Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: Гоё сюрпризүүдийг ард түмэндээ барина

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 17
iKon.MN
 

Монголын газрын зураг ба “Эдийн засгийн форум” хэмээх бичигтэй лого бүхий илтгэл, дэвтэр, танилцуулга сэлт ширээн дээр нь дэлгээтэй бөгөөд утсанд нь ирэх дуудлага тасрахгүй...

CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн ажлын өрөө иймэрхүү дүр зурагтай байв. “Реклам, сурталчилгаа, төсөв… Ээ бурхан минь” гэсээр тэрбээр биднийг ажлын өрөөндөө угтсан юм. Ирэх долоо хоногт болох гэж буй Монголын эдийн засгийн форумыг түүний удирддаг CEO клуб зохион байгуулж байгаа учир бүх анхаарал нь тийш ханджээ.

Ингээд Ч.Ганхуягтай Монголын эдийн засгийн форум болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна. 

- Ярилцлагаа таны үндсэн ажлын талаар эхлүүлье. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн сүүлийн үеийн мэдээллээс яриагаа эхэлье. 
- Би 28 жилийн өмнө Монголын хөрөнгийн биржид ажиллаж эхэлсэн юм билээ.

Ерөнхийдөө хөрөнгө, банк, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд өнөөдрийг хүртэлх ухамсарт амьдралаа зориулсан байна. Хүн тодорхой насанд хүрээд эргэн харж, ажлуудаа базах ёстой болдог. Ингээд банкны салбар, хөрөнгийн зах зээлд хийнэ гэж анх бодож байсан зүйл, амжуулаагүй ажлуудаа базаад дүгнэхэд хөдөлмөрийн идэвхтэй байх үлдсэн хугацаандаа амжуулах ёстой нэг зүйл нь хөрөнгийн зах зээл монголчууд бүгд хувьцаатай, өв хөрөнгөтэй болох тэр ажлыг хийж дуусгая гэсэн юм.

Энэ үүднээс банк санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийг бүгдийг нь уялдуулсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийг байгуулж, уулзах цэгийг нь бүрдүүлээд өгье гэж. Тэгээд нийгэмд учраад байгаа хэд хэдэн том асуудлыг энэ явцдаа шийдье гэдэг зорилгоор, “Хөрөнгө оруулагч үндэстэн болъё” гэж сүүлийн дөрвөн жил уриалаад явж байна.  

- Таны хүссэн үр дүн гарч байна уу?
- Би сая хувийнхаа зүйлийг ярилаа. Ер нь хүн насныхаа эцэст хий дэмий амьдарсангүй ээ гээд өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал байх. Ийм зүйлүүдийг хийжээ гээд эргээд ач, гуч нартаа яриад сууна гэж бодож байгаа.

Өчигдөр санаандгүй явж байтал Хас Банкны өмнөх, гоё цэцэглэсэн модны өмнө нэг хүн зургаа авахуулаад “Миний тарьсан мод гоё ургасан байна” гэхтэй таарлаа. Цаана нь миний тарьсан “мод” бас гоё “ургажээ” гэж бодож байлаа. 

Яг үүн шиг, цаашид юу хийх ёстой билээ гээд харсан. Хөрөнгийн зах зээлийг монголчууд өнөөдрийг хүртэл хүссэн хэмжээнд хөгжүүлж чадсангүй. Компаниудын хувьчлалуудыг хийсэн. Гэхдээ цөөхөн хүн хожсон. Нийтээрээ хожиж чадаагүй. Энэ бол факт. Гэтэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд өгчихсөн байгаа. Тэгвэл энэ компанийг зөв засаглалтай, нээлттэй, хамгийн ашигтай, дэлхийн хэмжээнд өрсөлддөг болгоё л доо.

