Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Машиныхаа шатахуун зарцуулалтыг зөв тооцоолох арга

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 11 сарын 3
Cardoctor

Автомашин, ер нь ямар нэгэн тээврийн хэрэгсэл хэр их хэмжээний шатахуун зарцуулж буйг хэрхэн зөв, аль болох нарийн тооцоолох вэ?

Жолооч бүрт л машин нь хэдэн литр бензин “зооглож” байгааг мэдэх эрмэлзэл байдаг. Тодорхой нэг автомашины техникийн үзүүлэлт, үйлдвэрийн мэдээллийг судлахад хотын болон шулуун замын горимд 100 км зам туулахын тулд хэдэн литр шатахуун шаардлагатай талаар мэдээлэл бичсэн байдаг. Гэвч цаасан дээрх үзүүлэлт болон бодит зарцуулалт хоорондоо зөрөх тохиолдол их бий. Ер нь л маш их зөрдөг. Эндээс л асуудал үүсэж байгаа юм.

Шатахуун зарцуулалтад дараах хүчин зүйлс нөлөөлнө:

  1. Автомашины техникийн бүрэн бүтэн байдал - шинэ машин “зүгшрүүлэлт”-ийн горимдоо нормоосоо их “идэж”, дараа нь аажмаар багассаар хэвийн хэмжээнд хүрдэг бөгөөд цаашлаад хуучрах тусам зарцуулалт өсөх хандлагатай байдаг.
  2. Жолоодлогын хэв маяг - энэ бол жолооч тус бүрийн хувьд өөр өөр байх үзүүлэлт гэдэг нь гарцаагүй.
  3. Цаг уурын нөхцөл - хөдөлгүүр өвлийн хүйтэнд их, зуны дулаанд бага шатахуун зарцуулна.
  4. Эрчим хүч зарцуулах бусад төхөөрөмж, нэмэлт тоноглолууд.
  5. Аэродинамик буюу агаарын эсэргүүцэл - цонх онгорхой үед аэродинамикийн үзүүлэлт буурна, агаарын эсэргүүцэл өснө, машин зүтгэхэд илүү хүч шаардлагатай, ингээд шатахуун ч их шаардагдана. Энэ үзүүлэлтийг спойлер, хормой зэргээр багасгаж болно.

Тээврийн хэрэгслийг энгийн нөхцөлд ашиглахад зарцуулагдах шатахууныг хэрэглээний ангиллыг задалж үзэцгээе. Тун сонирхолтой тоонууд гарч ирдэг юм шүү.

  • 60% - жолоодлого
  • 15% - бүрэн хүчээр ажиллах эйр кондишн
  • 12% - ажиллах температуртаа хүрээгүй хөдөлгүүртэй жолоодох
  • 5% - гэрэл асаалттай явах
  • 4% - 50 км/цагаас дээш хурдтай үед цонх онгорхой явах
  • 4% - хий муутай дугуй, өргөн дугуй
 

Аймаар түрэмгий жолоодлоготой бол таны машин бага зарцуулалттай байна гэж горьдоод хэрэггүй. Зарим жолооч нэг хаазлаад л гудамжны нөгөө уулзвар хүртэл явчихдаг бол нөгөө нь энэ хооронд 5 хаазалж 5 тоормосолсон байдаг. Хаазална гэдэг чинь л мотор дотор шатахуун гоожиж байгаа хэрэг шүү дээ. Шатахууныг хамгийн их уух үе нь гарцаагүй машин хөдлөх үе юм.

Ийм ялгаатай нөхцөлүүд нөлөөлдөг учраас л машин нь адил боловч шатахуун зарцуулалт нь өөр өөр байдаг учиртай. Туршлагатай жолооч нар шатахуун зарцуулалтаа хоорондоо ярихдаа тухайн машин эзэмшигчийн онцлогийг заавал асууж тодруулдаг билээ.

Амьдрал дээр бодит зарцуулалтыг тодорхойлохын тулд хялбар аргыг ашиглаж болно. Үүний тулд шатахууны савыг дүүргэх шаардлагатай. Одометрийг (км-ийн заалт) тэглэж автомашиныг хэвийн горимд ашигласнаар бүртгэл хөтөлж, өөрийн машины дундаж зарцуулалтыг тодорхойлох боломжтой. Шатахууны савыг дүүргэж дуустал явахад зарцуулсан хугацаа, туулсан зам, мөн шатахууны үнэ зэргийг бүртгэж машиндаа өдрийн тэмдэглэлтэй болноо гэсэн үг.

 
 

Энэ аргыг арай өөрөөр гүйцэтгэж болох бөгөөд үүний тулд шатахууны савыг мөн л дүүргэнэ. Дүүргэмэгцээ одометрийн үзүүлэлтийг тэглэж 100 км зам туултал автомашиныг тодорхой нэг горимд ашиглана.

Үүний дараагаар “банк”-ыг дахин дүүргэж хэдэн литр шатахуун орсныг харах юм. Энэ аргаар илүү нарийн тооцохыг хүсвэл анх бензин авсан шатахуун түгээх станц дээр, цаашлаад яг тэр “буунаас” дахин дүүргэвэл зохистой.

 
 

Мэдээжийн хэрэг, шатахууны бодит зарцуулалтыг миллилитр хүртэл нарийвчлалтайгаар та тооцож чадахгүй л болов уу. Гэхдээ өөрийн жолоодлогын өөр өөр горимд шатахуун зарцуулалт ямар хэмжээнд байгааг ойролцоогоор тогтооход маш хялбар. Үүний тулд математикч байх шаардлагагүй: 3, 4-р ангийн хичээлүүд, мөн пропорц гэж юу болохыг мэдэж байхад л хангалттай.

Хийсэн шатахуун (литр) : Туулсан зам (км) х 100 = 100 км-т зарцуулах шатахуун (л/100 км)

Орчин үеийн ихэнх автомашинууд хяналтын компьютертой болсон нь галзуу хүний өдрийн тэмдэглэл хөтлөх, математикийн тооцоолол хийх ажлаас ангижруулж дэлгэцэн дээрээ дараах мэдээллүүдийг тод харуулна: нийт шатахуун зарцуулалт (100 км-т зарцуулах шатахуун, литрээр), одоогийн шатахуун зарцуулалт (хөдөлгөөний үед 100 км-т зарцуулах шатахууныг литрээр, зогсоолын үед цагт зарцуулах шатахууныг литрээр), байгаа шатахуунаараа туулах зам (км-ээр), дундаж хурд, зарцуулсан хугацаа гэх мэтийг чөлөөтэй харуулдаг. Ийм компьютертой автомашины шатахуун зарцуулалтыг олж мэдэхийн тулд үзүүлэлтийг тэглэхэд л хангалттай.

Шатахуун зарцуулалтыг хол зам туулсны дараа хэмжвэл яагаад илүү тохиромжтой байдаг вэ?

Яагаад гэвэл алдаатай тооцоо нөлөөлж буруу үр дүн гарах магадлалыг бууруулна. Тухайлбал, тодорхой шалтгаануудын улмаас (ШТС-уудын тоолуурын ялгаа, дутуу шахалт гэх мэт) дахин шатахуун дүүргэхэд нэг литр бензин илүү орсон гэж бодъё. Хэрэв бид 100 км туулсан бол алдаа нь маш том зөрүүг гаргана: 100-д 8 л болох үзүүлэлтийг 11 литр болгоно. Хэрэв өнөөх л 1 литрийн алдаа маань 400 км замд гарсан гэж үзвэл зөрүү нь 0.25 литр буюу 8 литрийн оронд 8.25 литр шатахууныг 100 км-т зарцуулсан болно.

Туулсан зам их байх тусмаа тооцоолж гаргасан шатахуун зарцуулалт илүү нарийн, оновчтой болж ирнэ гэсэн үг. Тиймээс машиныхаа шатахуун зарцуулалтын дундаж үзүүлэлтийг мэдэхийг хүсэж байвал 1000 км ба түүнээс дээш гүйлтээр тооцоолол хийгээрэй. Үүнээс өмнө одометрийн үзүүлэлтийг хаа нэгтээ тэмдэглэж, ШТС-аас авсан баримтуудаа цуглуулаарай – зарцуулсан шатахууны хэмжээг яс тас мэднэ гэсэн үг шүү дээ.

Улсын болон хувийн байгууллагуудад албаны машины шатахуун зарцуулалтын нормыг тогтоох нь маш чухал байдаг.

Учир нь түүгээр тодорхойлж жолоочид олгох шатахууны хэмжээг гаргадаг. Улсын хэмжээнд “АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ ТООЦОХ ЗААВАР” гэсэн журам гаргаж баталсан байдаг. Энд суудлын болон ачааны машины төрөл бүрийн нөхцөл дэх шатахуун зарцуулалтын дунджийг тооцож гаргах аргуудыг зааж өгсөн байдаг.

