Трамп-Кимийн түүхэн уулзалт хаана, яг хэзээ болох вэ гэдгийг дэлхий даяараа мэдээ хүлээн суугаа. Монгол, Сингапур гэсэн хоёр хувилбар үлдээд байгааг олон улсын агентлагууд мэдэгдээд байна. Тиймээс ч бид манай улсад энэ уулзалт болох боломжтой юу гэх мэдээллүүдийг хүргэсээр байна.
Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өөрийн блогтоо бичсэн бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр энэ уулзалт Улаанбаатарт болох боломжтой ТАВАН ШАЛТГААНЫГ бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрх мэдээг сонсонгуут надад төрсөн бодол.
Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо 2017 онд тэмдэглэсэн. Дээрх 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрх хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавх Улаанбаатарт бүрэн бий.
Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны долоодугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өнгөрсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа.
Улаанбаатарын хувьд дээрх дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг.
Монгол Улсын байршил нь уг дээд хэмжээний уулзалтын хувьд хамгийн тохиромжтойд тооцогдоно. Учир нь Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаарх 6 талт хэлэлцээрт оролцогч орон бүртэй найрсаг харилцаатай. ОХУ, БНХАУ нь манай улсын хөрш орнууд. БНАСАУ, БНСУ-тай хоёулантай нь дипломат, уламжлалт харилцаатай цөөхөн орны нэг бол Монгол Улс юм. АНУ болон Япон Улстай стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлж ирсэн. Дээрх улсуудын алинаас нь ч зочин төлөөлөгч хүлээн авах бүрэн боломж, чадавх Улаанбаатарт бий. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ил Сон Улаанбаатарт 2 удаа айлчлан ирж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад 2005 онд төрийн айлчлал хийсэн.
Монголын ард түмэн бол найрсаг, зочломтгой хүмүүс. Монголчууд бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн их түүхэнд төрт ёсны дэг жаяг, дипломат алба, морин өртөө, чөлөөт худалдаа, шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөө, уламжлалаараа тод мөр үлдээсэн ард түмэн юм. Одоогийн Монгол нь нээлттэй, энхтайванч, эрх чөлөөт улс. Монгол бол гаднаа дайсангүй, дотроо дайнгүй амгалан, аюулгүй орон. Олон Улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон чухал асуудлууд, түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал, яриа хэлэлцээнд Улаанбаатарын үүд хаалга байнга нээлттэй байж ирсэн. Цаашид ч нээлттэй байх болно. Тавтай морилно уу!
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын Ерөнхийлөгч (2009 - 2017)
2018.04.23
Эх сурвалж: http://ekhmongol.blogspot.com/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!