Африкаас Европыг зорих дүрвэгсдийн урсгал сүүлийн үед Испанийг чиглэх болсноор Испани улс 2017 онд дараачийн Грек болох өндөр магадлалтай болжээ.
Өмнө нь Африкчууд Ливийн эргээс Итали руу Газар дундын тэнгисээр хөвж цагаачилдаг байсан нь хаагдсаны улмаас баруун чиглэлд буюу Морокко-Испаний чиглэл рүү шилжиж эхэлсэн байна. Ингэж шилжсэн дүрвэгчдийн тоо 8,000 гараад байгааг судалгааны байгууллагууд мэдээлжээ. Харьцуулбал 2016 оны ижил хугацаанд энэ тоо 2,500 байсан юм.
Өнгөрсөн Лхагва гарагт Кадиз орчмын наран шарлагын газарт амарч байсан хүмүүс нэгэн гайхмаар үзэгдлийн гэрч болжээ. Амрагчдын нүдэн дээр хийлдэг завьтай дүрвэгчид эрэгт бууж, тэр дороо гүйлдэн алга болж байгаа дүрс интернэтэд тарсан юм.
Өчигдөр буюу Пүрэв гарагт мөн адил замаар дүрвэгчид Испаний эрэгт газардсан тухай албаныхан мэдээлжээ. Тарифа орчмын Далайн Аврах төвийн дарга Хосе Маравер “Өдөр бүр завь, өдөр бүр дүрвэгчид. Байдал улам хүндэрч байна” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлсон байна.
Өнгөрсөн Даваа гарагт 200 орчим дүрвэгч Мороккогийн хилийн шалгах цэгийг дайран хүчээр нэвтэрсэн бөгөөд хилийн офицер тэдэнд гишгэгдэн хөлөө хугалсан гэнэ. Мөн өчигдөр 700 орчим Африкчууд дайрсныг Мороккын цагдаа нар няцааж чаджээ. Тэд заримдаа зэвсэглэн дайрч байгаа нь байдлыг улам бүр муутгаж байна.
2014 оноос хойш хагас сая гаруй дүрвэгч Африкаас Италид хүрсэн тоо бий. Тэгвэл энэ урсгалыг Ливийн эрэгт хүчээр хязгаарлах болсноор дүрвэгсдийн шинэ зам нь Испани болжээ.
Эх сурвалж: Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!