Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Гайморитаар өвдөхгүйн тулд хамраа онгорхой байлга

hedu.mn
2017 оны 11 сарын 18
HEDU.MN

Гайморит гэдэг өвчний нэрийг сонсоогүй хүн цөөнгүй. Гэвч чухам юу вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? гэдгийг мэддэг хүн хир олон бол? Бид энэ удаагийн нийтлэлээрээ гайморитын талаар танилцуулж байна.

Хүний хамар хэд хэдэн хөндий зайнаас бүрддэг ба эрүүний дээд талд хацрын ясны цаана байдаг хос хөндий зайг гайморын хөндий гэж нэрлэдэг. Нянгийн халдварын улмаас энэ хөндий үрэвсэхийг гайморит гэж нэрлэдэг.

Юунаас болж үүсдэг вэ?

Үндсэн шалтгаан нь  ханиад, томуу, улаан бурхан зэрэг амьсгалын замаар дамждаг халдварт өвчнүүдийг гүйцэд эмчлэхгүй, хүндрүүлэх болон зарим тохиолдолд дээд шүдний өвчний үед нь нян халдварлах тохиолдол бий.

 

Шинж тэмдгүүд

Эрүүл хүний гайморын хөндий хоосон, цэвэр, агаарын солилцоонд чөлөөтэй оролцдог байх ёстой. Гэтэл дээр дурдсан шалтгаануудын улмаас гайморын хөндий үрэвсэж, дотор нь шингэнээр дүүрдэг. Үүнээс шалтгаалан дараах шинж тэмдгүүд гардаг.

  • Хацар ясны дээр дарахад үрэвсэлтэй талд нь хурц өвдөлт өгөх,
  • Гайморын хөндийд хаван үүссэний улмаас хамраар амьсгалахад төвөгтэй болох
  • Хамар байнга битүүрэх
  • Хамраас шингэн ялгадас гарах
  • Хүндэрсэн, үрэвсэл ихтэй байхад нулимс гоожих тохиолдол бий.
  • Үрэвсэл даамжирч дух болон бусад хэсэг үрүү тархсан үед толгой өвдөх, халуурах, жихүүдэс

Оношилгоо, эмчилгээ

Хамгийн энгийн бөгөөд өөрөө оношлох арга бол хацрынхаа ясан дээр өөрөө дарж үзэх. Ингэж дарж үзэхэд өвдөлт өгч байвал гайморит үүсэж эхэлсний дохио. Ийм шинж тэмдэг илэрсэн л бол өөрөө эмчлэх гэж оролдолгүй, цаг алдалгүй чих хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Өвчний гол эмчилгээ нь гайморын хөндийд хатгалт хийж хуралдсан идээ шингэнийг гаргасны дараа үрэвсэл намдаах, шарлага хийх, зэрэг эмчилгээг биеийн байдал, өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч хийдэг.

Хэрхэн сэргийлэх вэ?

Урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь мэдээж ханиад томуу болон бусад амьсгалын замын халдварт өвчнийг сайтар эдгээх хамраа цэвэрлэж байнга онгорхой байлгаж байх явдал юм. Ерөөс хамар битүү байх нь агаар сэлгэлтэд сөрөг нөлөөлж, ганц гайморын хөндийг гэмтээх ч бус чих өвдөх болон бусад өвчнөөр хүндрэх аюултай болохыг санаж яваарай.

Зураг