Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ӨНТЭЙ өвлийг давах НАЙМАН ЗӨВЛӨМЖ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ жил "өвөл" цагаасаа өмнө Монголд айлчлаад байна уу гэлтэй, хүйтний эрч өдрөөс өдөрт нэмэгдсээр...

Угаас судалгаагаар дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог нийслэлээр Улаанбаатар шалгарсан байдаг. 

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ХАНИАД ТОМУУ, УТААНЫ асуудал дэгддэг. Эдгээрийг давахын тулд Монголчууд хэд хэдэн бэлтгэлийг базааж, ханиад томуунаас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөж байна.

1. Дулаан явбал Мянган Лан

 

Монгол Улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Сэрүүн нөхцөлд нимгэн хувцастай, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно.

Тиймээс Монголын өвлийг өнтэй давах хамгийн эхний том бэлтгэл бол яах аргагүй хувцсаа тохируулж өмсөх явдал юм. "Дулаан явбал Мянган лан" гэдэг шүү дээ...

2. Хоол хүнс

 

Намар өвлийн улирал солигдох цагаар юуны өмнө хоол хүнсээ зөв зохистой тохируулах нь чухал. 

Ялангуяа, Витамин С агуулсан жимс, бохирдолгүй хүнсний ногоо болон дулааны илч ихтэй, уураг сайтар агуулсан хүнсийг түлхүү хэрэглэснээр өвчний хор, бактери эсэргүүцэх дархлааг сайжруулна. Аль болох хурц тослог хүнснээс зайлсхийх. Энэ нь дархлаажилтанд сайн нөлөөтэй. Мөн архи тамхинаас татгалзах нь хамгийн эрүүл мэндэд маш их ач холбогдолтой. 

Өвлийн улиралд цай, кофе, шоколад зэргийг хүнсэндээ хэрэглэвэл мөн амьсгалын замын эрхтэнд тустай байдаг байна. 

Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм.

3. Вакцин

 

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах.

Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болдог бөгөөд халдвар авсан хүн өвчилж, ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг.

Тиймээс улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан,  уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

Томуугийн эсрэг дархлаажуулалтыг хийж буй эмнэлэгүүд болон үнийн мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

4. Ариун цэвэр

 

Ажил, сургууль, гэртээ гараа сайтар савандаж угаах нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэнэ. Дэлхий дахинд таван хүн тутмын гурав нь гараа зөвхөн усаар зайлах эсвэл ус, саван хэрэглэдэггүй гэсэн судалгаа байдаг байна.

Мөн хүний арьсны нэг сантиметр квадрат талбай бүрт 1,500 орчим нян амьдардаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Бохир гарын нянгийн 80-95 хувь нь хурууны салаа, бохир хумсны завсар, алганы хонхорт агуулагдаж байдаг аж.

Тиймээс хүйтний улирал төдийгүй бүх л улиралд гараа тогтмол савандаж угаагаарай.

Мөн гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж, өдөрт хоёроос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй гэж НЭМГ-аас зөвлөж буй юм.

5. Хангалттай сайн унтаж амрах

 

Өвлийн улирал бол өвс мод шарлаж, түмэн амьтан ичээлсэн цаг үе. Улирлын өөрчлөлтөө дагаад биеийн эрүүл мэнддээ ч онцгойлон анхаарах хэрэгтэй.

Ялангуяа ахмад настнуудын хувьд тэнхээ тамир багасдаг учраас эрт унтаж, орой босон эрч хүчээ хадгалах хэрэгтэй. Унтаж амрах цаг хугацаа богино эсвэл хэт урт байх нь хүний оюун ухааны чадварыг багасгаж, тэнхээ тамирыг сулруулан бодисын хэвийн солилцоонд нөлөөлдөг. Иймээс ялангуяа ахмад настай хүн ердийн цагаас 1-2 цаг эрт унтаж, 1-2 цаг орой босож байвал эрүүл мэндэд ач холбогдолтой.

Унтлагын өрөөнд чийглэг байдал чухал. Агаар хуурай байвал хамар, хоолойг хуурайшуулан хоолой өвдөх, халуун хүйтний хямрал үүсэх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд өрөөний чийглэгийн хэмжээг 50-60 хувьтай байлгаж, түүнчлэн агаар чийгшүүлэгч хэрэглэх, нойтон хувцас өлгөх, үзмэрийн цэцэг тавих зэрэг аргаар зохицуулж болно.

6. Дасгал хөдөлгөөн

 

Өвлийн эхэн үе бол дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой цаг улирал юм. Долоо хоногт 1-2 удаа гадуур алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.

Мэргэжилтний зөвлөж буйгаар өвлийн улирлын идэвхтэй хөдөлгөөн хийх, өдөрт 30-40 минут дасгал хөдөлгөөн хийвэл маш сайн гэдэг. Ахмад настнууд өвөл цагт ердийнхөөс илүү явган алхаж, өдрийн ид хүйтэн цагаар гадуур гаралгүй, гэртээ хурдан алхах буюу дороо зөлөөн гүйх зэргээр дасгал хийгээрэй.

Өвлийн улирлын хөдөлгөөн бол хүйтэн жихүүнийг давах идэвхтэй арга хэмжээ юм. 

7. Эмчид үзүүлэх

 

Эцэст нь, амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, заавал эмчид үзүүлэх шаардлагатай гэж НЭМГ-аас зөвлөж буй юм.

Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

8. Утааны эсрэг амны хаалт

 

Утаанаас болж жил ирэх тусам уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Амьсгалын замын бүх төрлийн өвчин бидний амьсгалж буй агаараас шалтгаалдаг. Гадны орнууд агаарын бохирдолгүй ч нян, бохирдлоос хамгаалахын тулд амны хаалтыг хэрэглээд сурчихсан байдаг. 

Сүүлийн үед утаанаас хамгаалах утаа шүүгчтэй амны хаалтууд гарах болсон. Тиймээс өвлийг өнтэй давж, эрүүл мэндээрээ хохирохгүй байя гэвэл амны хаалт хэрэглэх нь зүйтэй юм.