Дэлхийн Банкны Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах эдийн засгийн тооцоололд дурдагдсанаар дэлхий дээр жил бүр байгалийн гамшгаас болж 60,000 хүн амь насаа алддаг ба ихэнхийг нь газар хөдлөлтөөс болж эвдрэн сүйдэж буй барилга байгууламжид өртөж амь эрсдэх тохиолдлууд эзэлдэг байна.
Олон улсын туршлагаар газар хөдлөлтөд бэлтгэлгүй байдал нь өөрөө хохирлын хэмжээг шууд өсгөх хамгийн гол хүчин зүйл болдог. Хот төлөвлөлт алдагдан, барилга хоорондын зай багасч, хүн амын нягтаршил их болсон нь газар хөдлөлтийн эрсдэлд өртөх, хохирлын хэмжээг өсгөх үндсэн шалтгаан болж байна.
Зураг 1, Ази тивийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг
Монгол орон газар хөдлөлтийн хувьд эх газрын харьцангуй өндөр идэвхжилтэй бүсэд оршдог. Монголын баруун, баруун өмнөд хэсгүүд газар хөдлөлтийн идэвхжил маш өндөр бөгөөд 1905 онд болсон Булнайн нурууны газар хөдлөлт, 1957 онд Говь-Алтай аймагт болсон аюулт үзэгдэл нь эх газрын дотоодод болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тооцогддог.
Зураг 2, 1905 онд Булнайн нуруунд 8.2 баллын хүчтэй хөдлөлт болж 370 км хагарал үүссэн
Зураг 3, Говь-Алтай аймагт 1957 онд 8.1 баллын газар хөдлөлт болж, Баян-Хонгор аймгийн нутгийг дайран, нийтдээ 400 км орчим хагарал үүсчээ
Нөгөө талаар Улаанбаатар хотыг багтаагаад манай улсын зүүн хэсэгт газар хөдлөлтийн идэвхжил өндөр биш боловч 2005 оноос хойш Улаанбаатар хотын ойр орчимд идэвхтэй байдал бий болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
2016 оны газар хөдлөлтийн эрсдэлийн индекс 7 буюу өмнөх оны үзүүлэлтээс 1 нэгжээр өссөн дүнтэй байна. Үүнд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн тоо өссөн нь нөлөөлжээ.
График 1, Газар хөдлөлтийн эрсдэлийн индекс, (Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ)
График 2, 3.5 магнитутаас дээш хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн байна
Газар хөдлөл судлалын нэр томьёонд их хэрэглэгддэг балл, магнитуд хэмээх хоёр хэмжигдэхүүн нь ялгаатай ойлголт бөгөөд хэлбэлзлийн хүчийг XII баллын шаталбараар ажиглалтын цэг бүрт тодорхойлдог бол магнитуд нь /М/ газар хөдлөлтийг бүртгэх багажид тэмдэглэгдсэн газар хөдлөлтийн голомтын хүчний тоон хэмжигдэхүүн юм. Балл нь тус бүс нутгийн хувьд зай болон геологийн нөхцөлөөс хамааран янз бүрийн утгатай байдаг бол магнитуд нь тухайн газар хөдлөлтийн хувьд зөвхөн нэг л утга агуулсан байдаг.
Газар хөдлөл нь хэзээ, хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог аюулт үзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэд одоо хүртэл хариултыг олоогүй хэвээр байна. Хэдийгээр гадны хөгжилтэй орнуудад тоног төхөөрөмж өндөр хөгжсөн байдаг ч газар хөдлөх магадлалыг нь таамаглах хэмжээнд л ажлаа явуулдаг ажээ.
Монголд жилд дунджаар 25,000 орчим газар хөдлөлт бүртгэгддэг.
Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2005 оноос хойш Улаанбаатар хот орчмын бүс нутагт буюу хотын төвөөс 150 км тойрогт хамаарах хэсэгт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өссөн байна. Эдгээр тохиолдолд 2 магнитудаас доош хүчтэй газар хөдлөлт зонхилж байгаа ч сүүлийн жилүүдэд хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 4-6 удаа болсон гэдгийг ШУА-ийн Одон орон, геоофизикийн хүрээлэн мэдээлж байгаа юм.
График 3, Улаанбаатар хотол баригдсан нийт барилга байгууламж
Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна. Баригдаж буй ихэнх барилга нь хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг гол хүчин зүйл болж байна.
Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд улс орны хэмжээнд газар хөдлөлтийн тохиолдлыг бүртгэх багаж төхөөрөмжийг нэмэгдүүлэн сайжруулах, аюулаас хамгаалах барилга байгууламж барих, шинээр баригдаж буй барилгуудын стандартад хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байх шаардлагатай. Харин ард иргэдийн хувьд газар хөдлөлтийн аюулын талаар мэдээллийг идэвхтэй авч, гамшгийн үед хэрхэн аюулаас зайлсхийх талаар ойлголттой болох нь чухал юм.
Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой.
Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.
Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Мандал Даатгал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!