Тэгээд хувьцаа эзэмшигчид нь нэг талаасаа хөрөнгөтэй, мөнгөний урсгалтай болох, нөгөө талдаа Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, мөнгөний эргэлтийг хурдасгах, гуравт Монголын хөрөнгийн бирж дэлхийд тэргүүлэх байр сууринд гарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах гол суваг болох, үүнийг дагаад Монгол Улс санхүүгийн төв болох боломжийг нээж өгье гэж зорьсон. Энэ хүрээнд олон улсад гарах нөлөө нь миний “Хөрөнгө оруулагч үндэстэн” байгаа юм. Зорилгын хувьд, улс орны хүлээгдэж буй үр дүнгийн хувьд ийм байна. Үр дүн бага биш гэж бодож байна. 

 Тэр хүмүүсийг улс төрийн намын удирдлагууд тавьсан учраас тэд надаас, чамаас айхгүй
 

- Та сая “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гээд ярилаа. Өнөөдөр хувьцааны талаар эд яригдаж байна. Та бүхэн энэ талаараа Засгийн газарт таницуулж чадсан уу. Засгийн газраас үзээд байгаа шиг гадаадын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг шууд гаргах боломжтой юм уу?
- Хувьцаа өөрөө сонин л доо. Өмч шүү дээ. Чи, бид хоёрт Засгийн газраас хувьцаа өгчихсөн. Тэр өмчийг дагаад эрх гэж байдаг. Бас тодорхой хэмжээний үүрэг дагалдаж байгаа. Түүнийг нь Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулиар хамгаалдаг. Гэтэл Үндсэн хууль, бусад хуулиа зөрчөөд, хувьцаа мөн, гэхдээ саналын эрхгүй гээд байгаа юм. Тэгээд зогсохгүй “Чи зүгээр л хараад байж бай. Бид илүү ухаантай учраас нүүрсийг хэдээр зарах, ТУЗ-д хэнийг сонгох, тайланг өгөх үү, үгүй юу, хуралд орох уу, орохгүй юу гэдгийг шийдье” гэж явж ирсэн. Найман жил шүү. Энэ хооронд 300 орчим мянган хүн хувьцааны бичгээ харж суусаар нас барсан. Тэр хүмүүсийн хохирлыг хэн барагдуулах вэ.

Одоо дахиад дүлэгнэж байх зуур өмчийнхөө эрхийг эдэлж чадахгүй байсаар бас л өчнөөн хүн бурхан болж байгаа. 

Хоёрдугаарт, гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргах шалгуурууд гэж байгаа. Үүний хамгийн эхэнд тухайн компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв засаглалтай, зөв ТУЗ-тэй байх ёстой. ТУЗ-өө хараат бус гишүүдээр бүрдүүлсэн, зөв ажиллагаатай байх ёстой. Наад захын энэ шалгууруудыг л хангахгүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хүлээн зөвшөөрөөгүй. Гагцхүү 85 хувийг эзэмшиж байгаа Засгийн газар дандаа улс төрийн шийдвэрүүд гаргасан. Тиймээс хэн ч Хөрөнгийн биржид очоод бүртгүүлье гэхэд бүртгэж авахгүй. 

Логикийн утгагүй нэг юм яриад байдаг. Тэнэг монголчуудад хувьцааг нь өгчихвөл зараад, хятадууд орж ирээд бидний юмыг хямдхан авчихна гэж. Харин ч гадаадын бирж дээр гаргачихвал гаднынхан авахад бүр амархан болох юм биш үү. Сая хэд хэдэн IPO боллоо. Амжилттай явж байна. Монголчууд асуудлыг ойлгож байна. 

Гэтэл монголчууд ойлгохгүй байна гээд байдаг. Үнэхээр 28 жил яриад ойлгоогүй юм бол дахиад хэдэн жил ярих гээд байгаа юм бэ. Хэдэн жил Хөрөнгийн биржээ хөгжүүлнэ гэж ярих вэ. 

