Манай улсад есдүгээр сарын 1-ний өдрөөс айлчилсан Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өнөөдөр өндөрлөлөө.
Ромын папын айлчлалын уриа нь “Hoping Together” (Хамтдаа найдацгаая) байсан юм.
Уг уриаг Ватиканы хэвлэлийн алба тайлбарлахдаа “Итгэл найдвар бол зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагдахгүй ойлголт. Хамтдаа гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагааны чухлыг онцолж байна. Энэ хоёр үг нийлээд папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлж байгаа юм” гэжээ.
Тэгвэл уг нийтлэг үзэл санааны хүрээнд ямар онцлох үйл явдлууд болж өнгөрснийг тоймлон хүргэж байна.
Пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс тосож авсан өдөр буюу есдүгээр сарын 1-нд айлчлалтай холбоотой албан ёсны үйл ажиллагаа болоогүй юм. Харин тус өдөр айлчлалыг сурвалжлахаар ирсэн 23 орны 160 орчим сэтгүүлчдэд зориулж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Монгол орноо сурталчлах зорилгоор “Бэсрэг наадам” арга хэмжээг зохион байгуулсан юм.
Олон орны хэвлэл мэдээллийн байгууллага Монголд ирсэн нь Монголыг дэлхий дахинаа харах нэгэн боломж болсон.
Иймд гадаадын хэвлэл мэдээлээр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чухал зорилтын хүрээнд уг наадмыг зохион байгуулсан тухай ГХЯ-наас мэдээлсэн юм.
Айлчлалын хүрээнд болох гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд албан ёсоор бүртгүүлсэн 3,500-аад хүнээс гадна зөвхөн Пап Францисыг харах гэж ирсэн жуулчид олон байсан юм.
Тиймдээ ч Улаанбаатар хотын хэмжээнд бүх түвшний зочид буудал, ресторануудын захиалга дүүрсэн, есдүгээр сарын 1-4-ний хооронд аялал жуучлалын салбарын орлого нэмэгдэж байгаа гэсэн урьдчилсан мэдээллийг албаныхан өмнө нь өгөөд байсан билээ.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис нэг улсад очиход тухайн улсад дор хаяж 10-400 сая долларын орлого оруулдаг гэсэн тооцоо байдаг.
Пап Францис Монголын ард түмэнд хандаж өргөн утга агуулгатай үг хэлсэн нь онцлох үйл явдал байлаа.
Тэрбээр бидэнд Монголын арвин их соёл болон өвөг дээдсийн бахдам түүх, сургаалыг сануулж, манай улсыг шашин шүтэх эрх чөлөөтэй, цаазын ялгүй, цөмийн зэвсгээс ангид энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс болохыг онцолсон юм.
Түүнчлэн тэрбээр “Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай” хэмээж монголчуудыг босоо монгол бичиг шигээ чигч тууштай байхыг ерөөв.
Пап Францисын хэлсэн үгийг бүтнээр унших бол ЭНД ДАРНА УУ.
Пап Францисыг Монголд айлчлахаас өмнө "Пап Францис гэнэтийн бэлэгтэй ирэх байх" хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлж байсан юм.
Учир нь Ватиканы нууц номын санд Их Монгол улсын хаад үе үеийн Пап нартай харилцаж ирсэн захидлууд хадгалагдаж байдаг.
Тэдгээр захидлууд нь хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг түүнчлэн Их Монгол улсын үед гадаад харилцаа өндөр түвшинд хөгжсөн байсан зэргийг нотлох түүхийн чухал баримт юм.
Тэгвэл Пап Францис Гүюг хааны 777 жилийн тэртээ Пап IV Иннокентэд илгээж байсан захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг бэлэг болгон өргөн барьсан юм.
Пап Францисын хоёр улсын өнөөгийн болоод эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгон өгсөн уг бэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хааны музей”-д байршуулахаа илэрхийлсэн.
Гүюг хааны захидлыг унших бол ЭНД ДАРНА УУ.
Шашин хоорондын уулзалт болж уг уулзалтад Монголын Бурхны шашин болон Христ, Ислам, Хиндү, Бөө мөргөл зэрэг 12 шашин, шүтлэгийн тэргүүнүүд оролцсон юм.
Энэ үеэр Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц “Энэхүү шашин хоорондын түүхэн уулзалт нийт хүн төрөлхтний төлөө эв эеэр хамтран ажиллах их урам зоригийг өгсөн гэдэгт гүнээ итгэж байна” хэмээсэн юм.
Уг шашин хоорондын уулзалт нь манай улсыг шашин шүтэх эрх чөлөөг дээдэлсэн түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан улс гэдгийг дэлхий нийтэд харуулсан үйл явдал боллоо.
Пап Францис Монгол Улс дахь католик шашны албан ёсны төв сүм (катедрал) болох БЗД-ийн 13-р хороо буюу Чулуу овоо орчимд байрладаг Гэгээн Петр, Паулын сүмд болон Степпе Аренад болсон Гэгээн мөргөлийн үйл ажиллагааны үеэр 3,500-аад сүсэгтнүүдтэйгээ уулзсан юм.
Манай улс дахь католик шашны албан ёсны төв сүм нь 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мөргөлийн үйл ажиллагаанаас гадна Гэгээн Мариа буяны эмнэлэг, Каритас Монгол зэрэг хүмүүнлэгийн байгууллага байрлан үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Харин буцах өдрөө буюу өнөөдөр тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх, орон гэргүй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын боломж тааруу иргэдийг хооллож ундлах, амьдралын зөв хэвшлийг заах зэрэг хүмүүнлэгийн тусламжийг нэг цэгээс үзүүлэх зорилготой "Нигүүслийн өргөө"-ний нээлтэд оролцсон юм.
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|