Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын алдарт уран зураг согтуу этгээдийн халдлагад өртөж, ноцтой гэмтжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Москвагийн Третьяковын Галлерейд хадгалагддаг “Догшин Иван хүүгээ алсан нь” хэмээх домогт уран бүтээл Баасан гарагт халдлагад өртөн ноцтой гэмтжээ.

Тухайн өдрийн орой музей хаах дөхөж байхад нэгэн согтуу үзэгч Илья Репиний уран зураг руу төмөр саваагаар довтолж, хэд хэдэн гэмтэл учруулсан байна.

Зураг гурван газраа урагдаж, хүрээ нь хугарсан тухай музейн захиргаа мэдэгджээ.

Халдлагыг үйлдсэн этгээд баривчлагдсан ба соёлын үнэт дурсгалыг сүйтгэсэн хэргээр гурав хүртэл жилийн хорих ял сонсох төлөвтэй байна. Уран зургийг сэргээн засварлахаар музейн танхимаас гаргажээ.

Халдлага үйлдсэн этгээд нь Воронеж хотоос Москвад ирсэн орон гэргүй Игорь Подпорин гэгч байсныг цагдаа нар тодруулсан байна.

Уран зургийг үзэхээр ирсэн тэрээр музей дотор байдаг кафед 100 грам архи уусныхаа дараа ухаанаа алдаж, уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлжээ.

Тэр бас зураг дээрх дүрслэл түүхэн үнэнтэй зөрчилдөж байгаа тул устгахаар шийдсэнээ ярьсан байна.

1885 онд Репиний зурсан уг бүтээлийн анхны нэр “Догшин Иван ба түүний бага хүү Иван, 1581 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр” гэдэг байжээ.

Догшин Иван хаан маргааны улмаас уурандаа хүүгийнхээ толгойг төмөр таягаараа цохиж алсан гэдэг.

1913 онд бас энэ зургийг сэтгэцийн гажигтай этгээд устгахыг оролдож, Оросын урлагийн түүхэнд анхны халдлагад өртсөн уран зургийн бүтээл болж байжээ. Тухайн үед халдагч этгээд “Дахин цус бүү гараг!” гэж орилоод хутгаар довтолсон ба үүний дараа сэргээн засварлахад 12 жилийг зарцуулж байсан гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today