Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ээлжит шийдвэрээ өчигдөр гаргав. Өнгөрсөн сард төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулах , шийдвэр гарсан.
“Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг тус компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болж, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгасан юм. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхийг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-д зөвшөөрсөн байна.
“Эрдэнэс-Тавантолгой" компани төмөр замын төсөлд 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд нийт 790 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарчээ. Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдэхээр төсөөлсөн байна. Тус компани 2011 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээ хийн 350 сая ам.долларыг хүүтэй зээлж байсан удаатай.
Гэвч сонгуулийн амлалтын дагуу 350 сая ам.доллараа иргэдэд тарааснаар үр ашиггүй дууссан гашуун түүх бий. Энэ гэрээний дагуу өнөөдөр ч “Чалко”-д нүүрс нийлүүлж байгаа юм. Харин энэ удаагийн нүүрс нийлүүлэх гэрээгээр төмөр замын төслөө эрчимжүүлэх хөрөнгө оруулалт татах болсон нь үр дүнтэй хөрөнгө оруулалт болохоор төсөөлөл бий болголоо.
Өөрөөр хэлбэл, нүүрсээ барьцаалж зээлсэн мөнгөө тараагаад өнгөрөх бус Тавантолгойн ордын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Түүнчлэн төрийн мэдлийн 51-ээс гадна үлдэх хувьд орох хөрөнгө оруулагчдыг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурдсанаар 49 хувьд хөрөнгө оруулах компанид урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр-хийх боломжтой гадаадын хуулийн этгээд байх шаардлага тавьж байгаа аж. Энэ шаардлагын дагуу “Энержи ресурс” тэргүүтэй дотоодын компаниуд төсөлд оролцох боломжгүй болж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт өртөг болох нэг тэрбум ам.долларын 49 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх чадвартай, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой зэрэг өндөр босго тогтоожээ. Тавантолгой орд бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй баялаг.
Энэ хэмжээний босго тогтоохоос гадна олон улсын стандарт нэвтрүүлж чадах нэр хүндтэй, нүүрс тээвэрлэх борлуулах туршлагатай компанийг хөрөнгө оруулагчаар сонгох нь зүйн хэрэг. Тиймээ^, Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж эхэлсэн 20 жилийн тэртээгээс дэлхийн уул уурхайн акулууд энэ ордын баялгийг тээвэрлэх гол гарц болох төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн байдаг. Тэдгээрээс хамгийн олон удаа хөрөнгө оруулахаар яригдаж байсан нь БНХАУ-ын төрийн мэдлийн "Чайна Шенхуа энержи” групп.
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахалж энэ асуудал яригдаж байсан бөгөөд тухайн үед Хятадаас олгох хөнгөлөлттэй зээлийн 400 сая ам.долларыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан байдаг.
Тухайн үеийн ажлын хэсгийнхэн “Шенхуа”, Японы “Сумитома” тэргүүтэй хөрөнгө оруулагчидтай Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн 49 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа”, 51 хувийг “Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр ярилцаж байсан юм. Одоо ч энэ чиглэлийн дагуу “Шенхуа"-тай хэлэлцээ хийж буй талаар мэдээлэл байгаа юм.
Уул уурхай, усан болон төмөр замын тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Шенхуа” группийн нийт зах зээлийн үнэлгээ 2016 оны эцсийн байдлаар 44.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ. Тус компани Хятадын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, тээвэрлэгч төдийгүй дэлхийн эрчим хүчний зах зээл дээрх хоёр дахь том тоглогч. Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа бол тус компани дангаараа 2016 онд 289.8 сая тонн нүүрс олборлож, төмөр замын компаниараа 244.6 тэрбумыг тээвэрлэсэн гэх тоо мэдээлэл нийтэлжээ.
Зөвхөн төмөр замын салбарыг нь авч үзэхэд, БНХАУ-ын нүүрс тээврийн гол суваг болох 2,155 км урттай төмөр замыг удирддаг. Нүүрс олборлон тээвэрлэж, худалдахаас гадна гүн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэж далайн боомт, төмөр зам .эзэмших замаар дэлхийн эрчим хүчний гол тоглогч болох зорилт тавин ажиллаж байгаа аж. “Чайна Шенхуа энержи” групп нүүрсний 16, эрчим хүчний 33, төмөр замын найм, усан замын гурван боомт, тээвэрлэлтийн чиглэлийн нэг гээд нийт 60 гаруй салбар компаниар дамжуулан Хятадын 29 муж болон Австрали, Индонези, Орос, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аварга компани юм.
Үүнээс харахад, 13 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэх эдийн засагтай Монгол улсыг өлхөн залгичих цар хүрээтэй компани боловч дэлхийн гол тоглогчийн хувиар хамтран ажиллаж чадвал өгөх өгөөж нь Эрдэнэт, Оюутолгойтой дүйх хэмжээний байж таарна. Ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар дамжуулан“Чайна Шенхуа энержи”-гийн аварга сүлжээг ашиглаж чадвал, Хятадын урд нутгуудаас гадна гуравдагч зах зээл ч ойрхон байж мэднэ.
Ингэснээр манайхны 30 сая тонн нүүрс экспортод гаргах ойрын зорилт биелэхэд асуудалгүй биз. Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO амжилттай болж, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэн жинхэнэ баялгийн эзэд болох ч боломжтой. Гэхдээ Хятад төдийгүй дэлхийн нүүрсний зах зээл дээр “Чайна Шенхуа энержи"-гээс гадна олон том тоглогч бий.
Засгийн газраас 2008 онд Ухаа худгаас Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвч Засгийн газар 2010 онд 283 дугаар тогтоол гаргаж, “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д шилжүүлсэн. Уг тогтоолоор төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид өгчээ.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулах зөвшөөрөл олгосон байна. Тухайн үед “Энержи ресурс” компани 2015 онд ашиглалтад оруулан 19 жилийн дараа буюу 2034 онд төрд шилжүүлэн хүлээлгэн өгөхөөр гэрээлж байсан аж. Мөн ондоо Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж, “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм.
Улмаар Тавантолгойн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани цааш үргэлжлүүлсэн нь өнөөх “Төмөр замын” гэгдэх хэрэг үүсэхэд хүргэсэн. “Монголын төмөр зам” компани 2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан. Түүнээс хойш энэ төмөр замын төсөл зогссон бөгөөд салбарын сайдын мэдээлснээр өмнө нь хийгдсэн замын даланд багагүй эвдрэл үүсээд байгаа гэсэн.
Тавантолгойн төмөр замын барьж байгуулах асуудлаар өнгөрсөн хугацаанд ийм шийдвэрүүд гарч байсан бөгөөд нийгэмд хамгийн дуулиан дэгдээсэн нь царигийн ергөн нарийны асуудал. УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1,455 мм-ийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, зургаан жилийн хэрүүлд цэг тавьсан юм.
Энэ тогтоол одоо ч хүчинтэй бөгөөд Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУ-ын нарийн царигтай нийлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!