1/23
@mpa
@mpa
@mpa
@NYTimes
@pubgm

2023 оны ОНЦЛОХ 23 үйл явдал

Шинэ он гарахад цөөхөн хоног үлдсэн энэ үед бид улиран өнгөрч буй 2023 онд болсон онцлох 23 үйл явдлыг эргэн сануулж байна.

2023 онд Х Богдоо тодруулсан, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд амжилттай хэрэгжсэн, олон мянган жуулчин хүлээн авсан, и-спортын залуус дэлхийн аварга болсон зэрэг гэгээлэг сайхан мэдээ олонтой байлаа.

Гэхдээ нийслэл даяараа үерт урсах шахсан, хүүхдүүд гэмт хэргийн золиос болж амиа алдсан, хугацаат цэргийн албанд татагдсан залуус цаг бусаар амиа алдсан, гэмтсэн зэрэг саар үйл явдлууд ч их байв.

Төрийн байгууллагуудад хулгай ямар хэмжээнд бугшсаныг монголчууд Хөгжлийн Банк болон нүүрсний асуудлаарх сонсголуудаас бид нийтээрээ харлаа. Үүнээс улбаалж хууль хяналтынхан хэр нухацтай ажиллаж, буруутнуудад хариуцлага тооцож чадах эсэх нь олны анхааралд хэвээр үлдэж байна.  Мөн нийтийн тээврийг хүртээмжтэй болгохоор оруулж ирсэн гэх автобуснуудын "но" илэрч, Хотын дарга, "Түгжрэлийн сайд" огцорч, холбоотой гэх хүмүүс нь шалгагдаж байна. Уршигт нь улаанбаатарчууд байгаа хэдэн автобусанд багтаж ядан явцгааж байна. 

Ингээд 2023 онд Монгол Улсад болсон ОНЦЛОХ 23 ҮЙЛ ЯВДЛЫГ iKon.mn эргэн сануулж байна.

Гэрэл зургуудыг MPA агентлаг болон холбогдох албан ёсны хуудаснуудаас ашиглав. Х Богдын гэрэл зургийг "The New York Times"-аас авсан болно.

ХҮҮХДЭЭ АЛАГЧИЛСАН НЬ БҮРТГЭЛ ЯМАР ХЭМЖЭЭНД ХИЙГДДЭГ ТУХАЙ БОДИТ БАЙДЛЫГ ИЛЧЛЭВ

Зураг

Засгийн газраас 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдийг буюу Монгол Улсын 1.2 сая хүүхдийн 9%-ийг 100 мянган төгрөгийн тэтгэмжээс хассан нь тэгш бус байдал үүсгэж, олны дургүйцлийг хүргэсэн юм.

Гэвч хүүхдийн мөнгө олгох өрхийг тооцон гаргахад алдаа дутагдал их байв. Өрхийн мэдээллийн сангийн системд зөрүү үүсэж, зарим иргэн хаа хамаагүй хүнтэй "гэрлэсэн", "хүүхдийн тоогоо нэмсэн" эсвэл хүүхдийн тоо дутсан зэрэг олон асуудал гарсан. Мөн салбарын сайд нь хүртэл "долоон хүүхэдтэй болж" үзэв. Ингэж хөгөө чирсний эцэст Засгийн газар шийдвэрээсээ буцаж, энэ оны долдугаар сараас эхлэн хүүхэд бүр мөнгөн тэтгэмжээ авдаг боллоо

УРД ХӨРШ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Зураг

Цар тахлын улмаас хаагдаад байсан Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гурван жилийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр нээв. Хил нээсэн эхний өдөр Замын-Үүд-Эрээн боомтоор манай улсаас 222 монгол, 148 хятад иргэн явсан бол БНХАУ-аас 58 монгол, 85 хятад иргэн тоон мэдээлэл гарч байлаа.

Харин одоогийн тоо мэдээллээр Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8,870 иргэн зорчиж байна. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.

