Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дунд сургуулийн төгсөлтийн шалгалтыг шударга явуулахын тулд Алжир улс интернэтээ салгав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хойд Африкийн Алжир улсын дунд сургуулийн төгсөлтийн шалгалт энэ сарын 20-ноос 25-ний хооронд зохион байгуулагдаж байна.

Тэгвэл шалгалтын үеэр хуулах үйлдэл гаргахгүйн тулд эрх баригчид энэ өдрүүдэд орон даяар интернэт сүлжээг зогсоох шийдвэр гаргажээ. Шалгалт бүрийг эхэлснээс хойш нэг цагийн дотор суурин болон хөдөлгөөнт интернэтийн бүх холболт ажиллахаа болих юм.

2016 онд тус улсад өргөн хэмжээний хуулах ажиллагаа шалгалтын үеэр хэрэгжиж байснаас ийм арга хэмжээ авахаар болжээ. Түүний дараа жил буюу 2017 онд интернэтийн үйлчилгээний компаниудад сүлжээгээ зогсоох арга хэмжээ авах хүсэлт хүргүүлсэн ч үр дүнтэй болоогүй байна.

Тиймээс энэ жил сайн дураар биш, хүчээр салгах арга хэмжээ авсан ажээ.

Дээр дурдсан хугацаанд Фэйсбүүк сүлжээ Алжир улсын нутаг дэвсгэрт бүрэн хаагдсан байна. Үүнээс гадна шалгалтын байруудад электроник төхөөрөмж нэвтрүүлэхийг хориглож, сурагчдыг ороход нь металл илрүүлэгчээр шалгаж байгаа ба сургуулийн орчимд гар утасны сүлжээ унтраагч, анги дотор хяналтын камернууд байрлуулсан гэнэ.

Энэ жил Алжир даяар 2,000 шалгалтын байранд 700,000 сурагч шалгалт өгч байгаа ба дүн нь долдугаар сарын 22-нд зарлагдах ажээ.

 

Эх сурвалж: BBC