Турк улсад өнөөдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Америкийн Нэгдсэн Улсын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 километрийн зайд буюу Сиритэй хил залгаа нутагт байсан аж.
Энэ явдлын улмаас Туркт 2,300 гаруй хүн гэмтэж, 284 хүн амиа алджээ.
Харин Сирид 630 хүн гэмтэж, 237 хүн нас барлаа гэж CNN агентлаг мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хилийн ойролцоо болсон уг газар хөдлөлтийн улмаас нийт 500 гаруй хүн амиа алдаж, 3,000 орчим хүн гэмтэж бэртээд байна.
Сүүлийн 25 жилд Туркт долоо ба түүнээс дээш магнитудын хүчтэй долоон газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх хамгийн хүчтэй нь юм байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас энэ явдалтай холбоотойгоор "Газар хөдлөлт нь манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин Сайдын Яам үргэлжлүүлэн ажиллаж байна" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!