АВЛИГЫН ИНДЕКСЭЭР МУУ ДҮН АВЧ, АНХААРЛЫН ТӨВД ОРОВ

Зураг

Үер, ногоон автобус гээд манай улсад гарсан бараг бүх асуудал авлигатай холбогдож, хээл хахуулийн хор уршгийг нийтээрээ амссан жил байв. Монгол Улс 2023 онд авлигын индексээрээ 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн таван жил дэх хамгийн муу үзүүлэлт боллоо. АТГ-ын мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар авлигын 1,477 гомдол хүлээн авч, улсад учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Авлигын хэргүүдээс хамгийн дуулиантай нь УБТЗ-ын албан тушаалтан болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс ₮7.3 тэрбумтай тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют бэлнээр хураан авсан явдал байв. Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон иргэн "Б"-г хахууль авсан, мөнгө, угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэрэгт буруутгаж 10 жилийн ял оноогоод байгаа юм.

Энэ хэргээс гадна авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг дээр дурдсан судалгааны үр дүн харуулсан нь манай улсын нөхцөл байдлыг илтгэж байна гэдгийг Хөгжлийн Банкны шүүх хурал, Нүүрсний сонсголын үеэр бүгд харсан билээ.

МОНГОЛ АВРАГЧИД АНХ УДАА ГАДААД УЛСАД АВРАХ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Зураг

Монголын аврах багийнхан анх удаа гадаад улсад газар хөдлөлтийн гамшгийн халуун цэгт үүрэг гүйцэтгэв.

Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, орон гэргүй болсон. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн туркүүдэд монголчууд тусламжийн гараа сунгаж, Засгийн газраас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээж, Сири улсад хүмүүнлэгийн тусламж хүргүүлсэн.

Эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй Монголын аврах баг Балу, Марта дуудлагатай хоёр мөрч нохойн хамт найм хоног үүрэг гүйцэтгэж, нурангиас найман хүнийг эсэн мэнд гаргаж, 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, тусалсан юм.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ХААГЧДЫН ҮНЭН ТӨРХИЙГ ИЛЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛ

Зураг

Нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд хоёр "том" сонсгол энэ онд зохион байгуулагдав. Монгол Улсын Хөгжлийн Банктай холбоотой хэргийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар энэ оны эхний саруудад хийж, 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь оролцсон.

Анх удаа хамгийн олон буюу 275 оролцогчтой уг хэргийн шүүх хурлын бүх үе шатыг монголчууд бид нээлттэй үзэв. Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон.

Түүнчлэн "40, 440 их наяд"-ын хулгай гэж бүтэн жилийн турш маргалдсан буюу нүүрсний хулгайн талаарх сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ.

Эхний сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221, хоёр дахь үе шатанд давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцжээ. Тус сонсголоор Ханбогд сумын Засаг дарга Өмнөговь аймгийн 457 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай 38 компанид эзэмшүүлсэн болох нь Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон юм. Ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудын үнэн төрхийг энэ хоёр сонсгол олон нийтэд эхнээс нь ил болголоо.

ДЭЛХИЙН ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД ТОМ ТОГЛОГЧ БОЛОХ ЭХЛЭЛ

Зураг

Оюутолгойн ордын зэсийн нөөцийн 80 хувь агуулагдаж буй Гүний уурхайн олборлолт 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхэлсэн юм. Оюутолгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцсон нь зургаан сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ аж.

Ийнхүү Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн Гүний уурхайтай болох урт хугацааны аяллаа эхлүүлэв. Мөн 2032 оноос эхэлж Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэж эхлэх талаар "Эрдэнэс Оюу толгой” компани онцолсон.

УИХ-ЫН ДӨРВӨН ГИШҮҮН "ЯВЖ", 100,000 ГАРУЙ ИРГЭНИЙ САНАЛ ҮНЭГҮЙДЭВ

Зураг

Ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа УИХ хамгийн сэлгээ ихтэй парламентад тооцогдож байна. Энэ онд л гэхэд нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбоотойгоор Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлсэн бол Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр шалгуулахаар бүрэн эрхээсээ түдгэлзэж, Х.Нямбаатарыг хотын дарга болгохоор гишүүнээс чөлөөлсөн. Ингэснээр парламент 72 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

2020 онд Ж.Мөнхбат 21,478, Д.Бат-Эрдэнэ 15,239, Х.Нямбаатар 32,962, Т.Аюурсайхан 33,356 хүний саналаар УИХ-д сонгогдож байв. Үүнээс харвал 100,000 гаруй иргэний санал ийнхүү үнэгүйдэв.

