Захуудыг нүүлгэе цуврал сурвалжлагаа энэ удаа "Барс" захаас бэлтгэлээ.
Бид өчигдөр тус захыг зорьсон юм. Хүнсний ногооны ихэнх чингэлэг, агуулах энэ захад төвлөрдөг учраас ачааны машинууд эл захыг зүглэх нь цөөнгүй. Үүнээс болоод замын түгжрэлд багагүй цаг үрнэ.
Вокзалтай ойролцоо болохоор олны хөл тасрахгүй. Биднийг очиход бага үдийн 11:00 цаг өнгөрч байсан ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Захын урд хэсэгт байрлах хүнёний ногооны агуулахын үүдээр ачааны машинууд хөл гишгэх зайгүй шахам зогссон харагдсан. Эргэн тойрон ялзарсан ногооны хаягдал хог хөглөрч болгоомжтой явахгүй бол халтирч унах эрсдэлтэй.
Захын зүүн урд байрлах урт гүүрний эргэн тойрон хогийн цэг. Энэ хэсэг хэдэн жилийн өмнө л ийм байдалтай байсан. Өдгөө ч тэр л янзаараа. Хүний өтгөн, шингэн ялгадас, муудсанногооны хаягдал, цаасан хайрцаг гээд хэдэн машин хог овоолжээ. Зуны цагт өмхий үнэртээд хүн явах аргагүй болдог энэ газар өвлийн тэсгим хүйтэнд яг л жорлон болдог. Тэнэмэл хумүүс булан тохойд нь хоноглож, ил задгай бие засчихна. Хүнсний захын ойролцоо ариун цэврийг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэвч "Барс" зах эсрэгээрээ.
Бохир орчин, хог шороо тоосондоо дарагдсан газраас монголчууд хүнсээ зөөдөг нь харагдаж байлаа. Мөн жимс, жимсгэнэ зардаг хүмүүсийн ариун цэвэр ч сайнгүй. Хар хир болсон хантааз мөрөндөө угласан болж, шороотой гараараа жимсээ ууталж өгөхийг харсан хэнд ч тааламжтай санагдахгүй. Ер нь энэ захад стандарт гэж байдаггүй аж. Махны худалдааны цэг ч мөн бохир. Гэвч бусдаасаа арай хямд гэсэн нэр зүүдэг учраас хэд гурван төгрөг хэмнэх гэсэн хүмүүс зорьж очдог ажээ.
"Худалдагч нарынх нь зан харилцаа, орчин нөхцөл бүгд доголдолтой"
Бид худалдан авагч нарын заримтай уулзлаа. Үйлчлүүлэгчид "Энэ зах бусдаасаа арай хямд үнэтэй байдаг байсан. Гэтэл одоо бараг л ижил болсон байна. Хааяа хүнсний ногоо авах гэж зорьж ирдэг. Даанч орчин нь хэцүү.
Хаа сайгүй ялзарч муудсан ногооны хаягдал хөглөрч байдаг. Бас зам түгжрээд явахад төвөгтэй юм. Үйлчилгээний газар хумүүст сэтгэл ханамжийн баталгаа өгч байх ёстой. Харин манай улсын үйлчилгээний газрууд эсрэгээрээ байдаг. Худалдагч нарынх нь зан харилцаа, орчин нөхцөл гээд бүх зүйл нь доголдолтой" гэлээ.
Тус захын байшингийн гуравдугаар давхарт байрладаг "Хүнсчдийн холбоо" энэ өдөр эзэнгүй байлаа. Захиргааны ажилтнууд нь ч байсангүй. Бүгд л хаалгаа цоожлоод алга болжээ. Захын лангууны түрээс чамгүй өндөр байдаг талаар худалдагч нар ярьсан. Сүү, өндөг зардаг лангуу сарын 1.5 сая,харин жимснийх 722 мянган төгрөг гэсэн мэдээллийг түрээслэгчид өгч байлаа.