- “Эрдэнэс Тавантолгой” хараат бус гишүүдтэй, хурлаа нээлттэй хийлээ гээд зарлаад байдаг биш билүү?
- Тэр хурлаа ажлын өдөр, 8.30 цагт, компанийнхаа байранд хийдэг. Хэн тэр хуралд  очих юм бэ. Би “Хөрөнгө оруулагч үндэстэн”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийнхээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийлээ л дээ. “Хуралдаа ирээрэй” гээд бүтэн сар, бүх телевизээр зар явуулсан. Ирж амжихгүй бол үз гээд камерууд авчирсан. 

“Эрдэнэс Тавантолгой”-н хуралд би сууж үзсэн л дээ, өнгөрсөн жил. Тэгээд дахиж суухгүй байхаар шийдсэн. Яагаад гэвэл асуулт асуусны минь төлөө дэд захирал нь намайг  орос үгээр хараагаад, хөөсөн. Хувьцаа эзэмшигчээ шүү дээ.
 
Би хувьцаа эзэмшигчтэйгээ яаж харьцдаг билээ. Тийм харилцаа огт байхгүй. Яагаад гэхээр тэр хүмүүс надаас, чамаас айхгүй. Тэр хүмүүсийг улс төрийн намын удирдлагууд тавьсан учраас тэр. Нээлттэй байхыг хүсэхгүй. Өөрсдийн дураар ажил явуулна, дураараа үнэ тогтооно, дураараа хөрөнгө оруулалт хийнэ. Мөнгө, эрх мэдлээ алдахгүйн төлөө зүтгэнэ. 

Бас нэг шалтаг хэлдэг. Хятадууд авчихна шүү дээ гэж. “Эрдэнэс Тавантолгой” төрийнх байгаа учраас цаана нь 200 ам.доллараар зарж байгаа нүүрсийг хятадууд аман дээрээс нь 60-аар авч байгаа. Хажууханд нь байх монгол компани 5-6 ам.доллараар зөөж болж байгаа нүүрсийг хятадууд 30 доллараар зөөж өгч байгаа байхгүй юу. Ашгийг нь тэртэй тэргүй хятадууд ингээд авч байхад битгий тийм балай, авцалдаагүй юм ярьж хүмүүсийг хуур л даа. 

- ”Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн биржид гаргах төлөвлөгөөгөө Засгийн газрын өргөтгөсөн бүрэлдэхүүнд танилцуулж амжсан уу?
- Засгийн газар судалж байгаа байх. Засаг учраас нэлээд нухацтай бодож, хэлэлцэж байгаад шийдэх байх. Гэхдээ Л.Наранбаатар, Б.Баяр бид гурав Ерөнхий сайдад энэ асуудлаа танилцуулна. Фэйсбүүк дээр үүссэн байгаа группийн 100 гаруй мянган гишүүн, 2.1 сая иргэнээ төлөөлөөд “Бидний өмчийг бидэнд өг” гэдэг шаардлагыг л тавина. 

Хувийн хэвшил, CEO клуб анх энэ чуулганыг санаачлаад,  оролцоод, төр засгийн төлөөлөлтэй нэг ширээ тойрч сууж байгаад асуудлуудаа ярьсан
 

- Монголын эдийн засгийн чуулганы талаар асуумаар байна. Форумыг зохион байгуулахтай холбоотой маргаан үүссэн. CEO клубийнхэн зохион байгуулах эрхгүй, санхүүгийн асуудалтай гэж байснаа одоо зохион байгуулахаар болчихсон байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү? 
- Би 2008 онд Дэлхийн Банкныхан, том бизнесийнхэнтэй ярьж байгаад Эдийн засгийн бодлогын форум гэж анх энэ чуулганыг зохион байгуулж байсан. Хоёр удаа хийгээд 2010 оноос С.Батболдын Засгийн газар хувийн хэвшилтэй хамтраад чуулганыг  аваад явна гээд хийж эхэлсэн.