Ташрамд дурдахад УИХ-ын гишүүнээс татгалзаж, хотын дарга болсон анхны хүн нь Д.Сумъяабазар. Сонирхолтой нь түүний орыг залгасан Х.Нямбаатар мөн л ийм замыг туулав. Тэд хоёулаа Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдож байв.

ТҮҮХЭН АЙЛЧЛАЛУУД БА ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИМЭЭ

Зураг

Гаднын хөрөнгө оруулагчдыг үргээгээд байсан манай улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирэх таатай чимээ Монголд анх удаа хөл тавьсан Франц улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа үүссэнийг онцлох нь зүйтэй. Хоёр орны Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын үр дүнд "Орано майнинг" группийн ТУЗ-ийн дарга Клод Имовэний онцолсончлон Монгол Улсад уран олборлохоор хийгдэж буй маш чухал хөрөнгө оруулалтын ажлын эхлэл тавигдав. $1.6 тэрбумын хөрөнгө оруулалт татах уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлийн оролцогч болох стратегийн онцгой ач холбогдол үүсэх юм. Мөн айлчлалын үеэр Монгол Улс цөмийн эрчим хүчтэй болох, 10GB-ын "Чингис" нэртэй хиймэл дагуул бүтээж хөөргөх эхлэлээс гадна тус улсаас нисдэг тэрэг, өндөр шаттай гал унтраах машин авах $34 саяын санхүүжилттэй хоёр дахь удаагийн гэрээг сунгасан зэргийг сануулъя.

Мөн энэ онд Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт дөрөвдүгээр сард айлчилсан бол Ромын Пап Франсис есдүгээр сард айлчиллаа. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Католик шашны тэргүүн Пап Францис тус улсаас манай улсад элч илгээснээс хойш 777 жилийн дараа айлчилсан нь энэ. Уг айлчлал нь шашин, улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог байсан юм. Түүнийг дагаж манай улсад 23 орны 160 орчим сэтгүүлчээс гадна орон орны католик шашинтнууд ирсэн нь Монголыг дэлхий дахинаа харах боломж боллоо.

ШИЛЭН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД САНГУУДЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛОВ

Зураг

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн ажиллагааны хүрээнд төрд буй мэдээлэл шат дараатайгаар нийтэд ил болсоор байгаа.

Үүнээс Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн мэдээллийг онцолж байна. Тус сангийн зээлээр 1997 оноос хойш гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсын 1,950, гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүн байдгаас 230 нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй байгаа юм.

Иргэдэд нээлттэй, бүгдэд тэгш боломж олгох ёстой БЗС-гаас зээл авсан хүмүүсээс нэлээд нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид болон тэдний хүүхдүүд байсан нь ил болсон. Эдгээр үйл явдлын дараа уг сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутныг энэ жил анх удаа олон нийтэд зарлав. Мөн газар олголттой холбоотой мэдээллийг иргэд харах боломж нээгдлээ.

УИХ-ЫГ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХООР ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ

Зураг

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, иргэд төлөөллөө өөрсдөө сонгодог болсон цагаас хойш найман удаа сонгууль боллоо. Энэ хугацаанд 76 хүн гурван сая гаруй иргэнийг төлөөлдөг байсан бол ирэх жил уг тоо 126 болно. 

Тодруулбал "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгаж, өөрчлөлт орууллаа. 

Энэ дагуу ирэх оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгийгөөс бусад аймгийг бүсчлэн нэгтгэж, нийт 13 том тойрогтой байхаар тогтоод байна.

