Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Интел компанийн гүйцэтгэх захирал ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар халагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Компьютер, гар утасны тархи болсон микропроцессорын үйлдвэрлэгч Интел компанийн гүйцэтгэх захирал Брайан Кризанич ажилтантайгаа дотно харилцаатай болсон шалтгаанаар ажлаа өгөхөөр болсныг тус компани өчигдөр зарлажээ.

Тэр бас Интел компанийн ТУЗ дахь захирлын суудлаа алдаж байна.

Интелийн санхүү хариуцсан дэд захирал Роберт Свон дараачийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болжээ. Кризанич нь ажилтантайгаа зохисгүй харилцаа үүсгэсэн шалтгаанаар албан тушаалаа алдаж буй сүүлийн гүйцэтгэх захирал болж байна. Саяхан АНУ-ын Lululemon Athletica, Priceline Group зэрэг томоохон компаниудын захирлууд бас ийм шалтгаанаар огцорсон юм.

58 настай Кризанич Интел компанийг санхүүгийн хувьд түүхэн дээд үзүүлэлттэйгээр орхиж байгаа ч зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, салбарын шинэ тоглогчдын түрэлт нэмэгдэж буй цаг үед явж байна.

Тэр 30 гаруй жил Интелд анхан шатнаас нь эхлэн ажилласны эцэст 2013 онд гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. 50 жилийн түүхтэй Интел нь дотооддоо бэлтгэгдсэн мэргэжилтнийг гүйцэтгэх захирлаар томилдог уламжлалтай.

Кризанич хэн гэдэг ажилтантай дотно харилцаатай болсон нь тодорхойгүй байна. Тэдний харилцааг ажлын байрны бэлгийн дарамт бус, харилцан зөвшилцсөн харилцаа гэж үзэж байгаа ч Интел компанийн удирдлагын ёсзүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэжээ.

Бизнесийн зөвлөх үйлчилгээний PwC компанийн гаргасан тоо баримтад өгүүлснээр 2012-2016 оны хоорондох таван жилд АНУ-ын гүйцэтгэх захирлуудын гаргасан ёс зүйн алдаа өмнөх таван жилийнхээс хоёр гаруй дахин нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg