Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Санчир: Монголд дотоодын зах зээлээ хангахуйц машин үйлдвэрлэх боломжтой

Т.Болор-Эрдэнэ
2017 оны 11 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

“Форбес” сэтгүүлээс 2005 онд гаргасан дэлхийн шилдэг компаниудын жагсаалтад наймдугаарт байрт орж, 2008 онд автомашин борлуулалтаараа дэлхийд ноёрхогч болсон Тоёота мотор корпорацийн Японы зүүн хэсэг дэх салбарын инженер Будын Санчиртай ярилцсанаа хүргэж байна. 

-Хоёулаа таны бага наснаас ярилцлагаа эхлэх үү. Тухайн үед ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

-Би 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Дорнод аймгийн Хэрлэн суманд хүүхэд нас минь өнгөрсөн. Одоо сайн санахгүй байгаа ч цэцэрлэгт байхдаа сансрын нисгэгч эсвэл Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байлаа. Дорнод аймгийн 12 дугаар сургуулийг 2003 онд төгссөн. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн дизайн технологийн сургуульд элсэж, 2007 онд Интерьер дизайнер мэргэжил эзэмшсэн.

-Анх Японд очсон үеэ дурсаач. Тэндхийн хэл соёл, хоол хүнсэнд дасахад нэлээд хугацаа орсон байх?

-Би анх арваннэгдүгээр сард Японд ирэхэд цаг агаар нь дулаахан, чийглэг байсныг гайхаж байсан. Мөн соёлын шоконд орсон зүйл зөндөө бий. Одоо ч гэсэн энд тэнд очоод төөрч, будилах тохиолдол бий. Мөн мэдэхгүй зүйл их байгаа. Хоол хүнсний хувьд гэвэл би далайн гаралтай зарим хоолонд тааруухан. Түүнчлэн Монголд япон хэл заалгаж байсан ч ирсэн чинь энд өдөр тутмын хэрэглэдэг ярианы хэл, дуудлага их өөр байсан.

-Та одоо “Тоёото” компанид ямар алба хашиж байна вэ. Таны үндсэн ажил үүрэг?

-Би Тоёота мотор корпорацийн Японы зүүн хэсэг дэх салбарын инженерээр ажиллаж байна. Гэхдээ “Глокал” компанийн үндсэн ажилтан. “Тоёота”-д гэрээт ажилтан гэдэг статусаар ажилладаг. Тодруулбал, “Тоёота” үндэстэн дамнасан том корпораци. Тиймээс үндсэн ажилтнаас гадна бусад компаниудтай гэрээ байгуулж, их хэмжээгээр ажилтан авдаг.

Миний хувьд одоо хуванцар эд ангийн төслүүд дээр ажиллаж байна. Авто машины буфер тэдгээрийг машины их биед тогтооход ордог хуванцар эд анги төдийгүй төмөр, хөөсөнцөр хэрэгсэл дээр бас ажилладаг. 

-“Тоёота”-д танаас өөр монгол ажилтан байгаа юу. Хэрхэн дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч компанийн инженер болсон бэ?

-Би их сургуулиа төгсөөд 2007 онд авто машины зарим эд ангийн зураг төсөл, хувцасны оёдол зэргийг боловсруулдаг Японы хөрөнгө оруулалттай “Бютик Монгол” компанид ажилд орсон. Улмаар 2008 онд тус компанийн Японд дахь төв салбарт нь ажиллах болсон. Надтай хамт энд ирсэн О.Энхжин анх түрүүлж, “Тоёота”-д ажилд орсон.

2013 онд намайг одоогийн компанид танилцуулж өгсөн юм. Миний мэдэхээр манай компанид авто машины эд ангийн инженер найман монгол хүн ажилладаг. Гурван эмэгтэй, таван эрэгтэй хүн бий.

-“Тоёота” автомашин борлуулалтаараа 2008 оноос эхлэн дэлхийд ноёрхогч болсон. Дэлхийн хэмжээний компанийн ажилтнууддаа олгодог хангамж сайн байдаг байх. Тэр хэрээр шаардлага нь өндөр байдаг уу?

-Японы ажил олгогчид ажилтнууд нь цалингийн талаарх мэдээллээ бусдад дэлгэхэд маш хатуу ханддаг. Миний хувьд дундаж цалин авдаг. Харин ажиллаж байгаа тохиолдолдоо эрүүл мэндийн үйлчилгээ, хөнгөлөлт зэрэгт хамрагдах боломжтой. Энд ажлын орчин “Гүүгл” гэх мэт АНУ-ын компаниудын ажлын байр шиг тансаг биш. Гэхдээ том зааланд дарга, цэрэггүй хамт суудаг. Ажиллах орчин маань энгийн хэрнээ маш эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай, дүрэм журам ихтэй. Түүнийгээ ягштал мөрддөг. Мөн япончууд шаардлага өндөртэй улс. Тэгэхээр ажлын байранд дүрэм журмаа ягштал баримталдаг.