СОЛОНГОС ЖУУЛЧДЫН ХӨЛД ДАРАГДАВ

Зураг

Аялал жуулчлалын жил болгон зарласан 2023 он цар тахлын өмнөх жилийн рекордыг эвдсэн жил боллоо. Энэ хүрээнд манай улс 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн юм.

Монгол Улсад БНСУ-аас хамгийн олон жуулчин ирсний дотор Жан Хёг тэргүүтэй тус улсын зургаан алдартан ирж, “Хүргэлт ирлээ” шоугаа хийсэн манай улсын хувьд маш том сурталчилгаа болсон юм. Мөн плас сайз моделиуд ч Монгол Улсыг сурталчлан таниулсан нь Солонгосоос ирэх жуулчдын тоо үлэмж нэмэгдэх шалтгаан байсан гэж болно.

БОАЖЯ-наас энэ оны есдүгээр сарын 25-нд өгсөн мэдээллээр БНСУ-ын 110 мянга орчим жуулчин Монголд ирсэн бол нийт жуулчдын тоо 600 мянга давсан гэсэн статистик байна.

ИХ ҮЕР

Зураг

Хотын төвийн замууд ус зайлуулах системгүй, далан шуудуу хангалтгүй, үерийн эрсдэлт бүсэд замбараагүй газар олгосон зэрэг олон асуудлын мөн чанарыг өнгөрсөн зуны хур бороо таниулав. 

Үүнтэй зэрэгцээд хууль бус газар олголтын асуудал сөхөгдөж, усны онцгой хамгаалалтын бүсийн объектуудыг чөлөөлөх ажил ч яригдав. Энэ хүрээнд "Авлига хороолол" хэмээн нэрлээд буй Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг албадан буулгах шийдвэр гарсан. 

Улаанбаатар хотын эмх замбараагүй газар олголт, олон жилийн төлөвлөлтгүй байдлын төлөөсөнд долоон хүний амийг үерт алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автлаа. 

Үерийн улмаас орон гэргүй болсон айл өрхийн тоо нэмэгдэж, бороо ороход баярлах бус бүх нийтээрээ түгшүүрт автдаг болов. 

Х БОГДОО ТОДРУУЛАВ

Зураг

Улиран өнгөрч буй энэ онд X Богд Монголоос тодорч энэ жил олон нийтэд зарласан нь манай улсын төдийгүй нийт буддын шашинтны анхаарлыг татсан үйл явдал байлаа.

Х Богдыг тодруулахдаа газар байршил, төрсөн цаг хугацаа зэрэг нарийн шүүлтүүрээр судлахад олон мянган хүүхдээс 11-ийг оновчлон үзсэн байдаг. Тэдний есөд нь IX Богдын эдэлж хэрэглэж байсан зүйлээс таниулах ажлыг хийсэн тухайгаа Номун хан Д.Чойжамц хэлж байв. Ингэхэд есөн хүүхдээс ердөө нэг нь хольж тавьсан олон эдлэл дундаас IX Богдын өдөр тутам ном уншдаг байсан хайртай эрхийг нь шууд хүзүүндээ зүүж, хонхыг нь олж авсан гэдэг.

Харин энэ үйл явдалтай зэрэгцээд яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын албатай хамтран гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчилсан нь олны анхаарлыг татсан бас нэгэн дуулиант хэрэг байлаа.

Олон нийт уг баривчилгааг Х богдтой холбоотой хэмээн хардаж буй. Харин шүүх байгууллагын зүгээс хэргийг төрийн нууцтай холбоотой, маш нууцын зэрэглэлтэй хэмээн нууцалсаар байгаа билээ.

АЗИЙН НААДАМ БОЛОН ЦАХИМ СПОРТ

Зураг

Монголчууд энэ онд спортын амжилтаар дүүрэн байлаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байсан "Ханжоу 2022" 19 дэх удаагийн Азийн наадамд манай улсаас 34 спортын төрөлд 402 тамирчин оролцож гурван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр 38 орноос 22 дугаар байрт эрэмбэлэгдэв.

