Саяхан Apple компанийн зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар хүрсэн нь АНУ-ын түүхэнд анхны тохиолдол юм. 2007 онд Хятадын төрийн өмчит PetroChina компанийн үнэлгээ хэдхэн цагийн хугацаанд нэг их наяд хүрээд буусныг эс тооцвол дэлхийд анхны тохиолдол гэж бас болно.
Тэгвэл их наяд буюу англи хэлээр “trillion” гэдэг нь хэр их тоо вэ?
Товчхон хэлбэл энэ бол сая ширхэг сая гэсэн үг. Эсвэл мянган ширхэг тэрбум гэж бас болно.
Ийм хэмжээний ам.долларыг бэлнээр бүрдүүлэх боломж байхгүй. Учир нь АНУ-ын зах зээлд бэлнээр нэг их наяд гаруйхан доллар эргэлдэж байдаг.
Өөр өнцгөөс харвал манай дэлхий дээр нэг их наяд тоотой амьд биет оршдог гэсэн багцаа бий. Энэ бүх амьтан ургамалд Apple компани тус бүр нэг доллар тарааж чадна гэсэн үг.
Гэхдээ ийм хэмжээний нэгтийн дэвсгэртийг тоолохын тулд Apple-ийн босс Тим Күкэд ойролцоогоор 31,546 жил хэрэгтэй гэнэ.
Хэрвээ тэрбум секундээр цаг хугацааг ухраавал та 1995 онд очиж чадна. Харин их наяд секунд ухарвал Нийтийн Тооллын өмнөх 30,000 оны орчимд очих юм.
Нэг их наяд ам.долларыг нэгтийн дэвсгэртээр бүрдүүлэхэд нэг дэвсгэрт 1 грамм жинтэй гэвэл нэг их наяд грамм болно. Энэ нь нэг сая тонн гэсэн үг юм.
Ойролцоогоор 630,000 ширхэг дундаж хэмжээтэй автомашин ийм жинтэй болно. Харин нэг машиныг $20,000 орчим гэж үнэлээд энэ мөнгөөр худалдаж авбал үүнээс 385 дахин олон машин авах юм.
Эх сурвалж: USA Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!