2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
08:00
S29
-13°
09:00
S30
-14°
10:00
S26
-16°
11:00
S26
-17°
12:00
S26
-15°
13:00
S26
-14°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
19:00
S31
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өдөр өнжүүлэх төвүүдийг ХЯНАЛТ, СТАНДАРТТАЙ БОЛГОЁ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN

Ажил гээд цаг завгүй байдаг эцэг эхчүүдийн хувьд хамгийн эрэлттэй зүйл нь өдөр өнжүүлэх төв болжээ. Хаа сайгүй харагдах болсон энэ төвүүдийн үйл ажиллагаа, стандарт ямар байдаг талаар сурвалжиллаа.

Ихэнх төв орон сууцанд үйл ажиллагаагаа явуулдаг

Төвүүдийн үйл ажиллагаатай танилцахаар хамгийн эхэнд “Шинэ үе” өдөр өнжүүлэх төвийг зорилоо. Энэ төв нь гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 12 цаг өнгөрч байх үед очиход багш нь 10 орчим хүүхдийн хичээлийг давтуулж байв. Харин хажуугийн өрөөнд хэдэн хөвгүүн тоглож байв.

Тэдний хичээл 13:30-д эхлэх учраас цай бэлэн болох зуур амарч, тоглож байгаа нь энэ. “Сургууль нь ойрхон учраас 13:10 гээд гарахад амждаг юм. Хичээлдээ явахаас өмнө хүүхдүүд маань цайгаа ууна. Манайх өдрийн хоёр удаагийн хоол, нэг удаад хөнгөн цайлдаг” хэмээн тус төвийн захирал Б.Энхриймаа ярилаа.

Б.Энхриймаа гурван өрөө байраа өдөр өнжүүлэх төв болгон тохижуулсны хоёр өрөө нь хичээлийнх, нэг нь амралтын өрөө аж. Амралтын өрөөнд хүүхдүүдэд зориулсан тоглоом, үлгэрийн номууд өрөөтэй байв. 

Биднийг ийн ярилцаж, орчинтой танилцаж байх зуурт үдээс өмнөх ээлжийнхэн хичээлдээ явахад хэдийн бэлэн болсон тул багш нь сургуульд нь хүргэж өгөхөөр явлаа. 

“Шинэ үе” өдөр өнжүүлэх төвийн захирал Б.Энхриймаа “Өдөр өнжүүлэх төв бол хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчноор хангаж, гэртээ ганцаараа байх үеийн бүхий л эрсдэлээс хамгаалах, сургуульд нь хүргэж өгөх авах, гэрийн даалгаврыг нь хийлгүүлж, давтуулах чиг үүрэгтэй байгууллага. Мөн эцэг, эхчүүдэд ажлаа сэтгэл тайван хийх боломжийг олгодог.

Түүнчлэн ажлын байр бий болгоход ч хувь нэмрээ оруулдаг” хэмээн ярилаа. Тус төвийнхөн 1-5 дугаар ангийн хүүхдүүд хүлээж авдгаас ихэвчлэн 1-2 дугаар ангийн хүүхдүүд байдаг байна. 

Өдөрт хоёр ээлж авдгаас өглөөний ээлжид хамгийн эхний хүүхэд 06:50-д ирдэг бол хамгийн сүүлийн хүүхэд 20 цаг гээд гэр лүүгээ явдаг аж. Харин 20:00 цагаас хэтэрвэл цагийн нэмэгдлээр хардаг байна. 

Нэг ээлждээ багш 6-7 хүүхэдтэй ажилладаг байна. Энэхүү төвийг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад “Тусгай зөвшөөрөл байхгүй. Анх Боловсролын яам, Хүүхэд хөгжлийн төв дээр очиж зөвшөөрөл хаанаас авахыг судалсан боловч тийм эрхзүйн акт олгодог газар байхгүй, Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйгаа шалгуулаад бусдаар бол бичиг баримт байхгүй гэсэн” гэлээ.

Тиймээс эднийх жил бүрийн намар хичээлийн жил эхлэхээс өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгалт хийлгэж, хоолны дээжээ байнга шинжлүүлдэг байна. 

Мөн тэрбээр “Зарим нь өдөр өнжүүлэх төвийг их амархан юм шиг бодоод байдаг. Ашигтай ажилладаг бизнесийн байгууллага гэж санадаг шиг байгаа юм. Гэтэл энд хүүхдийн хөгжлийн хамгийн эхний суурь тавигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг онцолж байв.

