Хотын төвд үйл ажиллагаа явуулдаг томоохон захуудыг нүүлгэх тухай нийслэлийн удирдлагууд хэлэлцэж эхлээд байгаа. Манай сонин ч энэ байр суурийг дэмжиж, нийслэлчүүд төдийгуй хөдөө орон нутгаас ирсэн иргэд тэдний хамгийн олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Дэнжийн-1000" зэрэг захаар орж нөхцөл байдал ямар байгааг сурвалжлан хүргэсэн.
Энэ удаа Баянгол дүүргийн нутагт байрлах "Хархорин" захаас сурвалжлагаа үргэлжлүүлж байна.
Төв замын дагуу байрлах тус захын явган хүний замыг жижиглэн худалдаа эрхлэгчид буюу гар дээрээс наймаа хийдэг хүмүүс бүхэлд нь эзэлчихсэн байна. Тэнд жимс, хүнсний ногоо, тахиа, загасны мах, оймс, бээлий, дотуур өмд зэргийг цаасан хайрцаг дээр өрчихсөн байх юм.
Дээрээс нь "Хархорин"-гийн ойролцоо зам хамгийн их түгжрэлтэй байдаг бөгөөд мах, гурил, будаа ачсан машин олноороо зах руу орж, гарч бөглөрөл үүсгэдэг ажээ. Мөн тус захыг зорьж ирсэн иргэдийн багагүй хэсэг нь унаатайгаа ирдэг учраас зогсоол олдоход бэрх юм билээ.
Биднийг очих үед тус захын яг дунд нь зургаан давхар барилгын ажил үргэлжилж байсан. Энд дуу чимээ дэндүү их юм.
Олон хүмүүсийн бужигнаан, дээр нь барилга барьж буй хүмүүсийн ашиглаж буй техник хэрэгслийн дуу чимээ бараг л чихний хэнгэрэг хагалмаар. Үүнээс болж тус захаар үйлчлүүлж буй иргэд чанга ярьж байж л бие биенийхээ дууг сонч байсан юм.
Мөн барьж байгаа барилга дээрээс юм унаж хүмүүсийг гэмтээх вий гэсэн айдас төрж байсан. Учир нь барьж буй барилгыг тойроод гадна лангуу түрээслэгчид ажлаа хийгээд суух нь цаанаа л түгшүүртэй харагдаж байсан юм. Бид энэ тухай худалдаа эрхлэгчдээс асуухад "Одоогоор гайгүй л байна. Хэрэв тэгвэл ч хэцүү л дээ. Гадуураа уг нь хашаа хатгасан л даа" гэцгээж байв.
Золбин нохой цуглуулсан махны худалдаачдыг яах вэ
1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан тус захад 2000 гаруй түрээслэгч ажилладаг ажээ. 1000 орчим нь гадаа талбайд сарын 200 мянган төгрөгийн түрээстэйгээр наймаагаа хийдэг бөгөөд энэ нь нэг түрээслэгч лангууныхаа талбайн хэмжээнээс хамаарч өдөрт 1500-3000 төгрөг төлдөг гэсэн үг юм байна.
Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард худалдааны хоёр байрыг ашиглалтад оруулжээ.
Тэд сард 500 мянган төгрөгийн түрээс төлдөг ч гэлээ ил задгай талбайд худалдаа хийдэг иргэдийг бодвол харьцангуй таатай нөхцөлд байдаг хэмээсэн. Бид зах дотуур нэлээд явж, хашааг тойрч үзлээ.
Гэтэл машиныхаа багаажинд дүүрэн тахианы мах хийсэн залуу "Гурван ширхэг нь 5000 төгрөг" гэсэн бичиг машин дээрээ наачихсан зарж харагдсан. Харамсалтай нь ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хэн хэзээ, хаанаас авчирсан нь тодорхойгүй мах худалдаалж байгаад хяналт тавьж байгаа хүн харагдаагүй. Мөн тус захын зүүн талаар мах шулдаг хүмүүс цус болсон хормогч өмсчихсөн, том балиус гартаа барин бөөнөөрөө суух нь сүрдмээр. Харин тэднийг бараадан хэдэн эмэгтэй газар хаясан ясны хажууд суун махыг нь уутлаж суусан юм.
Бидний олж мэдсэнээр ченжүүд махаа ийн янзлуулдаг бөгөөд наймаачид нь ирж аваад зардаг гэж байв. Энэ бол нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа захын дүр зураг. Товчхондоо бол худалдан авагчид нь шаардлага тавьдаггүй, худалдагчид нь ч тэртээ тэргүй энэ барааг авах л юм чинь гэсэн бодолтой байдаг нь энэ дүр зургаас харагдаж байсан бөгөөд захын түрээслэгчид хогийн цэг болчихоод буй энэ газраа эргэж тойрч хардаггүй юм байх даа гэсэн бодол төрж байсан.
