Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Азийн хөгжлийн банк мэргэжлийн боловсрол сургалт, дээд боловсролын салбарт хөрөнгө оруулна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ гадны түнш байгууллагуудтай хамтран салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нийт төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. 

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен "Азийн хөгжлийн банк 1991 оноос эхлэн боловсролын салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Эдгээр хөтөлбөрүүд өндөр үр дүнтэй хэрэгжсэн гэж дүгнэж болно. Мэдээж хэрэг төсөл хэрэгжих явцад алдаа дутагдлууд байсан.

Цаашид бид мэргэжлийн боловсрол сургалт, дээд боловсролын салбарт хөрөнгө оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарч, энэ чиглэлээр төсөл хөтөлбөрүүд боловсруулна" гэв.

 Ерөнхий боловсролын сургуульд хамгийн их төсөл хэрэгждэг

 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУСЯ-ны олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт "БСШУСЯ гадны түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг 10 жилийн дараа сэргээн хийж байна.

Уулзалтад түнш байгууллагуудын 40 гаруй, төлөөлөгчид оролцож байгаа. Яамны зүгээс гадаадын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байна. 

Манай улсын боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд бүгд тулгамдаж байгаа асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа. Үүн дотроос Ерөнхий боловсролын сургуульд хамгийн их төсөл хэрэгждэг. Эдгээр төсөл нь сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдэж байна" гэлээ. 

1,000 инженерийн төслийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми "Жайка 2002 оноос Монголын боловсролын байгууллагад хөрөнгө оруулж ирсэн.

Шинээр дөрвөн сургуулийг барьж байгуулна. 1,000 инженерийн төслийг ШУТИС-тай хамтраад хэрэгжүүлж байгаа. Ажлын байр олдоцтой тус мэргэжлээр оюутнуудыг Японд суралцуулна.

Сүүлийн үед бидний анхаарал хандуулж байгаа нэг асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол. 

Нийгэм хөгжихийн хирээр нийгмийн давхаргуудын хоорон дахь ялгаа гарч ирдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог нь сайжруулахын тулд багаас нь тэдний боловсролд анхаарах хэрэгтэй" гэлээ.