Түүнчлэн Монголын тамирчид цахим спортын төрлөөр анх удаа дэлхийн аварга боллоо. PUBGM тоглоомын дэлхийн аваргад IHC esports баг түрүүлснээр 453,500 ам.долларын шагнал хүртсэн нь түүхэн үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн Stalwart esports баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн юм.

Монголын DOTA2 тоглоомын шигшээ баг "Ханжоу 2022" Азийн наадамд анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн тэд IESF холбооны дэлхийн аварга болов. Үүнээс гадна олон улсын хэмжээний мастер Г.Ануужин хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилтуудын нэг байлаа.

АЙМГУУДЫН 100 ЖИЛ ДАВХЦАЖ, БҮТЭН САР НААДЛАА

Зураг

Жил бүрийн адилаар өнгөрч буй онд өргөн дэлгэр наадамласан. Гэвч наадамчин олны сэтгэлийг гундаасан таагүй мэдээ дуулдаж, үндэсний их баяр наадмын түрүү бөх Д.Бадарчаас допинг илэрсэн нь батлагдав.

Допингийн дуулиантай, аймгуудын ойн цэнгүүнтэй, олны хөл хөдөлгөөнтэй наадам болов. Тодруулбал Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийнхан 100 жилийн ойгоо тэмдэглэлээ.

Түүхэн ой нь тохиосон аймгууд зун олны хөлд дарагдаж, явуулын амьтны хүрээлэн, циркийн акробатчид, нийтийн дуучид, рок хөгжмийн хамтлагууд цөм хөдөөг зорьж, өргөн тэмдэглэв.

Архангай аймгийнхан 100 жилийн ойдоо зориулж 20,000 хүний багтаамжтай, 2,000 орчим машины зогсоолтой жишиг цогцолбор байгуулсан бол Говь-Алтай аймаг ойдоо зориулан 3,500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, долдугаар сарын 20-нд ашиглалтад оруулсан. Хэнтий аймгийн баярын арга хэмжээнд олон улсын хүндэт зочид уригдаж, наадмын нээлтийн тоглолтод 1,700 гаруй уран бүтээлч оролцсон юм.

Ийнхүү наадмын амралтаар 117,710 автомашин, 670,270 иргэн Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж, бүтэн сар өргөн дэлгэр наадамласан.

 

БАЛГИЙГ НЬ ИЛЧИЛСЭН “НОГООН”-УУД

Зураг

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ хэмээн ярьсаар, Солонгосын "Daewoo Bus" компаниас худалдан авсан гэх 100 ширхэг ногоон автобус нь хуучин болж таарснаар нийгэмд маш том асуудал үүсгэв. Авлигатай Тэмцэх Газар шалгалтын ажиллагааг эхлүүлснээр автобус нийлүүлсэн “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал, зуучилсан байж болзошгүй хоёр Солонгос иргэнийг баривчилсан бөгөөд БНСУ-ын хуулийн байгууллагаар автобусны асуудлыг шалгуулахаар тус улсын Элчин сайдын яаманд хүсэлт хүртэл өгөөд буй.

Энэ хэргийн улмаас экс хотын дарга Д.Сумъяабазар иргэдээсээ уучлалт хүсэж, ажлаа өгсөн бөгөөд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон юм.

Харин иргэдээ хуурч, хуучин автобус оруулж ирэн хичээл сургууль эхэлж, ачаалал нэмэгддэг ид үеэр нийтийн тээврийн салбарыг хүнд байдалд оруулсан Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 23 хүн одоогийн байдлаар Монгол Улсын хилээр гарах эрхээ хасуулан шалгагдаж байна. Үүний балгаар нийслэлчүүд бид хүндхэн өвлийг туулж явна.

МОНГОЛЫН УРЛАГ ДЭЛХИЙД

Зураг

Морин хуурын чуулга, “Монгол хаан” жүжиг, “Баавгай болохсон” кино зэрэг уран бүтээлүүд дэлхийд гарсан нь урлагийн ертөнцийн онцлох үйл явдлууд байв.

