Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний засгийн газар бүсгүйчүүдийн гарт шилжив

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Испаний шинэ засгийн газар тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Онцлог нь ерөнхий сайд Педро Санчезын танхимын сайд нарын дийлэнх нь эмэгтэйчүүд юм.

Социалистуудаас бүрдсэн танхимын 11 суудалд эмэгтэй сайд нар сууж, Испаний засаглалын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

Харин эрэгтэй сайд нарын тоо 6 болсон байна. Тэдний дунд сансрын нисэгч асан Педро Дюк байгаа бөгөөд тэр шинжлэх ухааны салбарыг хариуцахаар болжээ.

Эмэгтэй сайд нар санхүү, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол гээд гол салбаруудыг удирдахаар болсон байна.

Эрх баригч консерватив нам авлигын асуудалд орооцолдож, засгийн газарт нь итгэл хүлээлгэх боломжгүй болсон тул 2011 оноос хойш ерөнхий сайдын суудалд суусан Мариано Рахой огцорсон юм. Ингээд социалист цөөнх засгийн газар байгуулахаар болжээ.

Ерөнхий сайд Санчез өөрийн засгийн газрыг фэминист, дэвшилтэт үзэлтэй, Европын Холбоог дэмжигч гэж тодорхойлсон байна. Түүний орлогч буюу шадар сайд Кармен Калво нь шинээр байгуулагдсан Тэгш Эрхийн яамны сайдын үүргийг давхар хаших гэнэ.

Тэр ажлаа хүлээж авахдаа Испаний эрэгтэй, эмэгтэй иргэдийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллана гэж мэдэгджээ.

Ийнхүү Евро бүсийн дөрөв дэх том эдийн засагтай Испани орныг бүсгүйчүүд голлон удирдахаар болж байна.

 

Эх сурвалж: The Guardian