Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины эдийн засаг 100 жилээр ухрав

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг

Аргентин Улс Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авах хэлцлийг эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 25 орчим хувиар суларч, инфляцаа бууруулах зорилгоор Аргентины Төв банк сүүлийн хоёр долоо хоногт бодлогын хүүгээ гурван удаа нэмэгдүүлж, 40 хувьд хүргээд байгаа юм. Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурисио Макри “Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авах хэлцлийг эхлүүлээд байна. Кристин Лагард тохиролцоонд хүрэхээр бидэнтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа.

Энэхүү санхүүгийн дэмжлэгийн тусламжтайгаар бид өнгөрсөнд гаргасан алдаагаа давталгүй, эдийн засгийн хямралаас сэргийлэх боломжтой болох юм” гэж мэдэгдээд буй. Аргентин Улс өмнө нь Олон улсын валютын сангаас санхүүгийн хөтөлбөрт хамрагдаж байсан. 2001 оноос хойш Аргентины песогийн ханш ам.долларын эсрэг 70 орчим хувиар суларч, Аргентины таван иргэн тутмын нэг нь ажилгүй болоод байгаа юм.

Аргентинчуудын олонх нь өмнө нь хэрэгжүүлж байсан Олон улсын валютын сангийн бодлогыг тус улсын 2001 оны санхүүгийн хямралыг даамжруулсан гэж үздэг. Иймд энэ удаагийн хямралын эсрэг Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжих нь эргэлзээ төрүүлж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Зуун жилийн өмнө АНУ, Аргентин хоёр хөгжлийнхөө төвшнөөр бараг адилхан байжээ. Харин 200-аад жилийн өмнө аргентинчуудын хүн амын бодит орлого АНУ-ынхаас өндөр байсан гэх тооцоог Америкийн эдийн засагч Жон Костуорт хийсэн байдаг. XX зууны эхээр олон сая цагаадын хувьд Буэнос-Айрес уу эсвэл Нью-Йорк уу гэсэн сонголтын өмнө эргэлздэг байв.

Аргентины нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1913 онд 3.8 мянган ам.доллар (1990 оны олон улсын ам.долларын ханшаар) байв. Харин одоо бол АНУ, Аргентиныг эдийн засаг, хөгжлийн хувьд харьцуулна гэдэг тэнгэр газар мэт ялгаатай. АНУ их гүрэн болж, нэг хүнд ногдох орлого нь 53 мянган ам.доллараар хэмжигдэх болов. Харин Аргентин “serial defaulter” буюу байнгын дампуурагч гэсэн цол зүүх болжээ. XX зууны Аргентины эдийн засгийн хөгжлийн бүтэлгүйтлийн тодорхой шалтгааныг шууд нэрлэнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ гол шалтгаануудын нэг нь улс төрийн институцийн болон макро эдийн засгийн муу бодлого.

1990-ээд оны эхээр Аргентинд инфляц 5,000 хувьд хүрч байсан бөгөөд тухайн үед шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Карлос “Менем currency board” хэмээх бодлого явуулж валютын нөөцийн хэмжээг эргэлтэд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүүлж, ам.доллар үндэсний мөнгөн тэмдэгт хоёрыг хүчээр ижил үнэтэй болгов. Эхэн үедээ энэ алхам амжилт олж инфляц зогсож эдийн засаг нь хөл дээрээ боссон бөгөөд дэлхий даяар Аргентины эдийн засгийн гайхамшгийн тухай шагших болов. Гэвч 1990-ээд оны сүүлчээр байдал дордов.

10-аад жилийн турш эдийн засаг цэцэглэж байна хэмээн ард түмнийг хуурсан нь ил гарч Аргентин гадаад өрөндөө дарагдсан юм. Тус улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 90 хувьд, харин улсын нийт гадаад өр ДНБ-ий 255 хувьд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, хөрөнгөө татахад хүргэсэн бөгөөд энэ нь өрийн хямралыг эхлүүлэх асаагуур болсон юм. Дээр нь Олон улсын валютын сан эхлээд баахан мөнгө зээлдүүлж байснаа гэнэтхэн зогсоож, бүр ч хүнд байдалд оруулсан. Мөн песогийн ам.доллартай харьцах ханшийг чөлөөлснөөр үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж дэлхийн түүхэн дэх хамгийн том буюу зууны дефольт болов.

Энэхүү хямрал 2001 онд тус улсын санхүүгийн системийг унагаж, өөрсдийн хүчээр хямралаас гарах гарцыг ерөнхийд нь үгүй хийсэн юм. Ингээд Латин Америкт хамгийн баян гэгдэж байсан орон нэг шөнийн дотор хоосров. Бүх үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж ханш нь 3-4 дахин унав. 2002 оны эхний улиралд үйлдвэрлэл 20 хувиар буурч, хүн амын 52 хувь нь ядуу болж хувирлаа. Худалдан авах ажиллагаа зөвхөн ам.доллараар явагдаж байсан ч ам.доллартай хүн тун цөөн байв. 2001 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2002 оны нэгдүгээр cap хүртэлх хугацаанд таван Ерөнхийлөгч солигдов. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж хулгай, дээрэм газар авлаа.

