Архангай аймгийн 100 жилийн ойд зориулан долдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд хийгдэх урлаг, соёл, аялал жуулчлалын цогц үйл ажиллагааны талаар зохион байгуулагчдын зүгээс "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Жүжигчин Э.Цолмонбаяр "Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байгаа.
Тухайлбал Архангай аймгийн 100 жилийн ойн баяртай уялдуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бүтэн нэг сарын хөтөлбөрийг манай баг боловсруулж, бэлэн болгосон. Архангай аймгийн хувийн хэвшил, залуусын нэгдсэн төсвөөр хийгдэж байгаа.
Энэхүү хөтөлбөр нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.
Мөн "Архангай аймгийн 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахдаа 12 цэгт 56 ариун цэврийн байгууламжийг бүрдүүлж байгаа. Eco friendly буюу байгальд хамгийн ээлтэй ариун цэврийн шийдлийг сонгосон.
Бид баярын талбайг 4,000 гаруй хүний суудлын багтаамжтай байхаар бэлдэж байна. Баярын үйл ажиллагаа болох талбай 10 гаруй га газар учраас 20,000 хүнийг хангалттай багтаах боломжтой. Мөн цогцолборт 2,000 орчим машины зогсоолыг шийдэж байгаа" гэдгийг хэлэв.
"Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан "Ирэх долдугаар сард Архангай аймагт гайхамшигтай сайхан өдрүүд үргэлжлэх нь ээ. Долдугаар сарын 21, 22-нд амьд хөгжмийн наадам зохион байгуулахаар болсон.
Энэ цаг үеийн хамгийн шилдэг, залуу хамтлагууд оролцоно. Нижгэр сайхан наадам тэр өдөр үргэлжилнэ" гэлээ.
Дуучин Э.Төрмандах "Нийтийн дуучдаа төлөөлж долдугаар сарын 7-ны өдөр 16 уран бүтээлч ая дуугаа өргөнө. Энэ үеэр "Малчид дуулж байна" улсын уралдаанд шалгарсан шилдэг гурван оролцоно. Долдугаар сарын 7-ны оройн 19:00 цагаас болох нийтийн дуучдын шоу тоглолт болно" гэв.
Үргэлжлүүлэн долдугаар сарын 14-нд "Voice" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан шилдгүүдийн нэгдсэн тоглолт болох аж. Үүний дараа долдугаар сарын 15-нд "Lumino Архангайд гарч ирэв" нэртэй тогтолтоор үргэлжилнэ.
Тус хамтлагийн бие даасан 25 жилийн ойн шинэ цомог гарч байгаатай холбоотой бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгааг зохион байгуулагчид хэллээ.
Зоо паркийн жүжигчдийн төлөөлөл "Гэр бүл, хүүхэд багачууддаа зориулан ховор сонирхолтой, халуун орны 30 гаруй төрлийн амьтад очихоор болсон. Долдугаар сараас наймдугаар сарын 1-н хүртэл ажиллаж, аялагчдад үүд хаалга нээлттэй байх болно" гэдгийг хэлэв.
Монголын авто мастеруудын холбооны төлөөлөл "Архангай master cross уралдааныг долдугаар 22-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Нийт 50 орчим тамирчин уралдана. Архангай аймгийнхаа байгаль орчныг сүйтгэхгүй, эко уралдаан хийх зорилгоор уралдааны замыг тусгайлан бэлдэнэ" гэв.
Сарын турш үргэлжлэх Архангай аймгийн 100 жилийн ойн баярын үйл ажиллагаанд тус аймгийн бизнес эрхлэгчид хамтрахаар болжээ. Баярын үеэр 30 гаруй төрлийн хоол бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Мөн долдугаар сарын 1-5-ны хооронд "Монгол" УСК-г стадион дээрээ цацах зөвшөөрлийг авчээ.
Аялал дурсамж бүтээдэг. Тиймээс энэ чиглэлээр баг бүрэлдэхүүн маань бүх бэлтгэл ажлаа хангахаар хичээж байгаа. Манай сошиал сувгууд болон 77073339 утас нээлттэй байгаа гэж зохион байгуулагчид хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!