Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн үндсэрхэг үзэлтэй сайд цыгануудыг хөөж гаргахаа амлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуулийн үр дүнд хэт барууны үзэлтэй улс төрийн хүчнүүд эвсэж, Италийн шинэ засгийн газрыг байгуулсан юм.

Шинэ засгийн газрын дотоод хэргийн сайд Маттео Салвини саяхан тус улсад амьдардаг цыган иргэдийг хөөж гаргахаа амласан нь дуулиан тариад байна.

Сайдын суудалд суугаад гурван долоо хонож байгаа Салвини цыгануудын эсрэг арга хэмжээг амласнаас гадна өнгөрсөн долоо хоногт 600 гаруй Африк цагаачдыг тээвэрлэсэн хөлөг онгоцыг хүлээж авахаас татгалзсан юм. Түүний үйлдлийг 1920-1930-аад оны үеийн фашист бодлогыг сэргээх аюултай гэж сөрөг хүчний улс төрчид шүүмжилж байна. 

Одоо Италид 180,000 орчим цыган хүн амьдардгийн 43 хувь нь Италийн иргэн юм. Нүүдэлчин цыганууд хэдэн үеэрээ Италид амьдарсан ч өдийг хүртэл хүнд хэцүү, хавчигдмал орчин нөхцөлд амь зуудаг.

Тэд бол хойд Энэтхэгээс гаралтай угсаатан бөгөөд олон зуун жилийн турш баруун зүгт алгуур нүүдэллэсээр Европт тивд тархсан юм. 14 дүгээр зууны Европын бичиг баримтуудад анх цыгануудын тухай дурдсан байдаг.

Улмаар тэр цагаас хойш 500 орчим жил хавчигдан гадуурхагдсаар иржээ. 1501 онд Ариун Ромын эзэнт гүрэнд цыгануудыг нэвтрэхийг хориглож, тус улсын иргэдэд цыган хүнийг чөлөөтэй боолчлох, алах эрх олгож байв.

Үүнээс хоёр зууны дараа Францын XIV Луй хаан цыган эрчүүдийг насаар нь боолын хөдөлмөр эрхлүүлэх, эмэгтэйчүүдийг нь үргүй болгох, хүүхдүүдийг нь салган асрамжийн газарт илгээх зарлиг гаргаж байжээ.

Испаничууд 1749 онд цыгануудыг бөөгнүүлэн хорьж, боолчлох үйл ажиллагаа эхлүүлж, өнөөдрийн Румыний нутагт 1856 он хүртэл үргэлжлүүлж байв. Дараа нь Австри-Унгарын хаант улс эцэг, эх хүүхдүүдийг салган хүчээр уусгах бодлого явуулж байжээ.

1930-аад оны Германы нацистууд, Италийн фашистууд цыгануудыг хоморголон устгах бодлого хэрэгжүүлсний үр дүнд хэдэн зуун мянган хүн алагдсан гэдэг. Дайны дараа хорих лагеруудаас суллагдсан цыгануудыг ч хүлээж авах орон олдохгүй байв. Энэ үеэр Европын зарим оронд цыган хүн амын 90 хүртэл хувь нь устсан гэдэг.

Хамгийн сүүлд гэхэд 1970-аад оны үед Швейцарь улс цыган айл өрхийн хүүхдүүдийг салган авч байсан ба үүнийгээ цыганууд хүүхдийг сайн иргэн болгож хүмүүжүүлэх чадваргүй гэж зөвтгөж байв.

Ийнхүү 500 жилийн турш гадуурхагдсан ард түмний зовлон одоо ч үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: The Guardian