Хувийн хэвшил, CEO клуб анх энэ чуулганыг санаачлаад,  оролцоод, төр засгийн төлөөлөлтэй нэг ширээ тойрч сууж байгаад асуудлуудаа ярьсан. Их амжилттай байсан. 2012 он хүртэл би Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллах явцдаа өөрөө улс төрд орсон. Сонгуульд оролцсон. Манай нам ялагдсан. Тиймээс чуулганы ажлыг цаашид Цагаан дарга аваад явах нь зүйтэй гэж тохироод, тамга тэмдгээ шилжүүлсэн. 

Харин 2012 оноос хойш манай Удирдах зөвлөл огт хуралдаагүй учраас тамга тэмдэг, данс шилжүүлсэн явдал албажиж баталгаажаагүй юм билээ. Тэгэхээр албан ёсоор би Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн даргаар явж байгаа юм билээ.  Дүрмээрээ бол үүсгэн байгуулагчид нь Удирдах зөвлөлтэй, даргаар нь Сү.Батболд байдаг юм байна. Энэ талаарх магадлагааг би фэйсбүүктээ тавьсан байгаа. 

Нэгэнт 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гараад ирсэн, би сонгуульд ялагдсан байхад Засгийг хувийн хэвшилтэй холбоно гээд явах нь буруу учраас П.Цагаан гуайг аваад яваг л гэж бодсон.

CEO клуб бол аль нэг намын байгууллага биш. Бизнесийн төлөөний байгууллага. Би ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Мөн Монголын эдийн засгийн форумыг анх би өөрөө үүсгэн байгуулсан. Хууль ёсны дагуу Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн даргаар байдаг юм байна. Тиймээс тараагаад хаясан байсан ажлаа хумьж аваад зүгшрүүлж өгөөд, зөв болгоод явъя л гэж бодож байна.

”Монголын эдийн засгийн форум” бол Хас банк, Тэнгэр санхүүгийн нэгдэл, Ардтай адилхан миний нэг үр хүүхэд шиг байгууллага. Би үүнийг тодорхой зорилготой байгуулсан. Урт удаан хугацаандаа төр, хувийн хэвшлийн зөвшилцлийн механизм байгаасай, гудамжинд жагсаал цуглаан хувьсгал ярьдаг биш, танхим дотроо асуудлуудаа ярилцаж, ойлголцох боломжийг бүрдүүлээсэй гэж хүссэн.

Би, чи гэж хүн ярьдаг биш, асуудлыг, хөгжлийг ярьдаг хэлэлцүүлгийн механизм заавал байх ёстой гэдэг үүднээс л бид үүнийг хийсэн. 2005 оноос гудамжинд тэмцэл явж эхэлсэн. Сайн үр дүн авчраагүй. Харин үүнийг бид танхимд оруулж ирж чадсан. Энэ бол чухал үр дүн. Ийм л түүхтэй.

Би амьдралдаа өөрийнхөө байгуулсан аль нэг байгууллага болоод хүний байгуулсан байгууллагаас хулгай хийж үзээгүй. Тендер авч үзээгүй. Тендерээс цавчаа авч үзээгүй

- Таныг Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байхдаа мөнгө төгрөг идсэн гээд байгаа нь үнэн үү?
- Хэрэв энэ байгууллагыг өөрөө байгуулаад, өөрөө спонсор хийчихээд тав арван цаас хулгайлсан гэж намайг гүтгэж байгаа бол тэрийг хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхийн төлөө л явна.