Олон улсын валютын сан песогоор гүйлгээ хийхийг зогсоож, зөвхөн ам.доллар ашиглахыг ятгаж эхлэв. Хувийн банкууд байгаа мөнгөө аван улс орноос гарч явах гэсэн нь гадагшаа гарах мөнгөний урсгалыг улам нэмэв. Тиймээс Засгийн газар бүх банкны тооцоог зарцаав. 2003 онд Нестор Киршнер Ерөнхийлөгч болж нэлээн ардчилсан бодлого явуулж эхэлсэн. Тэрбээр авлигатай дайн зарлаж олон арван төрийн өндөр албан тушаалтныг халав. Түүнчлэн Аргентинд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн АНУ, Олон улсын валютын санг янз бүрээр аргадаж байлаа.

ДАХИАД Л ЭХНЭЭСЭЭ...

Киршнер хоёр удаа сонгогдсон бөгөөд түүний үед Аргентины эдийн засаг хөл дээрээ босч чадсан юм. 2007 онд Ерөнхийлөгчөөр Киршнерийн эхнэр Кристина Киршнер сонгогдов. Улс оронд эдийн засгийн “гайхамшиг” дахин эхэлж 2001 оны үедээ буцаж ирлээ. Кристинагийн гол хийдэг ажил нь статистикийн тоо баримтаар тоглох. Засгийн газрын албан ёсны тайлангуудад инфляц доогуур гэж бичдэг ч Олон улсын валютын сангийн үзэж буйгаар тоо баримт, бодит амьдрал хоёр алд дэлэм зөрөх ажээ.

Тиймээс Олон улсын валютын сан худал мэдээлэл өгөхөө үргэлжлүүлбэл зээл егөхөө зогсооно гэж сүрдүүлэв. Кристина Ерөнхийлөгч болсноор хавтгайруулсан тэтгэмж тарааж эхэлсэн юм. Монголын Засгийн газрын өгдөг байсан хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө гээд төрөл бүрийн тэтгэмж энэ оронд ч байв. Үүнээс гадна Аргентинд хүүхдэд тариа хийсэн, сургуульд хүргэж өгсөн, хогтой уут ураагүй хүн төрөөс тэтгэмж авдаг. Гэр бүлээрээ төрийн мэдлийн зочид буудалд амрахад бараг л үнэгүй. 2012 онд Аргентины ДНБ гурван хувийн алдагдалтай гарав. Дотоодод мөнгө зээлэх хүн байхгүй.

Гаднаас мөнгө авах гэхээр хэтэрхий өндөр хүүтэйгээс гадна итгэж мөнгө зээлэх олон улсын байгууллага болон улс байхгүй болжээ. Гэвч Кристинагийн хувьд энэ асуудал биш байсан бөгөөд тэрбээр их хэмжээний мөнгө хэвлэж байв. Харин хэтэрхий их мөнгө хэвлэсний үр дүнд нь тус улс дахь мөнгөний хэмжээ 40 хувиар өсжээ. Хэдийгээр олон улсын байгууллагууд, банк санхүүгийн корпорациуд болон донор орнууд Аргентины гадаад өрийн 90 хувийг 2002-2005 оны хооронд тэглэсэн боловч, тус улсын Засгийн газрын гадаад дахь хөрөнгө болон аж ахуйн нэгжүүдийн дансны үлдэгдлийг хураасан нь эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх боломжийг хумьсан юм.

Аргентины өнгөрсөн хугацаанд зөвхөн санхүүгийн зах зээл дээр нийт 460 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө алдагдсан гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг бөгөөд өнөөг хүртэл өрийн хямралын үр дагаврын дарамт арилаагүй байна. Одоогийн байдлаар Аргентины 30-40 мянган иргэн гудамжинд хог түүж, хоёрдогч түүхий эдээр өл залгуулж байна. Бэлэн мөнгө дутагдахын улмаас бартераар эд зүйл наймаалдаг сүлжээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжжээ. Телевизийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж эфирийн цагаа дүүргэх болов. Боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлгийн олонх нь хаагдав.

Түүнчлэн олон улсын зээл ховордож, бондны зах зээлийн хаалга хаагдсан тул тус улсад зээл олгох орон ч ховордоод буй. Олон улсын үнэлгээний “Moody’s" агентлагийн тогтоосон зээлжих зэрэглэлээр Аргентин Улс хамгийн муу буюу “Саа1” ангилалд буй. Үүнээс гарч чадвал тус улс олон улсын зах зээлд дахин бонд гаргах боломж бүрдэх юм. Одоо тус улс Олон улсын валютын сан болон зуун жилийн өмнөх хүчтэй хөдөө аж ахуйн салбарын туршлагадаа найдах үлдэж байна. Өөрөөр хэлбэл юунаас эхэлсэн түүндээ буюу эдийн засгийн хувьд 1900 оны эхэн үе рүү буцан орж байна.

Зураг