Дэлхийн байгалийн нөөцийн үнэт баялгийн нэг нь эмийн ургамал юм. Монгол орны ургамлын аймагт 3300 гаруй зүйлийн дээд ургамал ургадгаас 800 гаруй зүйлийн ургамал нь эмийн ач холбогдолтойд тооцогддог. Эдгээр ургамлууд хүний биед ашиг тустай ч тунг нь тааруулж, зөв зохистой хэрэглэхгүй бол эм бус хор болдог байна. Ялангуяа сүүлийн үед иргэд эмийн ургамал бүх зүйлд сайн гэж хошуурцгаан мэдэх мэдэхгүй ургамлаа хэрэглэж байгальд төдийгүй эрүүл мэнддээ сөрөг нөлөө учруулдаг.
Тиймээс бид энэ удаад Монос групп, Эм судлалын хүрээлэнгийн Эмт ургамлын ботаник цэцэрлэгт хүрээлэнд зочилж, тус цэцэрлэгийн эрхлэгч докторант Н.Орхонтой ярилцлаа.
-Та энэ цэцэрлэгт хүрээлэнтэй амьдралаа холбоод хэр хугацааг өнгөрүүлж байна вэ? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Н.Орхон гэдэг. Би 2006 онд ХААИС-ийг төгсөөд энэ ботаник цэцэрлэгтээ ирж байсан. Тухайн үед дипломын ажлаа бас эмийн ургамлын судалгаагаар бичиж байлаа.
Монгол хунчирын тарималжуулалтаар магистрийн зэрэг хамгаалсан. Одоо ХААИС-ийн докторантурт суралцаж байгаа. Байгалийн ховор, ховордсон, эрүүл мэндэд нэн тустай эмийн ургамлуудыг тарималжуулах, нутагшуулах, тэдгээрийн генофондыг хадгалах, хамгаалах, үйлдвэрлэлийн ургамлын түүхий эдээ өөрсдөө тарьж бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Монос хэмээх эрүүл мэндийн салбартаа тэргүүлэгч энэ сайхан байгууллагад харьяалагдаж, мэргэжлийн хүмүүстэй гар нийлэн ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндэд багахан ч болов хөрөнгө оруулалт хийж байгаадаа баяртай байдаг.
“МОНГОЛ ОРОНД УРГАЖ БАЙГАА ЭМИЙН УРГАМЛЫН АМЬД ЦУГЛУУЛГА ГЭЖ ХЭЛЖ БОЛОХУЙЦ БОТАНИК ЦЭЦЭРЛЭГ”
-Моносын Эмт ургамлын ботаник цэцэрлэг хэзээ анх байгуулагдсан бэ?
-“Монос эмт ургамлын Ботаник цэцэрлэг” нь Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарын санаачлагаар 2001 онд байгуулагдсан. Манай ботаник цэцэрлэг нь хоёр хэсгээс бүрддэг.
Нэгдүгээр талбайд байгалийн эмийн ургамлыг тарималжуулах, гадаадын гаралтай ургамлыг нутагшуулах туршилт судалгааны ажлууд хийгддэг. Мөн ховор, ховордсон эмийн ашигт ургамлыг амьд хэлбэрээр хадгалах, хамгаалах цуглуулгын хэсэгтэй.
Харин хоёрдугаар талбайд туршилт судалгаагаар тарималжих боломжтой нь тогтоогдсон ургамлыг эмийн түүхий эд бэлтгэн авах зорилгоор үйлдвэрлэлийн талбайд шилжүүлэн тариалдаг. Мөн чацаргана, монос, долоогоно, нохойн хошуу, тэхийн шээг, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэний мод, бут тариалдаг. 2007 оноос Дархан-Уул аймгийн Орхон суманд Чацарганы үйлдвэрлэлийн талбайг байгуулан, жимсээрээ төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“ЭМИЙН УРГАМЛЫГ ТАРИХАД МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛООС ГАДНА МАШ ИХ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ОЛОН ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ”
-Бүх эмийн ургамал санасаны зоргоор ургаад байдаггүй байх. Хэр их арчилгаа шаарддаг вэ?
-Эмийн ургамал түүн дотроо байгалийн зэрлэг ургамлыг тарималжуулахад хүнсний ногоо бусад таримал ургамал тарихаас өөр онцлогтой. Хамгийн түрүүнд тарих үр, материал хүссэн хэмжээгээр худалдаанд бэлэн байдаггүй. Тухайн ургамал байгаль дээр ургамал газарзүйн аль тойрог, бүс нутагт, ямар нөхцөлд, яаж ургаж байна вэ гэдгээс тарималжуулах судалгаа эхэлнэ.
