Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувьд тогтвортой байна

ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хөгжингүй орнуудын эдийн засаг удаашран, сэргэж байсан гол түүхий эд экспортлогч зэх зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтворжисноор дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувьд тогтвортой хэвээр байж, харин ирэх хоёр жилийн хугацаанд аажим удаашрахаар байна гэж Дэлхийн Банкнаас танилцууллаа.

Дэлхийн Банк Группийн Ерөнхийлөгч Жим Ёнг Ким “Хэрэв тогтвортой барьж чадвал энэ жил ажиглагдсан эдийн засгийн бат бөх өсөлт нь ялангуяа Өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй улс орнуудад олон сая хүмүүсийг ядуурлаас гаргахад тусална. Гэвч дэлхийн бусад хэсэгт нэн ядуурлаас гарахад эдийн засгийн өсөлт дангаараа хангалттай биш юм. Иймд нэн ядуурлыг эцэс болгож, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах зорилгодоо ойртохын тулд дэлхий даяар бодлого боловсруулагчид улс орныхоо бүтээмжийг дээшлүүлж, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх замаар урт хугацаанд өсөлтийг дэмжих арга замуудад анхаарлаа хандуулах нь чухал байна” гэв. 

Хөгжингүй орнуудын төв банкууд мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засагдаа түлхэц үзүүлэхээ аажмаар зогсоосны улмаас тэдгээрийн эдийн засгийн үйл ажиллагаа 2018 онд 2.2%-ийн өсөлттэй байж, харин ирэх 2 жилийн хугацаанд 2 хувь болж буурах төлөвтэй байна. Түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа гүйцэд сэргэж, түүхий эдийн үнэ энэ жилийн өсөлтийн дараа тогтворжих хандлагатай байгаа зэргээс шалтгаалан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 4.5%, 2019 онд 4.7 хувь хүрэн чангарах төлөвтэй байна гэж хэмээн Дэлхийн Банкны 2018 оны 6 дугаар сарын Дэлхийн Эдийн Засгийн Төлөв Байдал тайланд дурджээ.

Энэ төлөв байдалд зарим эрсдэл ч бий. Санхүүгийн зах зээлийн замбараагүй, тогтворгүй байдал үүсэх магадлал ихэсч, зарим хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг иймэрхүү нөхцөл байдалд орох эмзэг байдал нэмэгджээ. Бодлогын тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл улам бүр нэмэгдэхийн зэрэгцээ худалдааг хязгаарлах протекционист бодлогод нааштай байх хандлага ч мөн нэмэгдсэн байна.

Урт хугацаанд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байгаа нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн хэтийн төлөвт нөлөөлж улмаар түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогч орнуудын ирээдүйн өсөлтөнд нөлөөлж болохыг тайлангийн тусгай бүлэгт анхааруулжээ. Шинээр хөгжиж буй зах зээлүүд нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн метал, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэдий ч ихэнхийх нь хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлт удаашрах төлөвтэй байна гэж тусгай бүлэгт тэмдэглэжээ.

Дэлхийн Банкны Хөгжлийн Эдийн Засаг хариуцсан Ахлах Захирал Шантаяанан Деваражан "Түүхий эдийн хэрэглээний өсөлт буурах төсөөлөл нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай хөгжиж буй орнуудын гуравны хоёрын хувьд бэрхшээлийг бий болгож болзошгүй. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, төсөв мөнгөний хүрээг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг улам баталж байна".

Компаний өр өсөх нь санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг улам хөндөж, хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй. Компаний өр болон зарим орнуудын хувьд гадаад валютын өр дэлхийн санхүүгийн хямралаас хойш хурдацтай нэмэгдсэн нь эдгээр орнуудыг зээлийн өртгийн дарамт өсөн нэмэгдэх эрсдэлд оруулж байгааг мөн тусгай бүлэгт онцолжээ. 

Дэлхийн Банкны Хөгжлийн Эдийн Засгийн Төлөв Байдал хариуцсан Захирал Аяхан Косе “Хөгжингүй орнууд мөнгөний бодлого хэвийн хэмжээнд барих явдал нэмэгдэх үед хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг даван туулахад бэлэн байх ёстой. Өрийн түвшинг өсгөх нь улс орнуудыг зээлийн өндөр хүүгийн эмзэг байдалд оруулдаг. Иймд санхүүгийн хямралаас хамгаалах арга хэмжээг бий болгох шаардлагатай юм” гэв.

Олон жил буурсны дараа урт хугацааны өсөлтийн төсөөлөл тогтворжиж эхэлсэн нь арван жилийн өмнөх санхүүгийн хямралын нөлөөнөөс дэлхийн эдийн засаг гарч, улмаар сэргэж эхэлсэний дохио байж болох юм.  байна. Гэвч урт хугацааны өсөлтийн төсөөллүүд нь түүхэндээ ямагт хэт өөдрөг төсөөлөл байдаг байсан учраас эдийн засгийн өсөлтийн сулрал, эдийн засгийн үйл ажиллагаан дахь бүтцийн нөлөөллийг хэт эергээр төсөөлсөн байж болзошгүй хэмээн тайлан анхааруулжээ.

Тус тайланд урт хугацааны хэтийн төлвийг дээшлүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэхийг бодлого боловсруулагчдад уриалжээ. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй технологийн хөгжил нь ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, худалдааны нээлттэй байдлыг дэмжих нь чухал ач холбогдолтойг харуулж байна. Тоо бодох, бичиг үсэгт тайлагдсан байдал буюу унших, бичих  суурь чадварыг сайжруулах нь хөгжлийн асар их үр өгөөжтэй. Эцэст нь, худалдааны цогц гэрээг дэмжих нь өсөлтийн хэтийн төлвийг дэмжихэд түлхэц хүч болох аж.

Тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу

 

Эх сурвалж: Дэлхийн банк