"Камергүй болохоор бараагаа хулгайд алдаад байна"
Нэрийн боовны лангуу ажиллуулдаг эмэгтэйн ярьж буйгаар тус захад хяналтын камер байддаггүй юм байна. Жилийн өмнө ажилладаг эсэх нь тодорхойгүй камертай байсан ч хулгайд алдсан эд зүйлийг олж байсан удаагүй гэж эл эмэгтэй хэллээ. Захыг хариуцдаг байсан цагдаад өчнөөн хэлээд хэргийг авч хэлэлцдэггүй аж. Харин засч сайжруулах нь бүү хэл ямар ч камергүй болгожээ.
Үүгээр ч зогсохгүй цагдаа хянахаа больсон гэнэ. Уг нь жил ирэх тусам хөгждөг байтал дордоод л байх юм. Бид бараагаа хулгайд алдвал өөрсдөө хохироод үлдэж байна. Ямар ч хяналт зохицуулалт байдаггүй. Байцаагч гэж хүмүүс бий. Гэхдээ тэд барааны чанарыг хянаж бас хугацаандаа төлбөр авах л үүрэгтэй хэмээн түрээслэгч эмэгтэй хэлж байсан.
Гал эрсдэлтэй учраас хаах шийдвэр гаргажээ
Гал гарах эрсдэлтэй захын хамгийн түрүүнд "Барс" бичигдэж байгаа. Онцгой байдлын газраас удаа дараа сануулга өгсөн ч хайхардаггүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлдэг.
Өнгөрсөн жил ч гэсэн "Барс" бөөний худалдааны төвд чанаргүй төмс худалдаж буй тухай мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирж МХЕГ-аас Ургамал хамгааллын тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай хуулиудын хэрэгжилтийг хянах үүднээс шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлтгүй жимс худалдаалсан, агуулахад шаардлагатай хяналтын төхөөрөмж байхгүй, агуулахын хана, тааз нь мөөгөнцөрдсөн зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул түр хаах тушаал гаргаж байжээ.
Эцэст нь Онцгой байдлынхан шалгалт хийж захыг хаах шийдвэр гаргасан байна. Гэсэн ч захын эзэд үүнийг үл тоон үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус захын наймаачид эрсдэлтэй орчинд ажиллаж буйгаа мэддэг хэрнээ удирдлагадаа элдэв гомдол санал хэлж чаддаггүй гэдгээ учирлаж байсан.
Түрээслэгчдийнх зарим нь "Ажлын байраар хангаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гамшиг хийсч ирэх биш. "Нарантуул"-ын хүнсний зах шатсан нь том сургамж болсон.
Тэгэхээр галын аюулаас эртнээс хамгаалах хэрэгтэй байгаа. Захын удирдлагууд энэ талаар бодох ёстой байх" хэмээлээ. Тус захын талаар түүх сөхвөл анх 1961 онд Оросын хүнсний хангамжийн төв байсныг зах зээлийн үеэр Монголд шилжүүлж өгчээ.
Ингээд 1995 оноос Ч.Амарбаатар гэх залуу худалдан авч "Барс" групп хувьцаат компани болгон өргөжүүлж төмөр зам түшиглэн хүнсний ногооны бөөний төв байгуулсан байна.
"Барс" зах нийслэлчүүдийг хүнсний ногоогоор хангадаг. Ногоочид өөрсдөө ногоогоо тарьдаг гэж ярьдагч үнэн хэрэгтээ урд хөршөөс оруулж ирдэг хэмээн шүүмжлэх хүн ч байгаа юм, Иргэдийг тоос шороотой ялзарсан ногоогоор хуурч төрийн байгууллагаас өгсөн '" үүрэг даалгаврыг биелүүлдэггүй "Барс" захыг нүүлгэх хэрэгтэй биз ээ. Эл захыг төмөр зам түшиглэсэн газар руу нүүлгэж хотын гудамжийг цэвэрлэж авмаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!