Үүний тулд сонгосон ургамлынхаа байгаль дээрх амьдралын хэлбэр, үржлийн онцлог зэргийг харгалзан үрээр эсвэл үндэс, үндэслэг ишээр, булцуугаар, мөчрөөр гэх мэт тарих аргаа сонгоно. Ингээд тарихад ёстой л санасны зоргоор ургах ургамал ховор шүү. Зарим нь тарьсан даруйд сайн ургана, зарим нь тэр жилдээ соёолохгүй жил өнжиж гарна, зарим нь огт ургахгүй ч байна. Янз бүр л дээ. Байгальд нарны шууд тусгалтай энгэр ээвэр газар эсвэл ойн гүнд сүүдэрт, чийглэг нуга, усанд, хуурай элсэнд гэх мэт чийг, дулаан, агаар, температур, хөрсний янз бүрийн орчныг шаарддаг нөхцөлд ургадаг учраас тухайн агро ландшафтыг бүрдүүлж үздэг.
Энэ жилээс бид Шинэсэрхүү бударгана, Нарийн навчит цахилдаг ургамлыг гидропоник орчинд тарималшуулах туршилт судалгааг хийж амжилттай явагдаж байна. Бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй зүйлийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж эмийн түүхий эд бэлтгэн, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байгаа. Мөн гадаадын гаралтай ургамлыг нутагшуулан тариалж байна. Үндэс, үндэслэг ишийг нь хэрэглэдэг олон наст ургамлын нэг ширхэг үндсийг гаргаж авахын тулд доод тал нь 3-5 жил ургуулж байж түүхий эдээ гаргаж авдаг.
Тэр хооронд бусад ургамлын адил бүх агро арчилгаа тордолтоо хийгээд л явна. Тэгэхээр эмийн ургамлыг тарихад мэдлэг боловсролоос гадна маш их тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэл, олон түмний эрүүл мэндийн төлөө гэсэн чин сэтгэл хэрэгтэй.
-Нийт хичнээн төрлийн эмийн ургамлыг энд тарималжуулж байгаа вэ? Алтангагнуурыг тарималжуулж эмийн ургамалтай эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг гэсэн?
-Манай ботаник цэцэрлэгт одоогоор 100 гаруй төрлийн эмийн ургамал, 20 гаруй төрлийн бут сөөг байгаа. Тиймээ бид олон жилийн туршилт судалгааны үндсэн дээр алтан гагнуурыг тарималжуулж, алтан гагнууртай цай болгон үйлдвэрлэж зах зээлд гаргаж байгаа.
Мөн гадуур дэлгүүр, болон эмийн сангуудад эх орны хөрсөнд ургасан эмийн ургамалтай цай гэдгээрээ танигдаж эрэлттэй байгаа “Энхжин” брэндийн цайнууд бол бидний тарьсан ургамлаар хийгдсэн бүтээгдэхүүн юм.
“АЛТАНГАГНУУРЫН ЦАЙ НЬ ТОРДОН ТЭНХРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ”
-“Энхжин” цай бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа онцлогтой юм бол оо?
-“Энхжин” цай маань эх орны хөрсөнд ургасан эмийн ургамлаар Монгол улсад тэргүүлэх зэрэгтэй хүний гавъяат эмч, эм зүйч, химич, ургамал судлаач, фармакологичид сэтгэл зүрхээ шингээн олон жилийн судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоонд тулгуурлан хийгдсэн эрүүл мэндийн цай гэдгээрээ онцлогтой.
Одоогоор уушги цэвэрлэх, элэг хамгаалах, гоолингоо, бөөрний цай дархлал сэргээх, тайвшруулах, чихрийн шижингийн, алтан гагнуурын гэх мэтчилэн нийт 11 төрлийн цайг худалдаанд гаргасан байгаа “Энхжин” цайг тогтмол хэрэглэснээр учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Мөн өвчний анхан болон дунд шатанд эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг.
“ЯМАР Ч ЗҮЙЛИЙН ТУНГ ТААРУУЛЖ ЗӨВ ХЭРЭГЛЭВЭЛ ЭМ, ХЭТРҮҮЛЖ ХЭРЭГЛЭВЭЛ ХОР БОЛДОГ”
-Зарим хүмүүс байгальд ургадаг ургамлыг худалдаж авснаас өөрсдөө түүгээд хэрэглэсэн дээр гэдэг. Шууд түүгээд хэрэглэх, цай болгож боловсруулсан танай бүтээгдэхүүнийг хэрэглэх хоёрт ямар нэгэн ялгаа бий юу?