Морин хуурын чуулга Францын Версалийн ордон, Сиднейн театр зэрэг олон улсын томоохон тайзнаа хуураа эгшиглүүлж, “Чингис хаан” одон хүртлээ.

"Монгол хаан" жүжгийг дэлхийн үзэгчдэд зориулан англи хэлээр дэглэж, Лондон хотын Колизей театрт анх удаа тоглосон бөгөөд гаднын шүүмж, магтаалыг олноор сонссон нь урлагийн салбарынхны хувьд олзуурхууштай байсныг онцлох хэрэгтэй.

Дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээний нэг болох "Каннын кино наадам"-ын Un Certain Regard төрөлд Монголоос анх удаа “Баавгай болохсон” кино нэр дэвшив. Кино багийнхан тус наадмын улаан хивсэн дээгүүр алхан орж, бүтээлээ танилцуулсан нь онцгой үйл явдал болсон юм.

Уг кино нь агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт манай нийгэмд тулгарч буй олон асуудлыг хөндөн гаргасан нь олон улсад ийнхүү анхаарал татав.

ХҮҮХДҮҮД ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖ, АМИА АЛДСАНЫ ДАРАА ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЧАНГАРАВ

Зураг

Монгол Улс хүүхдүүддээ хатуу харгис нийгэм болсныг өнгөрч буй онд гарсан хэд хэдэн золгүй явдал илтгэлээ.

Энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, үер, ус, угаартах, өндрөөс унах зэрэг шалтгаанаар 85 хүүхэд амиа алдсан харамсалтай тоон мэдээлэл байна. Нийгмийн цочроосон хамгийн аймшигтай хэрэг нь Дорноговь аймагт гарсан. Хэргийн хохирогч болсон охин амиа алдсаны дараа эрх баригчид сая нэг Эрүүгийн хуульд засвар оруулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох шийтгэлийг чангатгав.

31 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ИХ ХАМБЫГ СУУДАЛД НЬ ЗАЛЛАА

Зураг

31 жилийн турш Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын албыг хашсан 29 дэх Хамба Номун хан Д.Чойжамц өөрийн хүсэлтээр албаа өгч дараагийн хамба ламаар Д.Жавзандоржийг сонгов.

Д.Жавзандорж хамба нь Лхаарамбын дамжаа хэмээх эрдмийн хамгийн дээд зэрэг цолыг хамгаалсан нэгэн бөгөөд Гандантэгчэнлин хийдэд хоёр жил орчим ажиллаж байгаад ийнхүү Их Хамбад өргөмжлөгдсөн юм.

30 дахь Их Хамба ажлаа авахдаа “Шинжлэх ухааны байгууллагатай хамтарна, бурхны сургаалыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ" хэмээн хэлсэн нь Монголын буддын шашинд өөрчлөлт авчрах нь гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа юм.

ЦЭРЭГТ ТАТАГДСАН ЗАЛУУСЫН ЗАРИМ НЬ ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ

Зураг

Эх орныхоо төлөө зүтгэхээр мордсон цэргүүд энхийн цагт амь үрэгдсэн харамсалтай хэргүүд ар араасаа гарлаа. 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдсан, төгсөх курсийн оюутан залуу шөнө унтаад сэрээгүй гэсэн мэдээлэл нийгмийг цочроосон юм. Зэвсэгт Хүчний Жанжин Штаб "Өглөө бослогын дохио өгөхөд сэрэхгүй байсан" хэмээн мэдээлж, "Гаднын нөлөөгүй", "Нүдэнд ил харагдах шарх сорвигүй" гэж өөрсдийгөө хамгаалсаар. Харин цэрэгт татагдаад сар ч хүрэлгүй амиа алдсан 20 настай залуугийн үхлийн дараа цэргийн албаны зүй бус дэглэлтийн золиос болсон залуус, тэдний ар гэрийнхэн энэ асуудлын талаар нийгэмд ил гаргаж ярьсан юм.  