Ер нь тус захын эргэн тойронд ийм газар цөөнгүй байсан. Тухайлбал, гурил будааны агуулах байрлах захын зүүн талаар гэхэд хүмүүс шээгээд хөлдчихжээ. Ер нь бол хэцүүхэн харагдсан. Наймаачдын өгүүлсэнээр энэ хавьд бараг нар тусдаггүй болохоор хүмүүсийн шээс намар, өвөлдөө овойгоод хөлдчихдөг гэж байсан юм.
Энд байх хэсэгхэн хугацаанд хэдийгээр энэ захад олон хүн лангуу түрээслэн амьдрал ахуйгаа авч явдаг ч нэгдүгээрт нийслэлийн өнгө төрх, хоёрдугаарт эрүүл чанартай хүнс худалдаалж байгаа гэх баталгаа төрөөгүй юм. Түүнчлэн бүх захад хог хаях цэг байдаг ч амьдрал дээр зах гэдэг үг өөрөө хогийн цэгтэй адил болчихоод буй нь анзаарагдаж байлаа. Зөвхөн "Хархорин" зах дээр л гэхэд хаа сайгүй хог хөглөрч, эвгүй үнэр үнэртэж байсан бөгөөд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн байх гэдгийг лангуу түрээслэгчид хэлж байв.
"Олон хүн амьдралаа залгуулж байхад та нар яасан олон юм асуудаг юм"
Баянгол дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт бусад дүүргээ бодвол их байдаг ажээ. Учир нь хөдөө орон нутгаас ирсэн иргэд олон байдгаас ажилгүйдэл ядуурлын түвшин өндөр. Мөн "Хархорин" зах энэ дүүргийн нутагт байрладаг учраас гарч байгаа гэмт хэргийн тоог нэмэгдүүлдэг аж. Энд бүлэглэн танхайрах архидалт, халаасны хулгайн хэрэг их гардаг хэмээн албаныхан өгүүлсэн. Би худалдааны төвийн менежер Н.Баттуулаас захын үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ захын голд барьж байгаа байшин ямар учиртай юм бэ?
-Гадаа ажиллаж байгаа түрээслэгчдийг барилгын ажил дуусч ашиглалтад өгөхөөр оруулах юм. Гэхдээ гадаа байгаа лангуу харьцангуй хямд байдаг учраас манай түрээслэгчид дотогшоо орох сонирхолгүй байдаг. Уг нь дотор зах гадна сууснаас тохь тухтай дулаахан шүү дээ. Иймээс түрээс нь ч харьцангуй өндөр байдаг.
-Хүмүүс барилга барьж байхад эргэн тойронд нь хүмүүс ажилласаар л байна. Ямар нэг осол гарлаа гэхэд хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
-Барилга барьж дуустал түрээслэгчдийг ажиллуулахгүй байна гэдэг хэцүү л дээ. Энэ олон хүн хэдэн cap, магадгүй жил ажилгүй сууна гэсэн үг. Иймээс бид аль болох хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаад ажиллуулж байна.
-Танайх хогоо өдөр бүр ачуулдаг уу ?
-Тэгэлгүй яах вэ. 2000 гаруй түрээслэгч байдаг учраас маш их хог гардаг. Дээр нь цайны газрууд цөөнгүй бий. Өдөрт олон машин хог ачуулсан ч хог нь цэгцэрдэггүй. Гэхдээ манайхаас хог, бохир усны асуудлыг шийдэх гээд боломжийнхоо хэрээр ажиллаж байна.
-Машины багаажинд хийсэн тахианы мах зарж байгаа хүмүүс цөөнгүй байна. Үүнд ямар нэг хяналт тавьдаггүй юм уу?
-Энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Ер нь тэгээд ч хүмүүс болж бүтэхээрээ ажил хийгээд амьдралаа залгуулж байхад та нар яасан олон юм асуудаг юм бэ.
Тэрбээр ийн уцаарлаж өөр мэдээлэл өгөхийг хүсээгүй юм. Уг нъ түүнээс олон зүйлийг асуусан ч байгууллагын нууц, гээд халгаасангүй. Гэхдээ тэрбээр "Олон хүнийг ажилтай байлгаж байна" гэх зэргээр тайлбарлаж байгаа ч бодит байдал дээрээ "Хархорин" захыг хотын төвөөс нүүлгэх хангалттай олон шалтгаан байгаа нь нүдэнд ил байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!