-Бүх эмийн ургамал тунг тааруулж, зөв хэрэглэвэл эм, хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Өөрөөр хэлбэл, эмийн ургамал эм болохын тулд түүж бэлтгэдэг цаг хугацаатай, хэрэглэх хэмжээтэй, хатаах арга нь ч өөр байдаг. Жишээ нь тухайн ургамлын навч, цэцэг, жимс, үр, үндэс алийг эмчилгээнд хэрэглэхээс хамаарч түүж бэлтгэх хугацаа өөр байдаг.
Гэтэл манайхан хэзээ хамаагүй түүж аваад, аль нь эм, аль нь хор болохыг нь ч мэдэхгүй байж шууд хэрэглэдэг. Харин бид эмийн ургамлыг шимт чанар нь хамгийн өндөр байх үед түүж, энхжин цай болгон үйлдвэрлэж, өдөрт хэрэглэх тун нормыг тогтоож, зохистой хэмжээгээр хэрэглэхэд зориулж үйлдвэрлэж байна.
-Таны мэдэхээр хэрэглэж болохгүй ургамлыг сайн гээд хэрэглэж байгаа тохиолдол бий юу?
-Сүүлийн үед иргэд Их шүүдэргэнийг хорт хавдар, элэгний вирусэнд сайн гэсэн сургаар маш их хошуурцгааж байна. Энэ ургамал өөрөө алкалойд ихтэй учраас өөрт тохирсон тун нормоор тааруулж хэрэглэхгүй бол аюултай.
Хүн бүрийн бие физиологи өөр учраас нэг хүнд таарсан ургамал нөгөө хүнд харшлах ч магадлалтай. Гэтэл манайхан хэн нэгнээс сайн гэж сонсоод л дураараа хэрэглээд байгаа. Энэ бол маш буруу. Манай ботаник цэцэрлэгт Их шүүдэргэнийг тарьдаг. Гэхдээ бид одоогоор ашиглахгүй байгаа.
Яагаад гэвэл маш их хортой ургамал. Зүгээр л арчилж тордоод, зэрлэгийг зулгааж байхад л хордоод, харшил өгчих гээд байдаг. Тийм учраас бид яаж хэрэглэвэл ямар нэгэн хор нөлөөгүй үр дүнтэй байхаар байна гэдгийг судалж, нотолсныхоо дараа бүтээгдэхүүн болгон гаргадаг.
-Эмийн ургамалтай холбогдоод 13 жилийг ардаа орхижээ. Эмийн ургамалтай холбоотой таны хамгийн их эмзэглэж явдаг зүйл юу вэ?
-Хаа сайгүй л эмийн ургамал гээд зарж байгааг хараад үнэхээр их эмзэглэдэг. Ховорт тооцогдож улаан номонд орсон ургамлаа түүж авч ирээд, савлаж, баглаад зараад байна. Энэ нь нэг талаас тухайн ургамалууд устаж үгүй болох аюултай. Нөгөө талаас хэрэглэж байгаа хүнийхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Худалдаачид уут савлагаан дээрээ эрэлттэй ургамлын нэрийг бичээд зардаг ч дотроо өөр ургамал байх нь бий. Үүнийг энгийн хүмүүс хараад ялгаж таньдаггүй. Магадгүй тухайн ургамлыг хийсэн ч яг алийг нь эмчилгээнд хэрэглэх ёстойг мэддэггүй холиод зарчихдаг.
Жишээ нь ургамлын үндсийг намар түүвэл эмийн чанараа хадгалдаг. Тэгэхэд хүмүүс хэзээ ч хамаагүй очоод түүчихдэг. Хэрэглэж болно гэхдээ тухайн ургамлын нөөцөөс шалтгаалж зохистой хэмжээгэр авах, нөхөн сэргээх, тарималжуулах шаардлагатай байна. Тиймээс нийт иргэддээ эмийн ургамалдаа хайр гамтай хандахыг уриалмаар байна.
-Ярилцсанд баярлалаа. Эдгээр ховор ургамлуудыг олон жилийн судалгаа шинжилгээний үндсэн дээр өөрсдөө тариалж, цай болгон худалдаанд гаргаж олон түмнийхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танай хамт олонд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Т.Болор
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!