Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Вэйсел Акчайг хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан хэн нэгнийг саатуулан шалгаагүй гэв

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эмпати сургуулиудын захирал Вэйсел Акчайг хулгайлсан гэх хэрэгтэй холбогдуулан Монгол дахь Туркийн Элчийн сайдын яаманд ажилладаг гурван монгол иргэнийг саатуулсан, тэдэнд хилийн хориг тогтоосон гэх мэдээлэл гараад байгаа билээ. 

Эдгээр мэдээлэл үнэн, эсэхийг албан эх сурвалжуудаас тодрууллаа.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтний хэлж буйгаар Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн мөрдөн шалгах хэлтэс болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна.  "Одоогийн байдлаар уг хэрэгтэй холбогдуулан хэн нэгэн иргэн, этгээдийг онцгойлон шалгаж, саатуулсан зүйл байхгүй. Ажлын хэсэг шалгалтаа үргэлжлүүлж байгаа" хэмээн хэллээ.

Дээр дурдсан гурван иргэнд хилийн хориг тогтоосон, эсэхийг Нийслэлийн Прокурорын газрын Олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахад "Тус хэрэг Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байгаа. Хэргийг шалгах явцад хяналт тавьж ажиллаж байгаа прокуророос мэдээллийн албанд мэдээ ирүүлээгүй байна. Тиймээс албан ёсны мэдээлэл надад алга" гэв.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт турк багшийг хулгайлах ажиллагаанд Туркийн элчин сайдын яаманд ажилладаг гурван монгол хүн мөн тагнуулын байгууллагын нэг бус хүнийг шалгаж байгаа талаар мэдээлжээ. 

Эмпати сургуулиудын захиралтай холбоотой энэ хэргээр Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2.1-т заасны дагуу хүнийг хулгайлах гэмт хэрэг, бүртгэлийг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Хуулийн заалт: 

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.