Түүнээс гадна ажилд орж буй хүмүүс бүгдийг тэгээс эхлэн ажиллангаа бүх зүйлд суралцдаг. Мөн ажлын талаарх үндсэн ойлголт, заавар зөвлөгөө агуулсан цөөхөн цагийн сургалт ордог. Япон хүмүүсийн нэг чухал зан чанар нь хэн нэгэн өөрт нь ямар нэг зүйлийг зааж өгөхийг хүлээх бус өөрөө түрүүлж мэдэж авах байдаг юм билээ. Мөн эндэхийн ажлын талбар дээрх нэг сайн чанар ахин засах болон давтан хийхгүйн тулд оногдсон ажлаа цаг тухайд нь бүрэн төгс хийдэг. 

-Та автомашин үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний компанийн инженерийн хувьд Монголд энэ төрлийн үйлдвэр байгуулахад юу дутагдаж буйг мэдэх байх?

-Монголд автомашин үйлдвэрлэлээ гэж бодоход нэгдүгээрт, хаана хэнд борлуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Автомашины үйлдвэрлэл бол ерөнхийдөө худалдан авагчийн эрэлт хэрэгцээн дээр тогтдог. Хоёрдугаарт, боловсон хүчний асуудал яригдах болов уу. Мөн үйлдвэрлэсэн автомашинаа Ази, Европын зах зээлд худалдахын тулд тухайн бүс нутгийн стандарт, хууль дүрэмд нийцүүлж үйлдвэрлэхгүй бол худалдан авагч олдохгүй. Энэ тал дээр их хатуу дүрэм, журам мөрдөгддөг юм билээ.

-Монголд эхний ээлжид дотоодын зах зээлээ хангахуйц тооны автомашин үйлдвэрлэвэл боломжтой юу?

-Энэ бол их зөв санаа шүү. Би ч бас тэгж боддог. Монголд дотоодын зах зээлээ хангахуйц хэмжээнд машин үйлдвэрлэх боломжтой. Эхний ээлжид өндөр технологи шаардагдах эд ангийг гаднаас импортлоод, дотооддоо үйлдвэрлэх боломжтой хялбар эд ангиа өөрсдөө хийх хэрэгтэй. Мөн зөвхөн автомашин гэлтгүй бусад техник, тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй.

-100 гаруй жилийн өмнө монгол эрчүүд зөвхөн адуу малтайгаа л ноцолддог байсан. Өндөр хөгжилтэй орны иргэдтэй харьцуулбал бид нэлээн хожуу техник технологитой харьцаж эхэлсэн. Гэвч одоо цөөнгүй монгол хүн дэлхийн олон оронд энэ салбарт ажиллаж байна. Таны бодлоор монголчууд техник технологид хэр ур дүйтэй вэ?

-Ер нь монголчуудын орчин нөхцөл, амьдралын шаардлага нь өөр ч гэлээ техникийн ур дүй харьцангуй сайн гэж боддог. 

Миний хувьд арван жилийн сурагч байхдаа техник технологийн улсын олимпиадад тогтмол оролцдог байсан. Тиймдээ ч үндэс сууриа эрт тавьснаар одоо энэ ажлын байран дээр байгаа болов уу. Мөн манай гэр бүлийнхэн намайг маш их дэмжиж, тусалдаг байсан. Одоо даяаршил хурдтай өрнөж, бүх улс мэдээлэл технологийн эринд хөл тавьсан. Үүнийг дагаад үйлдвэрлэлийн технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Монголчууд бид ч уг хөгжлөөс хоцрох учиргүй.

-Та амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ. Сумо үзэж монгол бөхчүүдээ дэмждэг үү?

-Би спорт талдаа маруухан, хааяа нэг ойрын зайнд гүйхээс цаашгүй. Хааяа нэг мэдээгээр чих тавихаас сумо бараг үздэггүй. Гэхдээ монгол хүн болохоор мундаг амжилт гаргаж буй бөхчүүдээ дотроо дэмжээд явдаг. Амралтын өдрүүдээ гэр бүлтэйгээ хамт гэрийн ойр цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлэх дуртай. Үлдсэн чөлөөт цагаа өөрийн хоббиндоо зарцуулах дуртай.

-Хобби тань?

-Би зураг зурах тэр дундаа авто машин, орчин үеийн техник хэрэгсэл болон роботын шинэ дизайн гаргах дуртай. Авто машин, нисэх онгоц, электроникийн шинэ загвар гаргах жижиг сажиг төслүүд дээр ажилладаг. 

-Та өөрийн гаргасан автомашин, онгоц, роботын дизайнаа үйлдвэрлэж чадсан уу. Өөрийн загвараа үйлдвэрлэлд шилжүүлэхэд тулгарч буй асуудал юу байна?