Энэхүү хэргээс өмнө оюутан цэрэг гүйж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдээд нас барсан, цэргийн албан хаагч амиа хорлосон, Ховд аймгийн нутагт цэрэг нас барсан гэх хэргүүд шил дараалан гарсан. Гэвч "мөрдөн шалгаж байна, дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэж шалтгаан нөхцөлийг нууцалсаар.

2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн албанд татагдан очсон залуусын 21 нь амиа алджээ. Энэ бол зөвхөн нийтэд ил болсон мэдээллээс нэгтгэсэн тоо юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАР ОЛОН УЛСАД ХААНА ЯВААГАА АНХ УДАА БОДИТООР ҮНЭЛҮҮЛЛЭЭ

Зураг

Боловсролын багц хуулийг өнгөрсөн долдугаар сард баталснаар хүн бүрд сурч боловсрох тэгш нөхцөл, багш тасралтгүй хөгжих боломж бүрдэж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж байгаа зэргийг салбарынхан онцолж буй. Ямар ч байсан энэ онд бодитой нэвтрүүлсэн шинэчлэл нь сургалтын хөтөлбөрт EdutenPearson зэрэг шинэлэг хөтөлбөрүүд байв.

Бас нэг чухал зүйл бол PISA-д хамрагдсаны үр дүн буюу монгол сурагчид олон улсад хаана яваагаа үнэлсэн явдал. Үүгээр монгол сурагчид Математикийн хичээлээр л гэхэд олон улсаас 2.3 жил, уншаад ойлгох, эргэцүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвараар таван жил, байгалийн ухааны хичээлийн мэдлэгээр гурван жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдов. 

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЭЛИЙГ ТООЛГҮЙ ЯВСНЫ УРШИГ МЭДРЭГДЭЖ ЭХЛЭВ

Зураг

Цахилгаан эрчим хүч, шатахуун гэсэн стратегийн гол бүтээгдэхүүнээрээ хойд хөршөөс хэт хамааралтай явж ирснийхээ горыг монголчууд энэ жил илүүтэй амсаж байна. Өнгөрсөн есдүгээр сард ОХУ шатахууны экспортдоо хориг тавихаар шийдвэрлэхдээ манай улсыг хамааруулаагүй гэж мэдэгдсэн ч тухайн үеэс хойш бодит байдал дээр АИ-92 шатахууны нөөц хоёр дахин, дизель түлшний нөөц бараг гурав дахин багасаж, үр дүнд нь бид шатахуун авах гэж хэдэн цагаар дугаарладаг болов.  

Цахилгааны тухайд ОХУ 345 МВт хүртэл нийлүүлдэг байсан эрчим хүчээ 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсноо мэдэгдээд удалгүй "Хэвийн байдлаараа нийлүүлнэ" гэж даажигнасан.

Харин яг энэ үед манай улсад анх удаа эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурыг ашиглах туршилт амжилттай болж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асааж байна. Энэ нь байнгын ашиглалтад орсноор импортын чадлыг 30МВт-аар бууруулж, сард ₮900 саяыг хэмнэх нөхцөл бүрдэх юм.

УЛААНБААТАРЧУУД МЕТРОТОЙ БОЛОХЫН ТУЛД ДАХИАД ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭНЭ

Зураг

Олон жил, тэр тусмаа сонгуулийн өмнөх жилүүдэд эрчимтэй яригдаж эхэлдэг метротой болох шийдвэр анх удаа Засгийн газрын түвшинд баталгаажиж, Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метроны 22.3 километр зам барих ажлын төслийг шинээр томилогдсон "Түгжрэлийн сайд" танилцуулав.

Уг төлөвлөгөөний дагуу ирэх онд метро барих ажлыг эхлүүлж 2028 онд нийслэлчүүд метрогоор явж эхэлнэ гэж олон нийтэд мэдээлээд байгаа. Гэвч өмнө нь ийм мэдээлэл хэд хэдэн удаа сонссон нийслэлчүүд ТЭЗҮ ч үгүй байгаа энэ удаагийн төсөлд итгэж ядан ажиглаж байна.