Тус төвийн дараагаар “Оюунлаг” өдөр өнжүүлэх төвийг зорьсон юм. Энэ төв үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа аж. Ороход багш нь нэг хүүхдэд тооны даалгавраа хийхэд нь тусалж байв. Харин 10 гаруй хүүхэд амрангаа хүүхэлдэйн кино үзэх аж.

Төвийн үйл ажиллагааны талаар тодруулахад “Энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй ч сайн дураараа хүүхэд, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Манайх 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хүлээн авдаг” гэв.

Эднийх мөн орон сууцаа өдөр өнжүүлэх болгожээ. Хоёр өрөө байрны нэг өрөөг амралт чөлөөт цагийн, нөгөөг нь хичээлийн өрөө болгожээ. Ийнхүү өдөр өнжүүлэх төвүүд ихэвчлэн орон сууцанд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Завгүй гэр бүлийн сонголт нь өдөр өнжүүлэх

Өдөр өнжүүлэх төвийн талаар эцэг, эхчүүдээс тодруулахад тун эерэг сэтгэгдэлтэй байв. Улсын байгууллагад ажилладаг Х.Оюумаагийн охин өдөр өнжүүлэх төвд хоёр дахь жилдээ явж байгаа гэнэ.

“Улсын байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд хүүхдээ сургуульд зөөнө гэдэг хүндрэлтэй асуудал. Харин өдөр өнжүүлэх төвд өгснөөр олон асуудлыг шийдэгдсэнд баяртай байдаг” гэлээ.

Энэ мэт олон завгүй гэр бүлийн хувьд өдөр өнжүүлэх төвд хүүхдээ өгдөг байна. Ингэснээр олон эрсдэлээс хамгаалах боломж бүрддэг ажээ. Бага насны хүүхэд гэртээ ганцаараа үлдсэнээр болзошгүй олон аюул бий.

Харин өдөр өнжүүлэх төвд багшийн хараа хяналтад байснаар эцэг, эхчүүдэд санаа амар ажлаа хийх боломжтой болдог гэдгийг мөн тэрбээр онцолж байна. 

Мөн гэрийн даалгаврыг нь хийлгэж, ойлгохгүй хичээлийг нь заадаг учраас хичээлээс хоцрогдох асуудал гардаггүй ажээ. 

Ямар ч хяналт байхгүй...

Эн тэргүүнд эдгээр байгууллагыг ямар газар хариуцан тусгай зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг талаар тодруулахыг хүссэн юм. Голчлон нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг учир өдөр өнжүүлэх төвүүдийг Нийслэлийн боловсролын газар хариуцан ажилладаг болов уу хэмээн таамагласан боловч “Манайх хариуцдаггүй. Ямар газар хариуцдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Магадгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг байх. Тэндээс асуу” гэв.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жижүүр нь хэвлэл мэдээллийн ажилтан байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өглөө. 

Тусгай зөвшөөрөл олгох газар нь олддоггүй юм гэхэд стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгадаг байх учиртай газар нь мэргэжлийн хяналтын байгууллага.

Гэтэл энэ байгууллага ямар ч хяналт тавьдаггүй гэсэн хариулт хэлсэн нь ёстой л гайхшируулсан хэрэг болсон юм. Ийн хяналт, шалгалт хийдэггүй учир нь өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд тавьсан ямар нэгэн стандарт, шаардлага огт байхгүйтэй холбоотой аж. 

Тэгэхээр өдөр өнжүүлэх төвүүд улсаас ямар нэгэн тусгай зөвшөөрөл авдаггүй, хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болж таарах нь. Өөрөөр хэлбэл, дурын нэгэн иргэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулах боломж нээлттэй байгаа юм. 

П.Ганцэцэг: Монголд 1,500 гаруй өдөр өнжүүлэх бий

Өдөр өнжүүлэх төвүүд нэгдэн “Монголын хүүхэд хөгжүүлэх холбоо”-г байгуулжээ. Одоогоор 30 гаруй гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулдаг тус холбооны тэргүүн П.Ганцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай холбоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай холбоо нь өдөр өнжүүлэх төвүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн мэргэжлийн холбоо болох зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд төвүүдэд ажиллаж буй багш нарт чадамжийн гэрчилгээ олгох сургалт явуулдаг, сургуулиудад ойр орчимд нь үйл ажиллагаа явуулж буй чадамжийн сургалтад хамрагдсан, гишүүн өдөр өнжүүлэхийг санал болгох зэргээр үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг. 

