Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Засгийн газар Хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтаа АмЧамын гишүүдтэй зохион байгууллаа

ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN

2018 оны 1-р сарын 23-ны өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар тэргүүтэй Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон төрийн бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагууд, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид, Монгол дахь гадаадын элчин сайдын яамд болон худалдааны танхимын төлөөлөл, зочид хүрэлцэн ирэв. Сайд Г. Занданшатар Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хийж, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал солилцож, асуулт, хариултын хэлэлцүүлэг хийв.

 

Сайд Г. Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар:

“Монгол Улсын Засгийн газрын бодлогын нэг хэсэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, харилцан үр дүнтэй шийдэлд хүрэх явдал юм. Хөрөнгө оруулагчдын итгэлийг төрийн бүх байгууллагуудын нэгдсэн зорилго, хамтын ажиллагааны үндсэн дээр сэргээн хөгжүүлэх боломжтой.
Цаашид хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтран ажиллах, хамгаалахад чиглэсэн бодлогын өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс төрийн болон төрийн бус байгууллага, элчин сайдын яамд, гадны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллана” гэв.

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер нээлтийн үгэндээ Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 дахь хоног энэ өдрүүдэд тохиож байгаад баяр хүргээд:

“Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуурын нэг болох хувийн хэвшлийн салбараа хэрхэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хууль эрх зүйн бодлогын шинэчлэл, цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй бас маш тодорхой мэдээлэл сонслоо.
Цаашид АмЧам Монгол нь хувийн хэвшлийн салбарын хөгжлийг тууштай дэмжиж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглэсэн бодлогын шийдэл, арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллах болно” хэмээн тэмдэглэсэн юм.

АмЧамын Монголын тухай www.amcham.mn


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.