Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгонтуяа: Герман, Америк, Японы олон сургуулийн тэтгэлгийг судалсны эцэст хүссэн хариугаа авч чадсан

ikon.mn
2018 оны 7 сарын 6
Сурталчилгаа

Монголд төгсөгч байснаар олон улсын нэр хүндтэй байгууллагад ажиллах боломжгүй гэсэн өрөөсгөл бодлыг өөрчлөх нэгэн бүсгүйтэй ярилцсан  ярилцлагыг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна. Зарим хүмүүсийн хувьд мэргэжлээ сонгох амархан санагдаж болно. Гэхдээ таны өнөөдрийн сонголтын цаана ирээдүйн алдаа оноо, амжилт ололт нуугдаж байдаг. Гагцхүү та сонгосон мэргэжил, эзэмшсэн боловсролоо үр дүнтэй ашиглаж чадвал үнэмлэхүй амжилт таныг хүлээж байдаг гэдгийг батлах хуульч Д.Отгонтуяатай ярилцлаа. Түүнтэй мэргэжлийнх нь талаар болон олон улсын нэр хүндтэй байгууллагуудад ажилласан туршлага, мөн хэрхэн Англи улсын Ливерпулийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй магистрт суралцах болсон туршлага, ноу-хауаас хуваалцах болно. 


 

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Даваанямын Отгонтуяа гэдэг. Би 2008-2012 онд Шихихутуг их сургуулийн Бизнесийн эрх зүйн ангид суралцаж төгссөн. Одоо Андерсон энд Андерсон олон улсын хуулийн фирмд өмгөөлөгч, хуульчаар ажиллаж байна.

-Англи улсын их сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдсанд тань баяр хүргэе. Энэхүү боломжийг хэрхэн нээсэн талаараа уншигчдад маань сонирхуулаач

-Баярлалаа. Би 2012 онд сургуулиа төгссөнөөс хойш хуульчийн мэргэжлээрээ ажиллаад 5 гаруй жилийн хугацаа өнгөрсөн байна. Саяхнаас өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх цаг нь болсон гэж үзээд өнгөрсөн оны 11-р сараас эхлэн гадаадад суралцах тэтгэлэг судалж эхэлсэн юм. Англи улсын их сургуулиуд нь АНУ-ын сургуулиудыг бодвол хичээлүүд нь хэлэлцүүлэг хэлбэрээр түлхүү явагддаг, семинар нь багт хуваагдаж хамтран хичээллэх гэх мэт илүү оюутны оролцоо шаарддаг, судалгаа шинжилгээ их хийлгэж, практик талдаа мэргэшүүлдэг давуу талуудтай юм байна. Англи улсын Засгийн газрын тэтгэлгээс нь гадна 100 хувийн тэтгэлэг олгох сургуулиуд ховор юм билээ. Гэхдээ сайн хайж судалвал хэд хэдэн сургуулиуд 100 хувийн тэтгэлэг олгодог юм байна лээ. Миний хувьд тэтгэлгийн талаарх мэдээллүүдийг тогтмол нийтэлдэг вэб хуудсуудаар хайлт хийж олсон.

Надад олгогдсон тэтгэлэг бол Англи Улсын Ливерпуль хотын “Hodgson” гэх алдартай хуульчийн нэрэмжит хуулийн мастер болон докторын тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд тэрээр энэхүү тэтгэлгийг эхлүүлээд 11 жил болж байгаа юм байна. Энэхүү тэтгэлэгт суралцуулахаар жилд ганц л удаа зөвхөн 2-3 дотоодын болон гадаад орнуудаас оюутан сонгож авдаг юм байна. Энэхүү тэтгэлгийг олгож эхэлснээс хойш нийт 20 гаруй хүн тус тэтгэлэгт хамрагдаж, мастерийн болон докторын зэргээр Ливерпуль их сургуульд болон Ливерпуль Жон Морес их сургуульд хуулиар суралцсан бөгөөд миний хувьд Монгол Улсаас тус тэтгэлэгт хамрагдаж байгаа анхны хүн болсондоо туйлын баяртай байлаа.

Тус тэтгэлэгт элсэхийг хүсэгч нь өөрийн давуу чанар, сурах хүсэл зорилго, болон манлайлах чадвараа бүрэн илэрхийлсэн 2000 үгтэй эссэ бичдэг. Энэ тэтгэлэгт тухайн салбартаа тодорхой хугацаанд ажилласан туршлагатай, манлайлах чадвартай, нийгэмд өөрийн мэдлэг, чадвараар дамжуулан хувь нэмэр оруулах хүсэлтэй хүнд боломж илүү өндөр байдаг. Би эссэн дээрээ нилээн удаан хугацаанд төвлөрч ажилласан бөгөөд энэ жилийн 3-р сард материалаа илгээсэн. Сая 6-р сард тэтгэлэгт сонгогдсон гэдэг хариугаа авсан бөгөөд одоо 9 сард сурахаар Англи улсыг зорино.