-Ажил дээрээ оролцсон төслүүд аль хэдийн үйлдвэрлэгдэж эхэлсэн. Жишээ нь “CH-R”, “AQUA” зэрэг загвар бий. Бусад хувийн төсөл минь өөрийн сонирхлын хэмжээнд л байгаа. Энэ чиглэлээр дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд өөрийгөө хөгжүүлэхээс гадна бусад олон мундаг зохион бүтээгчтэй нэгдэж ажиллах шаардлагатай.

-Монголд сүүлд хэзээ ирсэн бэ. Эндэхийн нийгэм, засаг болон болж буй элдэв үйл явдлын талаар хэр сайн мэдээлэл авдаг вэ?

-2013 онд Японд ирснээс хойш Монгол руугаа очиж амжаагүй л байна. Мэдээлэл тааруухан гэж гэхэд болох байх. Хаа нэг “фэйсбүүк” болон сайтаас мэдээлэл авдаг. Гэхдээ “фэйсбүүк”-д нийтэлсэн ихэнх мэдээ, мэдээллийг харахаар баталгаагүй, найдвартай эх сурвалжгүй байдаг.

-Нууц биш бол “Глокал” болон “Тоёото” компанитай хэдий хугацааны гэрээ хийсэн бэ. Японд хэр удаан ажиллах бодолтой байгаа вэ?

-Энд ажилтан өөрөө ямар нэг асуудал гаргахгүй бол компани гэрээгээ сунгаад л байдаг. Одоохондоо Японд төдий хүртэл ажиллана гэсэн төлөвлөгөө байхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт Монгол руугаа харина гэж боддог. Харин тэрнээс өмнө өөрийгөө сайн цэнэглэж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг зорьж байна.

-Гадны оронд ажиллаж амьдрахын давуу болон сөрөг тал юу вэ?

-Ямар нэг зүйлд хандах хандлага, харах өнцөг өөр болдог юм шиг санагдсан. Японы эдийн засаг, дэд бүтэц манай улсаас түрүүлээд хөгжчихсөн учир санаа авахаар зүйл үнэхээр их байдаг. Мөн ажлын арга барил болон ахуйн амьдралдаа тусгаж авсан ололттой зүйл зөндөө бий. Харин сөрөг тал гэвэл үнэнийг хэлэхэд Монголд амьдарч буй найз нөхөд, танилын хүрээлэл цөөрч байж магадгүй. Гэхдээ хүн хүнээсээ шалтгаалах байх.

-10 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ. Тэр үед хэр ихийг бүтээж, хэр туршлага хуримтлуулсан байх бол?

-Жижигхэн ч гэсэн гэр бүлийн бизнестэй болно. Хажуугаар нь ямар нэг компанид одоогийнхтой төстэй ажил эрхлэх байх. Мөн япон, англи хэлнийхээ мэдлэгийг илүү гүнзгийрүүлнэ. Өөрийн гаргасан авто машины загвараа нэг хувь ч болтугай үйлдвэрлэе хэмээн толгойгоо гашилгаад сууж байх болов уу.

-Та гэр бүлээ тухай товчхон танилцуулаач. Танай гэр бүл японы түүх, соёлтой танилцаж, дасан зохицож чадаж байна уу?

-Миний гэр бүлийн хүнийг С.Март гэдэг. Нийгмийн ажилтан мэргэжилтэй. Би хоёр хүүтэй том нь цэцэрлэгт явдаг, бага маань таван сартай. Миний хань л ар гэрийн бүхий л ажлаа авч явдаг. Саяхнаас цагийн ажил хийж эхэлсэн. Манай гэр бүл Япон улсын энэ их том соёлтой бага багаар л танилцаж байна. Үүний тулд амралтын зарим өдөр гэр бүлийн аялал хийдэг.

-Танай гэр бүл цагаан сар, наадам зэрэг уламжлалтай баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Манай гэр бүл Токиогоос 130 км-т байдаг Нумазу гэж хотод амьдардаг. Энд монголчууд цөөхөн байдаг болохоор уламжлалт баяруудыг голдуу гэртээ тэмдэглэсэн. Манай хүн хол унд сайн учир цагаан сар болон наадмаар гэртээ Монгол маягаар идээ ундаа бэлдээд баярладаг. Мөн Монгол руу холбогдож гэр бүл, хамаатан садантайгаа мэнд усаа мэдэлцэж, интернетээр найз нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлдэг.

-Япон улсын тухай болон иргэдийнх нь талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Миний энд хамгийн их ажиглаж байгаа зүйл гэвэл япон хүмүүс ном их уншдаг. Мөн хүүхдүүдээ бүр багаас нь спортоор хичээллүүлдэг юм билээ. Түүнчлэн хүүхэд багаасаа багийн спортоор хичээллэснээр дүрэм журам, эмх цэгцэд суралцаж төлөвшдөг. Тиймээс япон хүн биеэ даах, өөрийгөө дайчлах чадварыг хамгийн сайн эзэмшсэн байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

-Чамд ч гэсэн баярлалаа. Ажилд тань өндөр амжилт хүсье.

Зураг