Гол параметр нь далайн төвшнөөс дээш хэдэн метрт байгаа, төв суурин газарт явах уу, ачаатай юу зэргийг авч үздэг байх юм. Далайн төвшнөөс дээшлэх тусам шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлэх бөгөөд 1500 метр тутамд 5% нэмэгдүүлж тооцох ажээ.

Мотор руу орох агаар нь агаарын даралтаар шийдэгдэх бөгөөд далайн төвшнөөс дээшлэх тусам агаар сийрэгжинэ. Энэ нь л шатахуун сул урсах хүчин зүйл болж байгаа. Монгол бол нэлээд өндөрлөг газар гэдэг нь ойлгомжтой.

Монголд шатахуун зарцуулалтыг тооцохдоо шатахуунаа хийж л үзэхээс өөр аргагүй.

Миний машин хэр шатахуун зарцуулж байгааг би мэдчихлээ. Гэхдээ энэ нь их үү бага уу гэдгийг би яаж мэдэх вэ?

Маш чухал асуулт. Яг үүнд зориулж бид танд дата бэлтгэлээ.

 

http://www.cardoctor.mn/catalog буюу Cardoctor.mn сайтын Каталог цэс рүү ороорой. Монголд түгээмэл байх япон машинуудын мэдээлэл байгаа. Та өөрийн машинаа сонгоход машинд тань таарах аккумулятор, тос, шил арчигчийн мэдээлэл гарна.

Жишээ нь Toyota Alphard Hybrid, ATH10W арлын дугаартай, 2AZ-FXE хөдөлгүүртэй машин сонгоход S55D23R кодтой аккумулятор, 4272 кодтой NGK платинум свечэ, 4.1 литр моторын тос, 7.7 литр CVT Fluid кропны тос орно гэх мэтээр харуулж байна.

Хамгийн сонирхолтой мэдээлэл доор нь бий. Уг машиныг үйлдвэрлэгч Toyota фирм 100 км-т 5.8 литр шатахуун зарцуулах ёстой гэж үзжээ. Энэ үзүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлж тооцоход 11.6 литр бол Монгол дахь норм болж байгаа юм. Үнэхээр ч Alphard нь хол замд гүйлгэхэд 10-аас доош заалттай байдаг. Хот дотор бол харин нэлээд нэмэгддэг.

Cardoctor.mn-ийн Каталог цэсний энэхүү шатахуун зарцуулалтын норм нь жолооч танд жишиг өгөх талтай. Хэрвээ таны машины зарцуулалт Монголд гэсэн заалтаас илүү байвал та бодож үзээрэй. Дараах асуултуудыг асуухад илүүдэхгүй.

  • Би хэт түрэмгий яваад байгаа юм биш биз?
  • Би байнга түгжрэлд явж байна уу?
  • Нормальдаж зогсдог билүү?
  • Өвөл өглөө машинаа халаахын тулд асаалттай орхидог билүү?
  • Би сайн шатахуун хийж байна уу?
  • Дутуу шахаад байгаа юм биш биз?
  • Багаажинд маань хэрэггүй баахан ачаа байгаа юм биш биз?
  • Дугуй маань шалчгар яваад байна уу?
  • Хэт хүйтэнд мотор даараад байна уу?
  • Бараг явахгүй болохоор хайбрид машины маань батерей цэнэг сайн авахгүй байна уу?
  • Үргэлж дүүрэн хүнтэй явдаг билүү?
  • Тоормос маань зуурчихсан юм биш биз?
  • Шатахуун труп хаа нэгтээ дуслаад байгаа юм биш биз?
  • Моторт ямар нэгэн доголдол байна уу?
  • Машины компьютер буруу ажиллаад байгаа юм биш биз?
  • Агаар шүүгч бөглөрчихсөн юм биш биз?
  • Эйр кондишн буюу агааржуулагч байнга ажиллаад байна уу?
  • Цахилгаан их хэрэглэдэг ямар нэгэн юм байна уу?
  • Хол замд хэт хурдлаад байна уу?
  • Хол замд дан салхины өөдөөс явсан уу?
  • Хол замд дандаа өгсөөд байсан юм биш биз?

Энд дурдагдсан асуултад Тийм гэсэн хариулт авах болгонд шатахуун зарцуулалтын үзүүлэлт нэмэгдэх ёстой.

Машинаа юу юугүй их идэж байна гэхийн оронд утга учиртай зөв тооцоолол хийгээрэй.

Танд амжилт хүсье. 

 

 

Зураг