Газар чөлөөлөх ажлын явц болон автозамын салбарын бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар Нийслэлийн Газрын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
НМХГ-ын дарга Л. Эрдэнэчулуун "Эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад долоо хоногийн хугацаатай албан мэдэгдэл өгч байгаа.
Долоо хоногийн хугацаанд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байна.
Эдгээр ААН-үүдэд 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон.
161 газраас 47 газар нь торгуулиа төлсөний дараа хашаагаа татсан" гэлээ.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн.
Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна.
Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл БГД-т 13 газраас долоог чөлөөлсөн, БЗД-т 26 газар чөлөөлөхөөс 14-г, СХД-24 өөс дөрвөн газар, ХУД-т наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.
ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
Тухайлбал БГД-ийн 18-р хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн.
БЗД-д Чингис зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж зөвшөөрөлгүй мухлаг барьсаныг буулгасан.
Санхүү Эдийн Засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныг буулгасан.
Орц гарц хаасан хашаа шонг бид очоод буулгаж байгаа.
Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Цаашид эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй байгаа ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй.
Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.
Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол Нийслэлийн Засаг Дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!