-Тухайн эссэг бичихэд анхаарах зүйл нь юу байдаг вэ? Отгонтуяагийн хувьд юун дээр илүү анхаарч бичсэн бэ?

-Хамгийн гол зүйл нь чиний хүсэл эрмэлзэл, чи тухайн хөтөлбөрийг яагаад сонгосон, төгсөөд юу хийх вэ, гэдэг зорилго, хүсэл чинь тодорхой байх ёстой. Мөн ямар ч тэтгэлэгт өөрийгөө хамгийн сайнаар зөв илэрхийлэн сурталчлах чадвар чухал. Яагаад намайг сонгох ёстой болон яагаад энэ тэтгэлэг надад хамгийн их хэрэгтэй байгаа гэдгийг зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Монголчууд бид ер нь өөрсдийгөө магтахдаа муухан шүү дээ.

Надад ч гэсэн эссэгээ бичихэд эхлээд эвгүй санагдаж байсан. Өөрийгөө хэт дөвийлгөөд байгаа ч юм шиг, гэхдээ би өөрийгөө зөвөөр танилцуулаад яагаад тэр тэтгэлгийг авах ёстой вэ гэдгээ бичихийн тулд өмнө нь юу хийж байсан, ямар зүйлд оролцож байсан, цаашдаа юу хийх хүсэлтэй вэ гэдгээ үнэн зөвөөр илэрхийлж бичихийг хичээсэн.  Хамгийн гол нь яагаад тус хөтөлбөрт сурах гэж байгаа, энд сурснаар ямар үр дүнд хүрнэ гэж бодож байгаагаа тайлбарлах хэрэг гардаг. Мөн тухайн тэтгэлэгийг надад өгсөнөөр тэтгэлэг олгогч сургуульд ямар ач холбогдолтой юм, төгсөөд Монгол улс, Англи улс, түүнчлэн Ливерпули хотын хоорондын харилцаанд ямар эерэг зүйл хийж чадах вэ гэдгийг харуулах ёстой. Тэтгэлгийн шалгуурыг 100 хувь гэж үзвэл 30 хувь нь миний академик боловсролын түвшин байгаа.

Тиймээс сайн дүнтэй суралцах нь чухал. Мөн 2  хүнээс намайг тодорхойлсон тодорхойлолт авдаг бөгөөд би өөрийн нэг тодорхойлолтоо Шихихутуг их сургуулийн Түвшинтөгс багшаас авч байсан. Нөгөө тодорхойлолтоо одоо ажиллаж байгаа хуулийн фирмийн удирдлагаасаа авсан. Тэдгээр тодорхойлолтыг хэнээс авах нь чухал биш гол нь тухайн хүний суралцах чадварыг тодорхойлох, нөгөө нь тухайн хүний хувийн зан чанарыг бүрэн тодорхойлсон байх ёстой юм билээ.

-Их дээд сургуулийн тэтгэлэг хайхад мөн л бусад орны оюутнуудтай өрсөлдөх болно. Монгол оюутнуудад боломж хэр их байна вэ?

-Би нилээн их сургуулиудыг харьцуулж, хайлтаа их урт хугацаанд хийсэн. Интернэт хөгжсөн энэ цаг үед өдөрт 10-20 минутыг үр дүнтэй зарцуулахад л хангалттай. Зөвхөн тэтгэлгийн талаарх мэдээлэл гардаг хэд хэдэн сайтыг дагаснаар долоо хоногт 1-2 тэтгэлгийн мэдээллийн и-мэйл ирдэг бөгөөд тэдгээр нь тухайн долоо хоногт шинээр зарлагдсан тэтгэлгийн мэдээлэл байдаг.  Өдөрт нэг и-мэйлд 20 гаруй тэтгэлгийн мэдээлэл ч байдаг.

Би ХБНГУ, АНУ, Япон гээд нилээд олон улсын засгийн газрын болон хувийн сургуулийн тэтгэлгийг судалсан. Миний хэрэгцээ, шаардлага бол мэргэжлээрээ 100 хувь тэтгэлгээр суралцах явдал байсан. Хайлтын явцад өөрийн боловсролын мэдээлэл, сургуулийн дипломоо олон улсын сургуулиуд руу илгээхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн жагсаалт дунд миний төгссөн Шихихутуг их сургуулийн нэр байсан. Энэ нь сургууль маань олон улсад танигдсан гэсэн үг бөгөөд би өөрөө хичээвэл л надад боломж байна гэдгийг харуулж байсан юм.

