Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ нь Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг төдийгүй Төв аймгийн 16 сумын нийт 242 мянга гаруй хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг төрийн өмчит хувьцаат компани юм.
Түүнчлэн цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасралтгүй түгээх үндсэн үүргээ биелүүлэхээс гадна техникийн тасралт саатлыг устгаж, иргэдээс ирсэн дуудлагын дагуу санал, гомдлыг нь барагдуулан ажилладаг байна.
Дээрх нөхцөл байдлаас үүсэн хэрэглэгчдийн хүсэлтээр зөвхөн цахилгаан эрчим хүчийг түгээхээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээг үзүүлдэг. Ингэхдээ тухайн нэмэлт үйлчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу тогтсон үнээр үзүүлдэг аж.
Гэтэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УБЦТС-ний талаар таагүй мэдээлэл гарах болсон.
Тодруулбал тус компанийг иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг нэмж хэрэглэгчдээ шулдаг, улсын төсөвт төвлөрөх ёстой их хэмжээний мөнгө хэдхэн хүний гараар дамжин үгүй болсон гэх мэт мэдээлэл цацагдсан.
Тэгвэл дээрх үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианд хариулт өгөхөөр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нар өчигдөр мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд тэд дээрх бүх мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэлсэн бөгөөд компанийнх нь нэр хүндэд халдаж, үйл ажиллагаанд нь саад хийх гэсэн хэн нэгний явуулга хэмээн тайлбарласан юм.
Тэд хэлэхдээ “Хэрэглэгчид, ард олны нэрийг барьсан тэдгээр хүмүүс “УБЦТС” ХК-ийг тэрбум 200 сая төгрөгийг хууль бусаар авсан гэж мэдэгдсэн ч энэ мөнгө бол тус компанийн өнгөрсөн онд үйл ажиллагаанаасаа олсон ашиг. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийн хэмжээг компанийн гүйцэтгэх захирал батална гэж заасан байдаг.
Энэ үүднээсээ үйлчилгээний төлбөр буюу иргэдийн хүсэлтээр тухайн айлд залгуур, унтраалга сольж өгөх, цахилгааны утсыг шинээр татах гэх мэт үйлчилгээндээ тохирсон мөнгөн төлбөрийн хэмжээг батлан дагаж мөрддөг.
Бурхан шашны төв хүртэл хийморийн сан тавихдаа мөнгө авдаг болсон өнөө үед энэ мэт үйлчилгээнд төлбөр төлөх нь зүйн хэрэг.
Манай улсад барилгын угсралт, цахилгааны монтаж хийх зөвшөөрөл бүхий 900 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үзүүлсэн үйлчилгээндээ тохирсон төлбөр авдаг. Манай компани бол тэдний л нэг” гэв.
Ингээд хурлын үеэр УБЦТС-ний гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс дараах тайлбарыг авсан юм.
С.Төмөрхүү: ШӨХТГ-аас манай компанид ямар ч торгууль ногдуулаагүй
-Сүүлийн үед танай компанийн талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Үнэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг иргэдээс хууль бусаар их хэмжээний төлбөр авдаг гэдэг нь үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай компани хуучнаар Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 24 дүгээр тогтоолын дагуу нэмэлтээр үзүүлэх үйлчилгээнд зарцуулах ажлын материал, хөдөлмөр, цалин хөлс гэх мэт нэмүү өртгийг тооцож, нэр төрлөөр нь ангилан тариф тогтоосон байдаг.
Хэрэглэгч нэмэлт үйлчилгээ авахыг хүссэн тохиолдолд манай компани тодорхой тогтсон үнээр тэрхүү үйлчилгээг нь хүргэдэг гэхэд болно.
Гэхдээ бид хэзээ ч хэрэглэгчдэд эдгээр үйлчилгээг заавал ав гэж тулгаж байгаагүй. Зөвхөн хууль журмын дагуу тогтсон үнээрээ нэмэлт үйлчилгээ үзүүлдэг.
-Тогтсон хууль, журмын дагуу үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Яг ямар хууль журмын дагуу гэж. Жаахан тодорхой тайлбарлахгүй юу?
-Бид салбарын яамнаас олгосон Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4-35 кВ/, Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /35 кВ хүртэл/ болон Стандартчилал хэмжил зүйн газраас олгосон Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний нэг ба гурав фазын механик, электрон, импульсын тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурилуулах, худалдах зэрэг тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг үзүүлэх эрхтэй.
Энэ дагуу гүйцэтгэх захирлын 2008 оны 166, 2011 оны 159 тоот тушаалаар хангах, түгээх болон тоолуурын лабораторийн чиглэлээр гаргасан 386 нэр төрлийн нэмэлт үйлчилгээг үнэ төлбөртэй нь баталж гаргасан байдаг. Эдгээр үйлчилгээний 336-г нь зах зээлийн тарифт тулгуурлан тогтоосон.
Тэр дагуу л үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс биш иргэдийг шулж их мөнгө авсан зүйл байхгүй. Үнэхээр ийм ташаа мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өнөөдөр УБЦТС-ний 1700 гаруй ажилчин хуулийн хүрээнд л ажлаа хийж байгаа.
-Гэхдээ нэмэлт үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг шулж өнгөрсөн онд нэг тэрбум гаруй төгрөгийн ашиг олсон гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төлбөртэй үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлснээр өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон нь үнэн. Гэхдээ энэ нь шууд манай компанийн цэвэр ашиг биш юм. Учир нь компанийн 1700 гаруй ажилчны цалин, техник тоног төхөөрөмж, тээврийн зардал гардаг гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
Дээр нь нэмж хэлэхэд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний хороо болон Эрчим хүчний зохицуулах хорооноос манайд ямар ч хяналт, шалгалт хийгээгүй. Ямар ч шалгалт хийгээгүй байж олон нийтэд шалгалт хийсэн юм шиг ташаа мэдээлэл цацсан.
-Танай компанид өнгөрсөн онд ШӨХТГ-аас шалгалт хийж 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн. Ямар зөрчил илэрсэн болоод ийм их хэмжээний торгууль ногдуулсан юм бэ?
-ШӨХТГ-аас шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ та бүгдийн яриад байгаа шиг 10 сая төгрөгийн торгууль ногдуулаагүй. Яах вэ, зарим нэг алдаа дутагдал илрүүлж, зөрчлөө арилгах шаардлага өгсөн. Бид тухайн үед илэрсэн зөрчил, дутагдлаа арилгасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!