Харин ингэж фэйсбүүкт мөнгө төлж, төлбөртэй пост (sponsored post) тавьсан хүмүүс хариуцлагаа үүрэх ёстой. Яагаад гэвэл би дансандаа 100 мянган ам.доллар (баримт нь надад байж байгаа шүү дээ)-ын үлдэгдэлтэй байгууллагыг шилжүүлэн хүлээлгэж өгөөд явсан. 100 мянган ам.доллар зарим хүнд их биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ намайг мөнгө авсан, идсэн гэж байгаа бол би өөрийгөө хамгаална. Би амьдралдаа өөрийнхөө байгуулсан аль нэг байгууллага болоод хүний байгуулсан байгууллагаас хулгай хийж үзээгүй. Тендер авч үзээгүй. Тендерээс цавчаа авч үзээгүй. Хэн нэгнээс юм гуйж, мөнгө авч үзээгүй. Би эрх чөлөөгөө дэндүү нандигнадаг учраас тэр. Хэрэв би мөнгө авчихсан байсан бол бэмбэгэнээд өнөөдөр энэ ажлыг зохион байгуулж чадахгүй сууж байх байсан шүү дээ. 

Нийгмийн зөвшилцлийг бий болгож, үнэн зөвийг гаргаж ирж байгаад чиглэлээ тогтоогоод тэр зүгтээ явбал ажил бүтнэ
 

- Энэ удаагийн эдийн засгийн форум “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай байгаа. Урианы талаар ярихгүй юу?
- Энэ бол У.Хүрэлсүхийн уриа. У.Хүрэлсүх реформын шинж чанартай, нийгмийн том  өөрчлөлтүүдийг хийх гэж гарч ирсэн. Та нар санаж байгаа бол би нэг уриалга гаргаж байсан. Үндсэн хууль, нам, улс төр, тогтолцоогоор нь өөрчилье. Энэ чинь болохгүй байна. Эдийн засгийн бүтцээ өөрчилье, нийгэм доторх харилцаагаа өөрчилье гэж. Үүнийг хийнэ гэж байгаа хүмүүс дангаараа хийх боломжгүй гэж би харж байгаа. 

“Хүчээ нэгтгэе” гээд хувийн хэвшилтэйгээ хамтраад энэ чуулганыг хийе гэж байгаа нь энэ Засгийн газрын давуу тал, ололт гэж бодож байгаа.

Амжилтын нэг үндэс болно. Улс төрийн нөгөө намууддаа, төр нийгмийн бусад хэсгүүддээ, хувийн хэвшилдээ, эрдэмтэд, ахмадууд, залуучууд, нийт монголчууддаа төдийгүй гадаадын түншүүддээ “Хүчээ нэгтгээд, хамтраад хийе. Хангалттай улстөржлөө. Одоо бүх зүйлээ ярилцаж, ойлголцолд хүрье” гэдэг үүднээс ийм уриатайгаар чуулганыг хийж байгаа болов уу гэж бодож байна. 

Бид уриаг синержи гэдэг үгээр орчуулж байгаа. Синержи гэдэг нь “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн л утга. Манай компани "Хүчтэй, хамтдаа" гэсэн уриатай болохоор түүнтэй утга нэг юм шиг санагдаад намайг форумын уриаг зохиосон гэж бодож байж магадгүй. Энэ бол Засгийн газрын тэргүүнээс гарсан уриа. 

- Эдийн засгийн форумыг та анхнаас нь зохион байгуулсан хүний хувьд үр дүнг нь хэрхэн үнэлдэг вэ?
- Чуулганы үр дүн бол тодорхой гэрээ хэлцэл хийгээд, шийдвэр зарлаад байхдаа гол нь биш гэж боддог. Харин маргаж, эргэлзэж байгаа талуудыг ширээний ард суугаад ярилцах боломжийг л олгодог. Их яриад байна гэж хүмүүс шүүмжилдэг. Бид ярихгүйгээр юу ч хийж чадахгүй.