Мөн би дэлхийд хуулийн мэргэжлийн хичээлээрээ эхний 50-д, Их Британид эхний 10-д багтдаг сургууль руу өөрийн диплом, бусад материалаа явуулахад ямар нэгэн нэмэлт мэдээлэл шаардалгүйгээр тус сургуульд суралцах урилгыг надад ирүүлж байсан. Энэ нь манай оюутнууд өөрсдөө хичээх л юм бол боломж нээлттэй байна гэсэн үг юм.

-Гадаад улсад суралцах хүсэлтэй олон арван залуус байдаг. Бакалаврын зэргээ Монголдоо эзэмшээд гадагшаа явахын давуу тал юу гэж бодож байна?

-Академик түвшинд авах мэдлэг, ажил дээр гараад авах практик мэдлэг хоёр их өөр байдаг. Жишээ нь хуульч хүний хувьд мэргэжлийн түвшинд ажиллаж, үйлчлүүлэгчтэй уулзахдаа, хэрхэн зөвлөгөө өгөх, хуулийн фирмэд хэрхэн үр дүнтэй багаар ажиллах, хууль зүйн дүгнэлт хэрхэн бичих, тодорхой маргаантай хэрэгт холбоотой эрх зүйн судалгаа шинжилгээ хийх гэх мэт практик дээр олж авах мэдлэг гэж байдаг.

Мөн ажиллах явцдаа Монгол Улсын хууль эрх зүйн орчинд дутагдалтай олон зүйлсийг олж хардаг. Олон улсын байгууллагад ажиллаж байгаа нэг давуу тал нь АНУ, Англи зэрэг өөр эрх зүйн бүлийн зохицуулалттай хууль зүйн бичиг баримт, гэрээн дээр ажиллаж, тухайн улсын эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг, ойлголттой болж авдаг. Ингэснээр бусад хөгжингүй орны эрх зүйн зохицуулалтыг өөрийн орны эрх зүйтэй харьцуулж мэдэх сайхан боломжтой.

Энэхүү мэдлэг, туршлага дээрээ үндэслэж ахисан түвшинд магистрт сурах нь илүү давуу талтай гэж үзсэн. Магистрт суралцаж байх хугацаанд судалгааны ажил их бичих шаардлагатай бөгөөд практикт суурилсан туршлагатай байвал илүү үр дүнтэй бичиж чадна гэж бодож байна.

-Гадаад улсад суралцахад мэдээж хэлний мэдлэг маш чухал байна. Англи хэлийг хаана, хэрхэн сурсан бэ?

-Миний хувьд 10 жилд хамгийн дуртай хичээл маань англи хэл байсан. Ямарваа нэг гадаад хэлийг сурахад яаж ч сурч болно. Өөрийнхөө дуртай зүйл дээрээ түшиглээд сурч болно. Хүсэл зорилго байхад хэл сурах амархан гэж боддог. Миний хувьд үнэтэй сургалтанд хамрагдах боломж байгаагүй, өөрөө хичээж сурсан.

Хүүхдүүдэд хэлэхэд өдөрт 30 минут зарцуулж чадаж байхад л болно. Өдөрт нэг дүрэм, жижиг хэмжээний өгүүллэг унших, эсвэл дуу сонсоод дагаж дуулахад ч гэсэн англи хэл сайжирж байдаг.

-Тэтгэлэг хайж байхад гадаадын их дээд сургуулиудын тавьдаг нийтлэг шалгуур юу байна? Суралцаж байх хугацаандаа юунд анхаарах шаардлагатай байна вэ?

-Нэгэнт биечлэн уулзах боломжгүй, холын зайнаас материалаа илгээж байгаа учраас таны явуулж байгаа материал, бүрэн дунд боловсролын болон их сургуулийн дүн л таныг хэн бэ гэдгийг илэрхийлнэ. Тийм учраас дүндээ анхаарах хэрэгтэй. Английн их сургуулиуд боловсролын сертификат дээрх дүнд ихээхэн анхаарал хандуулдаг санагдсан. Их сургуулийн голч дүн дор хаяж 3-аас дээш байх шаардлагатай. Мөн чи зорилгоо зөв тодорхойлж түүнийгээ сайн илэрхийлэх нь чухал. Хэрвээ өөрийн хүсэл эрмэлзэл, хүсэл зоригоо цаасан дээр харуулж чадахгүй бол тэтгэлэг олох боломжгүй. Хүмүүс ихэвчлэн зорилгоо бүрэн тодорхойлоогүй, хаашаа ч хамаагүй, юугаар ч хамаагүй явах тухай бодож байдаг. Энэ бол буруу.

