Хүүхэлдэйн киноны баатар Винни Пухын зураг, нэрийг Хятадын интернэт ертөнцөд хориглодог болсон тухай саяхан мэдээлж эхэллээ.
Зөгийн баланд дуртай энэ хөөрхөн амьтан хэнд гэм хийсэн болоод хориглогдож байгаа талаар Хятадын сошиал ертөнцөд ид хэлэлцэж байна.
Эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй ч уг бамбаруушыг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй адилтган харьцуулдаг нь үүнд нөлөөлсөн байх хэмээн сэжиглэж байгаа ажээ.
Даваа гарагийн байдлаар тус улсын Вэйбо сүлжээнд Винни Пухын зургийг оруулж болж байсан ч нэрийг нь ханзаар бичихэд алдаа өгч байгаа гэнэ. Мөн WeChat сүлжээний стикерийн сангаас алдарт бамбаруушын зурагтай стикер хасагдсан байна.
Анх 2013 онд Ши Жиньпинийг АНУ-д айлчилж, Барак Обаматай уулзах үеийн зургийг нь олон нийт, хэвлэлүүд Винни Пухтай жишиж харьцуулсан байдаг.
Дараа нь 2014 онд Ши дарга Японы ерөнхий сайд Шинзо Абэтай дурамжхан гар барьж байгаа зургийг мөн адилтгаж байсан юм.
Сүүлд 2015 онд Ши Жиньпиний цэргийн парадыг командлан машинтай яваа гэрэл зургийг зарим хэвлэлүүд мөн Винни Пухтай адилтгаж байжээ.
Ирэх намар болох намын их хурлаар Ши Жиньпин өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр бэлдэж байгаа нь үүнд илүү эмзэг хандахад нөлөөлсөн бололтой.
Эх сурвалж: Japan Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!