УИХ-ын гишүүд чинь ярих л ажилтай шүү дээ, үндсэндээ. Аливаа манлайлагч эргэн тойрондоо өөрчлөлтийг авчиръя гэж байгаа бол үзэл бодол, зарчим, явах гэж байгаа чиглэл, хүрэх гэж байгаа алсын хараагаа тайлбарлаж, ухуулж, ойлгуулж байж араасаа олныг дагуулдаг. Тийм боломжийг л олгох ёстой. Хүчээр жагсаал цуглаан хийж, эсвэл бүгд хүрз жоотуу бариад үйлдвэрт очихыг ажил гэж хардаг хүмүүс байдаг. Тэр буруу шүү гэдгийг хэлмээр байдаг. Ярина гэдэг чинь ажил. Нийгмийн зөвшилцлийг бий болгож, үнэн зөвийг гаргаж ирж байгаад чиглэлээ тогтоогоод тэр зүгтээ явбал ажил бүтнэ. Манлайллын хамгийн чухал хэсэг нь ярих. 

- Тэгвэл энэ удаагийн чуулганаас та юу хүлээж байна?
- Эдийн засгийн чуулган дээр Г.Занданшатар сайд тодорхой шийдвэрүүдийг зарлаж, ард түмний дунд эргэлзээ төрүүлдэг олон асуудлын зангилааг тайлна гэж зорьж, ажиллаж байгаа. Г.Занданшатар сайд чуулганы ажлын хэсгийн даргаар ажиллаж буй. Чуулганд бүх яамдын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар орсон байгаа.

МҮХАҮТ бизнесийнхнээ, манай CEO клуб том бизнесийнхнээ дагуулж оролцоно. Бид чуулганаар гоё сюрпризүүдийг ард түмэндээ барина гэж бодож байгаа. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгээд ажилласнаар ийм үр дүнд хүрч чадаж байна гэдгийг Монголд биш, дэлхий нийтэд зарлах боломж гарна.

- К.Шваб өөрийн багтайгаа 2013 онд Монголд ирээд Монголын хөгжлийн гурван хувилбарыг гаргаж өгсөн. Харамсалтай нь тэр үед гаргаж өгсөн хамгийн гутранги хувилбараас хамаагүй муу хувилбарыг бид сонгоод явчихсан нь өнөөдөр харагддаг гэж та хэлсэн байсан. Тэгвэл таны бодлоор яг ямар замаар яаж явах нь зөв гэж та харж байна вэ? 
- Эдийн засгийн өсөлт заавал гаргах ёстой. Бид дангаараа энэ дэлхий дээр байхгүй. Эдийн засгийн өсөлт гаргахын тулд байгаа юмаа дэлхийтэй наймаалцах ёстой.

Монголын хувьд хоёр нийлүүлэгч байдаг. Хятад манай бүх юмыг авдаг, харамсалтай нь хямдханаар. Оросууд бол хятадтай нийлээд бидний хэрэгцээг хангадаг.

Тэгэхээр бид геополитикийн хувьд хамааралтай, хараат. Нөгөө талаар, манай эдийн засаг өөрөө ганц уул уурхайгаас хамааралтай. Монгол Улс эдийн засгийн бүтцээ аваад үзвэл хүссэн ч, хүсээгүй ч албан ёсоор уул уурхайн улс болсон. Малчдын тоо жилээс жилд буурсаар байгаа. Бид бол аж үйлдвэржиж байгаа уул уурхайн улс. 

Манай зарим дарга нар дотооддоо л бүх юмаа хийгээд явчихвал болно гэдэг.

Бүгд хар ажилчин болбол гурван сая монголчууд яаж ч хичээгээд дэлхийг хангаж чадахгүй. Бид дэндүү цөөхүүлээ бөгөөд дэндүү үнэ цэнэтэй. Бид хүүхдүүддээ 1-2 хэл сургаад сайн боловсрол эзэмшүүлж, гоё ажил хийгээсэй гэж хүсдэг болохоос замын компанид тракторчноор ажиллаасай гэж мөрөөдөхгүй. Энийг л цөмөөрөө хүлээн зөвшөөрчихье.

