2018/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,423.66₮
B34
УЛААНБААТАР
25°
|
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
18:00
S32
24°
19:00
S32
24°
20:00
S32
22°
21:00
S32
19°
22:00
S32
16°
23:00
S32
15°
00:00
S32
14°
01:00
S32
13°
02:00
S32
12°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкны тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын ээлжит чуулганы үдээс (2018.01.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын Монголбанкнаас авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг тодорхой болгож, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, банкны нэгдлийн хэмжээнд зохистой харьцааны үзүүлэлт тогтоох, шаардлага тавих талаар Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлох, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгслийг холбогдох хууль, тогтоомжтой нийцүүлж, банкны актив, пассивыг шилжүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах, Банкны эрх хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээг тодорхой болгох, банкийг татан буулгах, нэхэмжлэлийн дарааллыг холбогдох хуульд нийцүүлэх зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхтэй холбоотой заалтыг төслөөс хасаж, Төв банкны хуулийн төсөлд шилжүүлэн тусгах, нэр томъёоны тодорхойлолтоос зээлийн төвлөрөл, өмчлөлийн хэрэгслийг хасах, зарим нэр томъёоны тодорхойлолтыг найруулж, өөрчлөх зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан гэдгийг онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, М.Билэгт, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн, дэмжигдээгүй 51 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 47.4.3 дахь заалтын “өөрчлөх” гэсний дараа “банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” гэж, төслийн 3 дугаар зүйлд “Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдөхөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “34.2.3. тухайн банкны хараат болон охин компани, бусад банк, түүний нэгдэл, банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг хамаарал бүхий этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг “Банкны хүлээн авагч банкнаас авлагатай этгээдийн  нэхэмжлэлийг хоёр сарын хугацаанд хүлээн авахаар тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x