Дүү нартаа хэлэхэд ямар мэргэжлээр сурах зорилгоо эхлээд зөв тодорхойлоорой. Мөн сайн дүнтэй байхын тулд их сургуулийн 1, 2 дугаар курсээсээ хичээж суралцаарай. Мөн хамгийн чухал нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Би 2015 онд Зориг сангаас хэрэгжүүлдэг нэг жилийн хугацаатай Залуу Манлайлагчдын хөтөлбөрт хамрагдсан. Тус хөтөлбөрт хамрагдсанаараа би их зүйл сурч авахаас гадна миний мэдээлэлд олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон талаар түүх нэмэгдсэн.

Манай оюутнууд сайн дурын ажилд оролцдог ч сайн дурын гэдэг нэрээр ямар ч хамаагүй ажил хийж болохгүй. Чиний мэдээлэлд байгаа боловсрол, туршлага, нийгмийн оролцоо чинь чиний суралцахыг хүсэж буй мэргэжил чиглэлтэй чинь холбогдсон байх шаардлагатай. Мөн хуулийн мэргэжлийн тэтгэлэгт судалгааны ажил хийсэн байх нь их чухал байр суурь эзэлдэг. Тиймээс оюутан байхаасаа эхлэн суралцахын хажуугаар судалгааны ажил хийж байх хэрэгтэй.

уулийн сургуульд элсэн орох гэж байгаа шинэ оюутнуудад хандаж өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөөч

-Мэргэжлээ анх сонгоход надад хуульч болох чин хүсэл, мөрөөдөл байсан. Одоо ч энэ мэргэжлийг сонгосондоо баяртай явдаг. Надад хуульч хүмүүст түгээмэл байдаг шаргуу, нягт, тууштай зан чанар бий. Тиймээс аливаа нэг мэргэжлийг сонгохдоо нэгдүгээрт хүсэл эрмэлзэл, хоёрдугаарт тухайн мэргэжлийн дагуу ажиллахад шаардлагатай зан чанар өөрт чинь байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай, гуравдугаарт хүссэн мэргэжлээр чинь чанартай сургах сургуулийг сонгоорой. Би хуулийн сургуулиудаас Шихихутуг их сургуулийг сонгосондоо маш их баяртай байдаг. Учир нь манай сургуулийн багш нар ЭЗ-ийн өндөр боловсролтой, хүүхдийг маш их шахаж сургадаг. 

Яагаад заавал хуульч болохыг хүссэн бэ гэвэл хуульч мэргэжил бол нийгмийг эерэгээр өөрчилж чадах, хамгийн сайн нөлөө үзүүлж чадах мэргэжил гэдэгт ахлах ангидаа байхдаа л итгэлтэй байсантай холбоотой. Мэргэжлийг сонгохдоо хэр их эрэлттэй эсэх, цалин сайтай байх эсэхээс үл хамааран өөрийн хүсэл мөрөөдөл, дуртай зүйлдээ нийцүүлж, тухайн мэргэжлийн үнэ цэнийг бодож сонгох хэрэгтэй. Хуульчийн мэргэжил нь нийгэмд ямар үнэ цэнэтэй байж болох вэ гэдэг талаас нь харж сонгох нь зөв юм.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн зорилго юу байгаа талаар яриагаа өндөрлөе.

-Би цаашид олон улсын хүний эрхийн чиглэлээр магистрт суралцана. Англи Улс нь хүний эрхийн хууль, эрх зүйн хувьд олон зуун жилийн туршлагатай, хүний эрхийг дээдэлдэг улсын хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд нэр хүндтэй олон улсын байгууллагууд тус улсад их байдаг.

Миний хувьд төгссөнийхөө дараа боломж гарвал тус чиглэлээр олон улсын байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулмаар байна. Олон улсын түвшинд ажиллаж үзээд Монгол улсдаа хүний эрхийн хууль тогтоомж, олон нийтийн бодлоготой холбоотойгоор их зүйлийг хийж бүтээх хүсэл мөрөөдөлтэй байгаа. Энэ хүсэл мөрөөдөл маань намайг маш сайн хариуцлагатай сурахад туслах байх гэж бодож байна.