Монгол залуучууд сайн явж байгаа. Google, Рио Тинтод ажиллаж байна. Дэлхийд өрсөлдөж чадаж байна. Тэгвэл бүх хүүхдээ тийм болгох боломжийг нь олгох ёстой. Бид боловсролын салбараа хамгийн дээд түвшний сургалттай болгох ёстой. Бид хийж чадна. Бидэнд улс төрийн сайн санаа, манлайлал, зориг хэрэгтэй. 

Аж үйлдвэржилтийн IV хувьсгал гэхээр гангийн үйлдвэр бариад, бүгд хар ажилтан болох биш шүү. Энэ бол цахим хувьсгал. IT, мэдлэгт суурилсан эдийн засаг, боловсрол дээр суурилна. Үүний тулд дэлхийн 200 гаруй улстай өрсөлдөж, дэлхийн зах зээлд ажлын байрны төлөө, технологийн төлөө, мөнгө санхүү, сайхан амьдралын төлөө монголчууд  өрсөлдөнө. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэвэл боловсрол хэрэгтэй. Боловсролоо  дагаад технологи, бүтээмж орж ирэх ёстой. Монгол хүний бүтээмж дээшлэх ёстой. Бүтээмж гэдэг оюуны бядаар л гарч ирдэг зүйл. Тэгээд бидэнд эдийн засгийн өсөлт гарч ирнэ. Эдийн засгийн өсөлт хүний амьдрал, орлого, амжиргаанд нөлөөлдөг. 

Боловсролтой, чадалтай, сэтгэлийн тэнхээтэй хүн хэзээ ч, хаана ч алзахгүй. Би өөрийгөө заачихвал хэтэрхий онгирсон болох байх. Гэхдээ залууст зориг өгөх үүднээс ярья.

Миний амьдрал тийм амар байгаагүй. Аавыгаа би 21 настайдаа алдаад хоёр дүү, ээжтэйгээ үлдэж байсан. Хувиараа сургуульд сурч, улсад 20 ам.долларын цалинтай ажиллаж байсан. Хөрөнгийн биржид ажилласан. Монголын хамгийн сайн банкийг байгуулсан. Бүгдийг тэгээс эхэлсэн. Манай аав жолооч механикч, ээж “Жуулчин”-д нягтлан бодогч байсан.

Миний хүүхдийг амьдрал хайрлаагүй. Сонгуульд би ялагдаж байсан. Найз нөхөд минь нүүр буруулж байсан. Гэхдээ би өөрөө өөрийнхөө амьдралыг ямар ч нийгэмд, ямар ч тогтолцоонд аваад явж чадна гэдгээ л харуулж байгаа юм. Тиймээс залуус өөрсдийгөө сайн хөгжүүл, үр хүүхдээ сайн боловсруул. Миний хүүхдүүд энэ нийгэмд амьдарна. Хүн бүр сайн боловсролтой байвал энэ улс тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, дэлхийд хүндлэлтэй, байр суурьтай, нэр төртэй байх боломжтой болно. 

Намаар гүйсэн намчин залуус тэнд нь очиж дарга болоод, улстөрчид сонгууль болохоор тэндээс нь  тэжээгддэг учраас стратегийн гэж нэрлэж байгаад ард түмнийг хуураад яваад байх сонирхол байна

 

