Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргүүдийн Засаг дарга нар, цэргийн штабын дарга нар 21 аймаг, нийслэлээс шалгарсан нийт 24 багийн 300 гаруй тамирчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ “Энэхүү тэмцээнийг өсвөр, залуу үеийнхнийг дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, бие бялдрын хүмүүжил, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үр дүнг дээшлүүлэх, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор ерөнхий боловсролын бүрэн дунд, техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургуулиуд, үйлдвэр албан байгууллагууд, сум нэгдэл, сангийн аж ахуйд жил бүрийн 4 дүгээр сард, аймаг, хотод 5 дугаар сард зохион байгуулж, улсын хэмжээнд 3 жилд нэг удаа зохион байгуулж байсан.
Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2000 оноос аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулагдах болж, энэ оноос Батлан хамгаалахын сайдын нэрэмжит УАШ цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн өргөжин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.” гэлээ.
БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа “Зэвсэгт хүчний анги салбарууд энэхүү сургалтын төвд 2 жилд нэг удаа Зэвсэгт хүчний марш тактикын аварга шалгаруулах тэмцээнээ хийдэг. Үүний нэг хувилбараар хүүхдүүдийн дунд явагддаг байсан тэмцээнийг энэ жил сайдын нэрэмжит, УАШТ болгон явуулж байна.” хэмээв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!