Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөх ДАШТ-ий дэд аварга Аргентин хэсгээсээ шалгарахад хүнд боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрсөн шөнө Аргентин, Хорватын шигшээ багуудын хооронд өрнөж, 3:0 харьцаагаар Хорватын баг яллаа.

Москвагийн Спартак цэнгэлдэх хүрээлэнд эхний тоглолтдоо Исландчуудтай тэнцээд байсан Аргентины шигшээ ийнхүү хэсгээсээ шалгарахад хэцүү болж байна. Одоо тэдний Нигеритэй хийх хэсгийн сүүлийн тоглолт, Хорват-Исландын тоглолтын үр дүн хоёроос хамаарч хувь заяа нь шийдэгдэнэ.

Нижний Новгородод болсон өчигдрийн тоглолтын эхний үед багууд тэнцүүхэн өрсөлдөж, хэн хэнийхээ хаалганд гоол хийж чадаагүй юм. Харин хоёрдугаар үед Хорватчууд дараалан 3 бөмбөг Аргентины хаалганд хийжээ. Эхний бөмбөгийг Анте Ребич 53 дахь минутад Аргентины хаалгачийн гаргасан ноцтой алдааг ашиглан хийсэн байна. Дараа нь 80 дахь минутад хоёр дахь бөмбөгийг Хорватын багийн ахлагч Лука Модрич торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж хаалганд оруулсан юм. Улмаар тоглолтын сүүлчийн нэмэлт минутад Иван Ракитич торгуулийн талбай дотор дамжуулсан бөмбөгийг гоол болгосноор тэмцээн өндөрлөжээ.

Энэ удаагийн тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Хорватын шигшээ баг тав дахь удаагаа Аргентины багтай ДАШТ-д өрсөлдөж, анхны ялалтаа авлаа. Тэд өмнө нь дөрвөн удаа таарахад Аргентинчууд үргэлж ялж байжээ.
  • Аргентины баг ДАШТ-ий хэсгийн тоглолтод сүүлийн 60 жилийн түүхэнд анхны хүнд ялагдлаа хүлээж байна. Тэд 1958 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод Чехословакийн шигшээд 6:1 харьцаагаар хожигдож байсан нь өмнөх томоохон ялагдал нь юм.
  • Аргентины шигшээ баг 1974 оноос хойш анх удаа хэсгийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулж чадсангүй.

Тоглолтын гоолууд болон онцлох агшнуудыг энэ холбоосоор үзнэ үү.

 

Эх сурвалж: FIFA