Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны байгуулсан цанын баазыг Өмнөдийнхөн өнөөдөр шалгана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амжилттай бүтээн байгуулалтуудын нэгт тооцогддог Масикрён цанын баазыг хоёр Солонгосын олимпийн бус тамирчдын хамтарсан бэлтгэлд ашиглахаар талууд тохиролцсон юм.

Уг баазыг ашиглах боломжийг шалгахаар Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд өнөөдөр Хойд Солонгост зочилно. 2013 оны арванхоёрдугаар сард тус улсын зүүн хэсгийн Вонсан хотын дэргэд уг цанын баазыг Ким Жон Уны заавраар байгуулж, ашиглалтад оруулсан юм.

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд ирэхээс нэг хоногийн өмнө буюу өчигдөр Хойд Солонгосын төрийн хэвлэлд Масикрён баазыг сурталчилж, магтсан нийтлэл гарсан байна. Тус улсын үзэл суртлын “Өнөөдрийн Чосун” сайтад “Масикрён бол дэлхийн түвшний цанын бааз” гэж онцолжээ.

Бааз нь 14 сая метр квадрат талбай эзэлдэг, 40-120 метр өргөнтэй 10 замтай. Нэг замын дундаж урт 1,700 метр, хамгийн урт нь 5,000 метр хүрдэг гэж мэдээлжээ.

Мөн баазын дэргэд тансаг зочид буудал, нисдэг тэрэгний буудал, спортын орчин үеийн бүх тоноглолууд байгааг онцолсон байна. Өмнөд Солонгосын спортын мэргэжилтнүүд өнөөдөр Масикрёнд ирж, гурав хоног ажиллах ажээ.

 

Эх сурвалж: Korea Herald