Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эхчүүдийн "аврал болсон" ХҮҮХДИЙН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВҮҮД

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ажил хөдөлмөр эрхэлдэг, эрхлэхийг хүсдэг эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ хэрхэн цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авах, хичээлийн өмнө, дараа хэн хүүхэд харах, зуны амралттай үед нь хэнээр хүүхдээ асруулах вэ гэдэг хамгийн том тулгамдсан асуудал болдог. 

Хүүхэд, багачуудаа хараа хяналтгүй орхисноос болж гэртээ үлдсэн эсвэл гадаа тоглож байгаад хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа явдал гарсаар байгаа харамсалтай мэдээг бид сонссоор буй. 

Тэгвэл тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг завгүй эцэг, эхчүүдэд өдөр өнжүүлэх төвүүд хамгийн эрэлттэй зүйл болоод удаж байна гэж хэлж болно.

Гэхдээ энэ асуудал зөвхөн бидэнд тулгамдаж буй, эсвэл зөвхөн манай улс оронд ажиглагдаж буй асуудал биш бөгөөд дэлхий даяарх айл өрх, эцэг, эхчүүдэд тулгардаг бэрхшээл юм. Харин тус асуудалд улс орны төр засгийн зүгээс эцэг, эхчүүдэд ямар дэмжлэг үзүүлж, бодлого гаргагчид болон нийгэм хэрхэн хүлээн авч буйгаараа ялгаатай санагдана.

Ямартай ч Монгол Улсад өнөөдөр хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж буй нь эцэг, эхчүүдэд томоохон дэмжлэг болдог. Мөн төрсөн эхэд төрөхөөс өмнөх ба дараас хоёр сарын цалин олгодог бол энэ жилээс цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж 3 хүртэл насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжид 50 мянган төгрөг олгож байгаа билээ. Үүнээс бусдыг эцэг, эхчүүд өөрсдөө хариуцах ёстой. 

Тэгвэл ХБНГУ-ын Нийслэл Берлин хотын захиргаа 0-6 насны хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийг бүх нийтээр нь үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулах шийдвэр хэдэн сарын өмнө гаргасан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс тус шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. 

Хүн амын нягтаршил ихтэй, нийт гурван сая давсан оршин суугчтай Берлин хотын засаг захиргааны хувьд хүүхдийн өдөр өнжүүлэх төв нь чухал асуудлуудын нэг байсаар ирсэн. 

2012 оноос хойш нийт 20,000 гаруй өдөр өнжүүлэх төв тогтмол үйл ажиллагаа явуулж, 2020 он гэхэд 30,000 болтлоо өснө гэсэн тооцоо гаргасан бол зөвхөн 2016 онд л гэхэд нийт 151,928 хүүхэд өдөр өнжүүлэх төвд элссэн нь өдөр өнжүүлэх төвүүдийн эрэлт өссөөр ирсэнг харуулж байна.

Өдөр өнжүүлэх төвүүд үнэ төлбөргүй ажиллахаар болсон ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг төлсөн хэвээр байх ба эцэг, эхчүүд жилийн эцэст өөрсдийн боломжоороо хандив өгч үйл ажиллагаанд нь хувь нэмэр оруулах боломжтой болсон байна.  Тус шийдвэр нь маш олон айл өрх, ялангуяа амьдралын бололцоо дутмаг эцэг, эхчүүдийн санхүүгийн томоохон ачааг хөнгөвчилж, дэмжлэг үзүүлж байгаа нь сайшаалтай. Берлин хотын захиргаа болон ард иргэд Германы бусад хотыг ч мөн Нийслэл хотоосоо үлгэр дурайлал авч, өөрсдийн хотдоо удахгүй хэрэгжүүлж эхэлнэ гэж найдаж байгаа аж.

Улсын ард иргэддээ хамгийн их халамж үзүүлж, анхаарал хандуулдаг улс болох Швед ч мөн хүүхдийн халамж, үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Ихэнх улс шинээр мэндэлсэн хүүхдийн зөвхөн ээжид нь хоёроос гурван жилийн хагас цалинтай амралт олгодог бол Швед Улс нь эцэг, эхэд хоёуланд нь дээд тал нь 480 өдрийн чөлөө олгодог ба үүний 390 өдөрт нь цалингийн 80 хувийг олгодгоороо давуу талтай. Үүнээс гадна эцэг, эхчүүдэд 12 хүртэлх насны хүүхэд нь өвдвөл жилд 120 хүртэлх өдрийн чөлөө авах боломж үзүүлдэг.

