Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

1995 онд Токиогийн метронд халдлага үйлдсэн 13 этгээдийн цаазын ялыг хэвээр үлдээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Шоко Асахара

1995 онд Токиогийн метронд сарин хийгээр хүмүүсийг хордуулж, 13 хүний амийг хөнөөж, 6,000 хүний эрүүл мэндийг хохироосон халдлагын буруутнуудад оноосон цаазын ялыг 20 гаруй жилийн дараа эцэслэн шийдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы дээд шүүх Аум Шинрикё шашны бүлэглэлийн гишүүн 13 хүний давж заалдсаныг хэрэгсэхгүй болгож, тэдэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээсэн нь эцсийн шийдвэр байв.

Гэхдээ Японы шүүхийн систем цаазын ялыг олон жилийн дараа гүйцэтгэдэг, зөвхөн гүйцэтгэснийхээ дараа олон нийтэд мэдээлдэг тул хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Аум Шинрикё бүлгийн толгойлогч Шоко Асахара одоо 62 настай, 2004 онд цаазын ял сонсож, түүнээс хойш 14 жил шоронд хоригдож байгаа юм.

Аум Шинрикё буюу утгачлан орчуулбал “Төгс үнэн” нэртэй байгууллага нэгэн үе Японд 10,000, Орост 30,000 дагагчтай гэгдэж байв. Хуулиар хориглогдсон боловч одоогоор 2,000 орчим нууц гишүүнтэй гэгддэг ба эрх баригчдын хатуу хяналтад байдаг.

Японд одоогоор цаазын ялтай 122 хүн хоригдож байгаагаас 90 гаруй нь давж заалджээ. Гэхдээ энэ улсын хууль шүүхийн систем маш хатуу, цаазын ялаас мултрах боломж ховорт тооцогддог. Өнгөрсөн онд нийт дөрвөн хүний цаазын ялыг гүйцэтгээд байгаа юм.

Тус улсын хүний эрхийн байгууллагууд 2020 онд буюу Токиогийн зуны олимпийн жилд цаазын ялыг устгахыг засгийн газраасаа шаардаж байгаа. Аж үйлдвэржсэн их долоон гүрний дотор АНУ, Япон хоёр л цаазын ял оноодог. Өнгөрсөн онд Монгол улс цаазын ялыг устгасан дэлхийн 105 дахь улс болсныг Эмнести Интернэшнл зарлаж байв.

 

Эх сурвалж: Japan Today