Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Лувсанжамц: Нэг төө дулаалгын материал агаарын бохирдол буурахад чухал ҮҮРЭГТЭЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

~Утаагүй Улаанбаатарын төлөө~

Агаарын бохирдлыг бууруулахад дулааны эх үүсвэрээс гадна байшингийн дулаалга чухал нөлөөтэй байдаг талаар Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор Ганзоригийн Лувсанжамцтай ярилцлаа.

-Өвлийн улирал ирж Улаанбаатар хотын хамгийн том утааны асуудал дахин яригдаж байна. Олон жил болсон ч энэ асуудал тодорхой шийдэгдэхгүй байгаа нь юунаас шалтгаалж байна гэж та үздэг вэ?

-Биет болон биет бус хоёр шалтгаан байна. Биет шалтгаан нь дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, байшингийн дулаан алдагдал, боловсруулаагүй нүүрс болон зохисгүй түлшнээс болж утаа үүсч байгаа.

Биет бус шалтгаан нь гэвэл дээрх дэд бүтцийг хийх бодлого сул байдагтай холбоотой. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө байдаг боловч хэрэгжилт нь төлөвлөгөөний дагуу явагдаагүй, Улаанбаатарт байгаа дэд бүтцийн 80-90 хувь нь социализмын үед хийгдсэн байдагтай холбоотой. Сүүлд Амгалангийн дулааны станц болон JICA-гийн гүний цэвэр усны худгаас өөр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй гэж хэлж болно.

Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал байна. Гэхдээ энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бүс нутгийн төлөвлөлтийн тухай асуудал.

-Утаатай тэмцэнэ гэж Монголчууд зуухтай тэмцэж ирлээ. Гэтэл та утааны асуудал ганцхан халаалтын системдээ биш дулаалгандаа байдаг гэсэн санааг дэвшүүлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Манай орны нөхцөлд орон сууцны тухтай байдлыг хангахын тулд бусад орноос илүү эрчим хүч шаардлагатай байдаг. Учир нь өвөл, зуны улиралд тасалгааны температурыг +22-оос +24 хэмд барих нь тохиромжтой гэж үздэг. Өвлийн улиралд гадаа -30 хэмтэй үед бид тасалгаандаа тухтай байхын тулд маш их халаах хэрэгтэй болдог.  

Барилгын дулаан алдагдал их учраас бид халаасан дулаанаа хадгалж чаддаггүй. Монголын ихэнх байшингийн дулаалга хангалтгүй мөн битүүмжлэл муу байна. Дулаалга, битүүмжлэл сайн байвал бид нэг халаасан дулаанаа гадагш нь алдахгүй. Тэр хэмжээгээр халаалт багасаж, утаа бага гарна.

Зөвхөн дулааны эх үүсвэрийг сайжруулсан үед хэчнээн халаасан ч дулаанаа алдаад л байх болно. Тиймээс халаасан дулаанаа хадгалах бодлогыг Улаанбаатар хот давхар хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн хот ч гэлтгүй аймгийн төвүүд ч энэ шалтгаанаас болж утаатай болж байна.

"Хана, цонхыг дулаалаагүйгээс нийт дулааны 45 хүртэл хувийг алддаг"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Дулаалга, битүүмжлэлийг ямар материалаар хийх ёстой вэ. Гарын доорх материал ашиглаж хялбар аргаар хийж болох уу?

-Барилгын материал нь олон төрөл бий. Цагаан хөөсөнцөр, шүршдэг хөөс, чулуун хөвөн, шилэн хөвөн гэх мэт. Эдгээр материалаас 15-20 см буюу нэг төө хэмжээтэй дулаалга хийх ёстой.

Гэр хороолол, аймгийн төвүүдэд байшингаа барьж буй хүмүүсийн 75 хувь өөрсдөө, найз нөхдийн тусламжтайгаар, мэргэжлийн хүний оролцоогүй барьдаг гэсэн судалгаа бий. Дулаалахдаа зөвхөн ханаа биш шал тааз гээд бүх талаас нь дулаалах нь чухал. Гэтэл манайхан шалаа ерөөсөө дулаалахгүй, хананы дулаалгыг нимгэн хийж, таазыг бараг дулаалдаггүй. Мөн битүүмжлэл хийдэггүй. Тиймээс завсрын салхи ихтэй, хаалга, цонхоо хаасан ч хүйтэн орж ирээд л байдаг.

Тааз, шалыг дулаалаагүйгээс нийт дулааны 30-40 хувийг алддаг. Харин хана, цонхыг дулаалаагүйгээс нийт дулааны 45 хүртэл хувийг алддаг.

-Дулаалга хийх өртөг ямар байх бол. Магадгүй өртөг өндөртэй бол зарим айлууд хийх боломжгүй байх?

-Бага өртгөөр дулаалах боломжтой. Монголд дулаалгын материал хийдэг маш олон үйлдвэрүүд бий. Тиймээс тухайн компани дээр нь очоод мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч дулаалгаа хийвэл илүү үр дүнтэй болно.

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур санал болгож буй. Дулааны асуудлыг цахилгаан халаагуураар шийдсэн ч дулаан алдагдлыг бууруулахгүй бол ач холбогдолгүй гэсэн үг үү?

-Гэр хороололд 200 мянган орчим өрх бий. Бүгдийг нь цахилгаанаар халаана гэвэл манай эрчим хүчний чадал хүрэлцэхгүй. Одоо ч хэрэглээний оргил үед цахилгаан хүрэлцэхгүй бид ОХУ-аас импортолж байгаа. Хэрэв дулааны эх үүсвэрийг шийдэх гэж байгаа бол байшингийн дулаалганы асуудлыг давхар шийдэх ёстой.

-Хот төлөвлөлтөөр сурч байгаа гэсэн. Ирээдүйн ажлын төлөвлөгөөнийхөө талаар яриач?

- Алсдаа эх орондоо очиж гэр хорооллын асуудлыг шийдэх тал дээр ажиллахыг хүсдэг.

-Агаарын бохирдлоос гадна Улаанбаатар хотын бохир, түгжрэл, аюулгүй байдлын олон асуудлыг шийдэх гарц нь юу гэж хардаг вэ?

- Хот, нийгмийн асуудлыг ганцхан хариултаар шийдэх боломжгүй. УБ хотын ерөнхий төлөвлөгөө, тууштай дэд бүтцийн бодлого, зохистой бүс нутгийн төлөвлөлт болон гэр хороолол дахь иргэдийн санаачлагат төслүүдийг дэмжих зэрэг олон зүйлд анхаарч байж шийднэ гэж боддог.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.