагдашгүй, арвин баялаг түүх, соёлтой ард түмэнтэй газар очихыг хүсэж энд ирсэн.
Эхлээд би Монголын наадам болох гэж байгааг сонсоод их сонирхож эхлэсэн. Мөн дээр дурдсанчлан Монголын мангаг үзээд энэ оронд ирэхийг улам их хүссэн.
Ингээд орчин үед амьдарч байгаа хэрнээ уламжлалт соёлоо цогцоор нь тээж яваа ард түмнийг наадмаас хараад маш их бахархсан. Нүүдлийн соёл ингэж бүрэн хэмжээнд хадгалагдан бүрэлдсэн газар Монголоос өөр байхгүй.
-Энэ сарын 11-нд болох үйл ажиллагааны тань зорилго юу вэ?
- Коллаж гэдэг Франц үгнээс гаралтай, утга учиргүй зүйлсийг холиод нааж хийдэг урлагийн төрөл байдаг. Би дээд тал нь 20 хүнд сургалтаа явуулна гэж бодож байна.
Утгагүй зүйлээс утга гардаг. Энэ анхан шатны сургалт болох учир хүмүүсд утгагүй зүйл гэж байхгүй гэдгийг ойлгуулахыг хичээнэ. Сургалтанд ирсэн хүмүүстээ гоё сайхан зурж чадахгүй ч сайхан бүтээл хийж болдог гэдгийг мэдрүүлэхийг зорьж байна.
Хамгийн гол нь уран бүтээл хийх чадвар, техникээс илүү гоё зохиомжийг мэдэрч, олж харах нь илүү чухал.
- Та өмнө нь бие дааж үзэсгэлэн гаргаж байсан уу? Мөн өмнө нь хичнээн хүнд сургалт явуулж байсан бэ?
-Би өмнө нь Герман, Спани, Мексик, Африк гэх мэт улсуудад сургалт явуулж байсан. Нийт 100 гаруй хүн хамрагдсан.
Мөн бие дааж таван удаа, өөр хүмүүстэй нийлээд 10 гаруй удаа үзэсгэлэн гаргаж байсан. Цаашдаа Монголд ч үзэсгэлэн гаргаж сонирхуулах ч бодол байна.
-Сургалтандаа хамруулах хүмүүсээ хэрхэн сонгож авах вэ?
-Сургалт үнэ төлбөргүй явагдана. Гол бүртгэл нь дизайн хийх сонирхолтой, урлагт дуртай хүмүүсийг хамруулж, шалгаруулж авна. Сургалтанд маань хамрагдах хүсэлтэй хүмүүс Бумбардайн пэйжрүү, өөрийн танилцуулга, сургалтанд суух хүсэлтийг явуулаарай. Мөн өөрийн бүтээсэн бүтээлийг явуулбал давуу тал болно. Нэн түрүүнд миний хийсэн бүтээлүүдийг үзээд үүнийг мөн хийж сурах хүсэл төрсөн байх ёстой. Бүртгүүлсэн хүмүүсээс шалгарсан 20 хүнд л хариуг эргэн мэдэгдэх болно.
Харин сургалтанд ирэх хүмүүст зохиомжилж болохоор зүйлс хэрэгтэй. Мөн загварын сэтгүүл, ватум цаас, хайч, цавуу гэх мэт гар доорх материал авчрах хэрэгтэй.
-Монголын талаар та яг ямар уран бүтээл хийх сонирхол төрж байна вэ?
-Өнөөдөр би хөдөө яваад ирэхээр илүү урам зориг авч, санаанууд бодитоор төрөх байх. Монголчууд бол байгальтайгаа илүү ойр харилцаатай амьдардаг хүмүүс. Одоо би тэнгэрийг ааваар төсөөлж, уулыг ээжээр төсөөлөн хийнэ гэж бодож байна.
-Таны цаашдын төлөвлөгөө ?
-Арваннэгдүгээр сард би Нью-Йорк хотод үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Түүнд гарах бүтээлүүдээ яаралтай хийж хээгтэй байгаа. Түүнээс гадна хурдхан хариад Монголын тухай нэг бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.
Би өнөөг хүртэл хавтгай дээр нааж бүтээл хийлээ. Цаашдаа биетээр бүтээлүүд хийх бодолтой байгаа.
-Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье! Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!