Мөн хэрэв хүүхдийн байнгын асран хүмүүжүүлэгч эмээ, өвөө нарын биеийн байдал тааруу эсвэл түр хугацаагаар харж, асрах боломжгүй болсон тохиолдолд ажлаас нь 60 өдрийн нөхөн олговор авах боломжтой гэх мэт эцэг, эх болон хүүхдүүдэд зориулсан маш олон төрлийн халамж үзүүлж, уян хатан бодлого явуулдгаараа Швед Улс эцэг, эх болоход хамгийн тохиромжтой улсаар нэрлэгдээд байна.

Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвийн хувьд Швед Улс нь 0-6 насны багачуудын өдөр өнжүүлэх төвийн өдрийн гурван цагийн төлбөрийг Засгийн Газраас гаргаж төвүүдтэй нягт хамтран ажилладаг байна. Үүнээс харахад Герман болон Швед Улсууд нь сургуулийн бага ангийн насны хүүхдүүдийн хичээлээс гадуурх ихэнх цагаа өнгөрүүлдэг өдөр өнжүүлэх төвүүдэд ихээхэн анхаарал хандуулж байнгын тусламж дэмжлэг үзүүлж нягт ажилладаг аж. 

Харин манай улсын нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн өдөр өнжүүлэх төв ойролцоогоор 1,500 гарсан гэсэн албан бус тоо байдаг. Тэдгээрийн дундаж төлбөр нь байршлаасаа хамаарч сарын 150-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. 

Төвүүдэд хамрагдаж буй хүүхдүүд дунджаар 4-12 насны бөгөөд хичээлийн өмнө болон дараа хамрагддаг байна. Манай Улсын төр засгаас Герман, Швед Улсууд шиг өдөр өнжүүлэх төвүүдийг дэмжиж, хамтран ажиллах байтугай эдгээр төвүүдэд тусгай зөвшөөрөл олгож, нэг стандарт бүхий үйл ажиллагаатай болоход нь чиглүүлж, үйл ажиллагааг нь хянах ч газар байдаггүйг бид өмнө сурвалжилж хэд хэдэн төвүүдээр орж гарч байв. Одоо ч мөн энэ байдал хэвээр байгаа ажиглагдана.

Үйл ажиллагаа явуулж буй газруудын ихэнх нь орон сууцны хоёроос гурван өрөөг тохижуулж, иргэд хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг ба улсын цэцэрлэгийн багш нар ажлын бус цагаар ихэнхдээ ажилладаг гэжээ.

Стандарт тогтоож, зохицуулж, чиглүүлэх хараа хяналтгүй яваа эдгээр өдөр өнжүүлэх төвүүд нэгдэн “Монголын хүүхэд хөгжүүлэх холбоо”-г байгуулсан бөгөөд ажиллаж буй багш нарыг сургаж, чадамжийн гэрчилгээ олгох сургалтууд зохион байгуулж хичээж ажилладаг харагдана. Ингэж ажиллаж буй нь сайшаалтай ч сайны хажуугаар саар гэгчээр ашиг хонжоо бодсон, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүүхдийг сурган хүмүүжүүлж хөгжүүлэх бус шаардлага хангаагүй газарт цаг нөхцөөсөн газрууд үйл ажиллагаа эрхэлж буйг ч үгүйсгэхгүй.

Эцэг, эхчүүдийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлж ажил тогтмол ажил хөдөлмөр эрхлэх суурь хэрэгцээг хангахын тулд улс орны ирээдүй болсон багачуудын сургууль, цэцэрлэгээс гаднах сурч боловсорч, хөгжих ихэнх цагаа өнгөрүүлдэг энэ чухал хэсэг болсон өдөр өнжүүлэх төвүүдэд анхаарал хандуулах цаг иржээ.

Хичээлийн шинэ жил ч ойртлоо. 

Герман, Швед зэрэг хөгжингүй оронтой нийгмийн халамж, үйлчилгээг харьцуулах нь утгагүй ч хүүхдийн төлөөх анхаарал халамж, санхүүжилт нь тухайн улсын нийт эдийн засгийн өсөлт, бүтээмжийг бий болгоход ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдэг дээр бид анхаарлаа хандуулж бодлогоо боловсруулж байх ёстой. Юу гэхээр хүүхдээ айх айдасгүй, санаа зовохгүйгээр үлдээх цэцэрлэг, сургууль, аюулгүй орчин, өндөр өнжүүлэхэд үлдээдэг эцэг, эхчүүд л тогтмол ажил хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж илүү байх нь ойлгомжтой.