Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зар гарч байгааг сэрэмжлүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан.

Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан болно.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд мэдээлэх болно.

Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

 

Эх сурвалж: ГХЯ