- Амьжиргааны түвшний талаар түрүүн та дурдлаа. 2011 онд манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байхад та Сангийн дэд сайд байсан. Харамсалтай нь тэр өсөлт уул уурхай дагасан өсөлт байсан тул иргэдийн амьжиргаа дээшилж чадаагүй. Өнөөдөр дундаж цалин өссөн гэж мэдээлж байгаа ч бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул зардал нэмэгдсэн. Иргэдийн амьжиргаа хэвээрээ сайнгүй л байна. Тийм үү?
- Хоёр талтай. 2008-2012 онд цалинг хоёр дахин, тэтгэврийг гурав дахин нэмсэн байдаг. Төгрөгийн ханш 2009 онд 1,700 руу орсон. Үндсэндээ 1,100-1,300 хооронд хэлбэлзсэн. Бид 2012 онд засгийн эрхийг хүлээлгэж өгөхөд улсын төсөв зургаан их наяд,  нэг хүний цалин 700 мянгад хүрсэн байсан. Харин тэрний дараах дөрвөн жилд асуудал буруугаар эргэсэн. Цалинг нэрлэсэн дүнгээр нь нэг ч нэмээгүй. Тэтгэвэр ч нэмээгүй. Маш их өрөнд орсон. Төгрөг ханшаа алдаж, 2,500 хүртэл унасан. Макро эдийн засгийн буруу бодлого, улс төрийн шийдлүүдээс болж. Анх 2012 оны намраас миний амьдай Уул уурхайн сайд болоод л том том мэдэгдэл хийснээр хамаг юмыг гацаасан. Юмаа мэдрэхгүй, мэргэжлийн бус хандана гэдэг тэр. 

Харин яг одоо Засгийн газар зөв шийдвэр гаргаж чадвал энэ жил эдийн засаг 15 хувь өсөх боломж байна. Нөгөө л 1,072 ширхэг хувьцаа эргэлтэд орвол яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

- Эдийн засгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн байр суурь, статус ямархуу харьцаанд байх нь эрүүл юм бэ?
- Төр бол хуулиа гаргадаг, сахидаг, тоглоомын дүрмийг гаргачихаад шүүгч хийдэг л байх ёстой. Монгол Улс Хятад, Оросын дунд байдаг геополитикийн өвөрмөц статустай учраас төр зарим нэг ААН-ийг өөр дээрээ авч ажиллуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нүүрсийг стратегийн гэж нэрлэх бол буруу. Манай нэг найз Австралид 5.2 тэрбум тоннын нөөцтэй  коксжих нүүрсний үйлдвэрээ одоо ажиллуулж эхэлж байна. Гэр бүлээрээ л эзэмшдэг. Хятад руу гаргадаг. Гэтэл манайд зарим улстөрч өөрсдөө баяжих гээд стратегийнх гэж зарлаад, хувийн хэвшил хийх ёстой ажлыг урдуур нь орж булааж авч байна. Намаар гүйсэн намчин залуус тэнд нь очиж дарга болоод, улстөрчид сонгууль болохоор тэндээс нь  тэжээгддэг учраас стратегийн гэж нэрлэж байгаад ард түмнийг хуураад яваад байх сонирхол байна. 

- Бизнесийн салбарынхан эдийн засгийн салбарт болсон хямралаас болоод нэлээд хүнд байдалд орж, хаагдах нь хаагдсан. Яг одоо ямар дэмжлэг хэрэгтэй байна, бизнесийнхэнд? 
- Харилцан адилгүй байна.

Бид санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээл гээд нэлээд ажиллалаа. Дарга нарт нэг зүйл уриалмаар байна. Хуучны үеийн журмуудаа жаахан суллаач ээ. Тэр олон бичиг цаас шаарддагаа болиоч ээ гэж. Би “Жинст Увс” гээд компанийг худалдан авч, “Хөрөнгө оруулагч үндэстэн”-тэйгээ нэгтгээд гайгүй юм хийчихлээ гэсэн чинь өөртөө зовлон учруулчихаж. Компанийг татан буулгана гэхээр машин машинаар цаас зөөлгөдөг, шаарддаг балиар зангаасаа хурган дарга нар салаагүй байна. Энийг болиулах хэрэгтэй байна. Хүнээ гэж боддог сэтгэхүйтэй болмоор байна.

Хуульд байхгүй хачин юм шаарддаг юм байна. Ийм зүйлтэй би хувь хүнийхээ хувьд ч,  бизнесийг төлөөлдөг хүнийхээ хувьд ч тэмцэнэ. Хүний өмчийг хүндэлж сур гэж хэлмээр байгаа юм.