ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам тээврийн ослоос шалтгаалах нас баралт, өвчлөлийг бууруулах боломж бидэнд бий"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

НҮБ-аас хоёр жил тутамд нэг удаа, долоо хоногийг тодорхой уриатайгаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдрүүд болгон зарладаг.

Энэхүү үйл ажиллагаанд манай улс дөрөв дэх жилдээ нэгдэн, “Хурдаа хас, амь насаа аваръя” гэсэн уриатайгаар үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

"1 км/цаг хурдыг багасгахад нас баралтын тоог 5-6 хувиар бууруулах боломжтой"

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Нэгдсэн Үндэсний Байгууллагаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаагаар зам тээврийн аюулгүй байдлыг хангаж, ослыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна.

Ялангуяа зам тээврийн осол манай улсын хүн амын нас баралт, өвчлөлийн гол шалтгаан болдог. Нас баралт, өвчлөлийг бууруулах боломж гарц бидэнд бий.

1 км/цаг хурдыг багасгахад нас баралтын тоог 5-6 хувиар бууруулах боломжтой байдаг юм байна.  

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-наас эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр бусад яам, салбар байгууллагуудтай хамтран, үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж байна” гэв.

Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 107,559 хүн гэмтэж, 2,431 хүн нас барсан бөгөөд бүртгэгдсэн осол гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай осол гэмтэл байна.

Харин 2017 оны нэгдүгээр улиралд нийт 27,763 осол бүртгэгдсэнээс 3,160 нь буюу 11.4 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байсан бөгөөд 84 хүн зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон байна.

Уг долоо хоногийн үйл ажиллагааны хүрээд

  • ХСИС-ийн 300 сонсогч нарт “Замын аюулгүй байдлын хангах 7 хоногийн хүрээнд сургалт хийх,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нарт сургалт мэдээлэл хийх,
  • ЕБС-ийн захирал нарт “Замын аюулгүй байдлын хангах 7 хоногийн хүрээнд сургалт хийх,
  • Нийтийн тээврийн жолооч нарт хуваарийн сургалт хийх,
  • 1,000 Өсвөр үе залуучуудын флаш моб бүжиг, жагсаал цуваа зохион байгуулах,
  • Гудамж.зам талбай, уулзварууд ХСИС 300 сонсогч нар мэдээлэл сурталчилгаа хийх,
  • Олон нийтийн сүлжээгээр Замын аюулгүй байдлын 7 хоногт нэгдэх үйл ажиллагааг эхлүүлэх,
  • 21 аймаг 9 дүүрэг Замын аюулгүй байдлын 7 хоногийг талаар мэдээлэл өгөх,
  • Нийтийн тээврийн автобусанд Замын аюулгүй байдлын 7 хоногийн талаар уриа бүхий баннер байршуулах,
  • Хотоос гарах товчоонуудад Хурд хэтрүүлэхээс сэргийлсэн самбар байршуулах,
  • Замын аюулгүй байдлын 7 хоногийн талаар мэдээллийн суваг ашиглан олон нийтэд мэдээлэл түгээх,
  • Олны танил Gee / Мөнх-Эрдэнэ оролцуулсан хурд хэтрүүлэхээс сэргийлсэн шторк хийж, түгээх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.