-Монголд хэдэн өдөр өнжүүлэх төв ажиллаж байгаа вэ?

-Энэ оны 3-5 дугаар сард өдөр өнжүүлэх төвүүдийн судалгааг хийсэн. Ингэхэд зөвхөн гаднаа хаягтай өдөр өнжүүлэх гэхэд 1,500 гаруй байна. Үүнээс 30 нь манай холбооны гишүүн. 

-Судалгааны дүнгээр төвүүдэд гарч буй нийтлэг зөрчил юу байна вэ?

-Зарим өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зүйлс байна. Гэхдээ энэхүү зөрчил нь ихэвчлэн бага ангийн багш нарын өөрсдөө ажиллуулж буй өдөр өнжүүлэх төвүүдэд тохиолддог. Учир нь багш нар ажлын найман цагийн турш ажил буюу сургууль дээрээ байх ёстой болдог.

Гэтэл өдөр өнжүүлэх төв нээчихээр өөрсдөө тэндээ багшлах, хүүхдүүдтэй ажиллах боломж нь хязгаарлагдмал болдог учраас мэргэжлийн бус, хүмүүст хүүхдүүдийг даатгаж орхиж байна. Мөн зарим өдөр өнжүүлэх нь хүүхдийг маш их суулгадаг.

Өдөржин хичээл дээрээ сууж байгаа хүүхдүүдийг өдөр өнжүүлэхэд ч суулгаад байна. Гэтэл бага насны хүүхдүүдэд тоглох хэрэгцээ бий шүү дээ. Өдөржин хөдөлгөөнгүй сууснаар хүүхэд хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлтэй болно. 

-Өдөр өнжүүлэх төвийн эрхзүйн орчин ямар байдаг вэ?

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог газар гэж байдаггүй. Өдөр өнжүүлэхүүд ихэвчлэн сургалтын төв гэж харьяа дүүргийнхээ боловсролын хэлтсээс зөвшөөрөл авдаг байсан. Харин сүүлийн үед тийм зөвшөөрөл гаргахаа больсон гэсэн.

-Тавигдах шаардлага, стандартын талаар?

-Тоглоомын өрөөтэй байх, тогооч буюу хоол хийж буй хүн нь сар бүр эрүүл мэндийн үзлэгт орсон байх, эрүүл ахуйн дүрмүүдийг баримтлах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг Монгол Улсын хэмжээнд хүүхдийн байгууллага ямар стандартыг баримтлах ёстой бүгдийг баримтлан ажиллана. 

Хяналт, стандарт тогтооё 

Өдөр өнжүүлэх төвүүдэд ямар нэгэн тухайлсан стандарт байтугай хариуцах байгууллага ч байхгүй талаар дээр өгүүлсэн. Гэтэл нийслэл хотод 1,500 гаруй өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаагаа ямар нэг хяналтгүйгээр явуулж байна.

Ердөө хоёрхон жилийн өмнө албан бус тоон мэдээлэлд 300 гаруй өдөр өнжүүлэх төв бий гэжээ. Эцэг, эхчүүдийн завгүй байдал, хүүхдээ хөгжүүлэх, асран хамгаалуулах эрэлт хэрэгцээнд үндэслэн өдөр өнжүүлэх төвүүд борооны дараах мөөг шиг энд тэндгүй бий болсоор байна.

Наанадаж эдгээр төвд нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ, эрүүл ахуйн стандартуудыг тогтоох хэрэгтэй байна. Эс тэгвээс хэн нэгэн ашиг хонжоо хайсан хүн эрхзүйн орчин байхгүйг ашиглан өдөр өнжүүлэх төв нээж, хүүхдийг хохироох үзэгдэл гарах бүрэн боломжтой болжээ.

Шинээр хэрэгжүүлэх гэж буй ажил биш, нэгэнт дэлгэрсэн төвүүдийг хариуцах газар яагаад байхгүй байна вэ. Өдөр өнжүүлэх төвийг хэн хариуцах вэ. Ямар нэг асуудал гарлаа гэхэд хариуцлага тооцох ямар ч боломжгүй ийм л нөхцөл байдал бүрджээ. Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч энэ талаар анхаарах, зохицуулалтын асуудлыг ярих цаг хэдийн болжээ. 

x