Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Харвардын Анагаах Ухааны сургуулийн T2T хөтөлбөрт 98 МОНГОЛ ЭМЧ, БАГШ амжилттай хамрагдлаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкны дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС, Харвардын эрдэм шинжилгээ судалгааны нэгж МHI байгууллага нар хамтран Харвардын анагаахын сургуулийн багшийг чадавхжуулах T2T хөтөлбөрийг Монгол улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Харвардын анагаахын сургуулийн нэг жилийн мастерын хөтөлбөрийг онлайн болон танхимын байдлаар хослуулан Монгол улсад тусгайлан бэлдсэн уг хөтөлбөрт хамрагдсан 87 багш судлаачид 2018 оны 05 сарын 30-нд "Харвардын анагаахын сургуулийн төгсөгч" гэсэн статустайгаар сертификатаа гардан авлаа.

Мөн тус хөтөлбөрт АНУ-ын Чикагогаас эмч судлаачид хамрагдсан ба удахгүй Харвардын анагаахын сургууль дээр төгсөлтийн баяраа хийнэ. Нийтдээ тус хөтөлбөрт 98 багш судлаачид суралцаж амжилттай төгслөө.

АШУҮИС дээр болсон төгсөлтийн баярын үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа, Харвардын анагаахын сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д. Ганмаа, АШУҮИС-ын тэргүүн дэд захирал Н. Сүмбэрзул, MHI байгууллагын гүйцэтгэх захирал Б. Уянга, АШУҮИС-н багш Ц. Энх-Оюун нар нээлтийн үгийг хэллээ.

Харвардын анагаах ухааны их сургуулийн энэхүү хөтөлбөрийн дагуу анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулсан юм.

Мөн энэхүү хөтөлбөр нь Харвардын Анагаах Ухааны Сургууль дээр хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой.

Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага болох “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын анагаахын Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, АШУҮИС тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгуулагаар ажиллан 9 сарын турш сургалтыг зохион байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна. Мөн Азийн Хөгжлийн банкны Дээд Боловсролын Шинэчлэлийн төсөл тус хөтөлбөрт тэтгэлэг олгосон бөгөөд энэхүү хөтөлбөр нь олон талт байгууллагын хамтын ажиллагааны үр дүн байлаа. 

"Т2Т хөтөлбөр нь Харвардын их сургуулийн нэг жилийн мастерын хөтөлбөртэй дүйцнэ"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа "Т2Т хөтөлбөр нь Харвардын их сургуулийн нэг жилийн мастерын хөтөлбөртэй дүйцнэ. Бид энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын хөрсөнд суулган, цоо шинээр боловсруулж амжилттай хэрэгжиж дууслаа. 

Хөтөлбөрт 103 хүн шалгарч, өнөөдөр 98 нь амжилттай төгсөж сертификатаа гардан авч  байна. Мөн тус хөтөлбөрт Чикагод амьдарч байгаа Монгол эмч эмнэлгийн ажилчид хамрагдсан.  Энэ хугацаанд 5 профессор Харвардаас ирж хичээл заасан. 

Цаашид бид T2T хөтөлбөрөө Монголдоо илүү өргөн хүрээтэй, олон хүнийг хамруулж хийх сонирхолтой байгаа. Зөвхөн багш, эрдэмтэн гэлгүй өөр салбарын хүмүүсээс оролцуулах сонирхолтой байна. 

Гэхдээ Харвардын удирдлага энэ жилийн хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид суралцагсдын судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэр зэрэг нөлөө үзүүлж байгаагаас хамаарч энэхүү хөтөлбөр явагдах үгүй нь шийдэгдэнэ" гэлээ.

"Багшлах арга зүй, боловсролын талаар мэдлэг олгож чадсан"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Харвардын анагаахын их сургуулийн дэд профессор Суба Рамани "Хөтөлбөрт оролцсон хүмүүс заах арга зүйн нарийвчилсан сургалт авч чадсан гэж бодож байна. Тэд онлайнаар зайны сургалтад хамрагдаж, мөн тэнхимийн хичээлд сууж олон даалгавар ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 

Суралцагчдад цаашид олон эрдэм шинжилгээний ажил, судалгаа шинжилгээ хийх боломж байгаа нь харагдсан. Бид тэдэнд багшлах арга зүй, боловсролын талаар мэдлэг олгож чадсан гэж бодож байна.

Тэд Монголын дараачийн үед чанартай боловсрол олгож, сургаж чадах хүмүүс гэдэгт бид итгэж байгаа" хэмээн онцоллоо.

ЭНЭХҮҮ СУРГАЛТ НЬ БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ЧАДАВХИЖУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА. 

АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дарга АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунгоо "АШҮУИС нь Багш хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Харвардын Анагаахын сургуультай хамтарсан Багш бэлтгэх хөтөлбөр байлаа. Их сургуулийн багш нарын нэлээдгүй хувийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн эзэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийг багш болгон бэлтгэх, төлөвшүүлэх нь их сургуулийн Багшийн хөгжлийн төвийн үндсэн үйл ажиллагаа байдаг.

Иймээс их сургууль бодлогын хүрээнд дэмжин ажиллаж, сургалтын төлбөрийн 50 хувийг төлж, үлдсэн төлбөрийг Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр нийт 50 багшаа хамрууллаа.  Багш нар сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, үүнийгээ бусаддаа заан сургах ажлуудыг хийж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг их сургуулийн дэмжлэгтэйгээр Сургалтын бодлого зохицуулалтын газар, Багшийн хөгжлийн төв хариуцан гүйцэтгэсэн бөгөөд цаашдаа ч Багш хөгжүүлэх сургалтууудыг зохион байгуулж, дэлхийн түвшний багш бэлтгэхээр зорин ажиллаж байна. БСШУСЯ-тай хийсэн гэрээнд зааснаар багш нарын 70-аас дээш хувь нь төгссөн тохиолдолд амжилттай суралцлаа гэж үзэх боловч манай багш нар 100 хувийн ажилттай төгслөө. Харвардын их сургуулийн багш хөгжүүлэх хөтөлбөр нь багшлах боловсон хүчнийг чадавхижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч хамтран ажиллах болно.  

Энэхүү нэр хүндтэй сургуулийн багш бэлтгэх сургалтыг амжилттай төгсөхөд дэмжлэг үзүүлэн ажилласан АШУҮИС, “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” НҮТББ, БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны Дээд боловсрол шинэчлэлийн төслийн хамт олонд нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна" гэв.

"Маш үр өгөөжтэй сургалт байж чадсан"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Төгсөгч А.Унаганшагай "Би хүүхдийн эмч мэргэжлээр 2013 онд АШУИС-ийг төгссөн. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж асар их зүйлийг сурч чадлаа. Бид ердийн үед эмч мэргэжлээрээ л ажилладаг хэдий ч өвчтөндөө, иргэддээ, хамт ажиллаж буй бүх хүмүүс багшлах шаардлага зайлшгүй гарч ирдэг. Бид ирээдүйд сургуульдаа багшлах боловсон хүчин болно. 

Тиймээс энэхүү сургалт нь маш үр өгөөжтэй байлаа. Энэ хөтөлбөрийг Монголд нэвтрүүлсэн Д.Ганмаа докторт болон дэмжин ажилласан бүх байгууллагуудад талархаж байна" гэлээ.