Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авч, хамтарсан мэдээлэл хийлээ

Б.Оюунчимэг, iKon.mn
2023 оны 10 сарын 13
IKON.MN
зураг
 

- Айлчлал -

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон аравдугаар сарын 12-ны өдөр Парис хотын Элизейн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авлаа.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг, туршлагаа хуваалцахаар Францын Хөгжлийн агентлаг ирэх долоо хоногт Улаанбаатарт очно

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч нарт хандаж, хамтарсан мэдээллээ хийсэн юм.

зураг
 

Франц Улсын Ерөнхийлөгч Эмманул Макрон “Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад намайг халуун дотноор хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлалыг хүлээн авч байгаадаа баяртай байна.

Та өчигдөр Версальд, өнөөдөр Парист, харин маргааш Нантад ажиллаж, Чингис хааны тухай дахин давтагдашгүй үзэсгэлэнгийн нээлтэд оролцох билээ.  

Үзэсгэлэнд дэлгэгдэх зарим үзмэрийг Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэрээ дэлхийг байлдан дагуулагч, Эзэнт гүрнийг байгуулагч – Чингис хааны нэрэмжит музейд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт үзэх боломж надад олдсон юм.

Бид энэ удаа ч мөн түүх бүтээх гэж байна. Европ тивд дайн өрнөж, Кавказ, Ойрх Дорнодод хямрал болж, хурцадмал байдал газар авч байгаа энэ үед бид нэг жилийн хугацаанд хоёр орны бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, ардчиллыг дэмжих зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан Франц, Монголын хооронд Онцгой түншлэлийг байгуулж чадлаа.

Манай хоёр улсыг стратегийн түншлэлд хүргэх шинэ гэрээ хэлэлцээр, замын зураглал байгуулахаар хагас жил хүрэхгүй хугацааны дараа Парис хотноо дахин уулзаж, тодорхой үр дүнд хүрээд байна.

Түншлэлийн энэхүү шинэ шатны хүрээнд нэн тэргүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоогдсон нөөц баялаг, ялангуяа эрчим хүчний шилжилтийн гол цөм болох нэн чухал ашигт малтмалыг хамтран ашиглах төслүүдийг хэрэгжүүлнэ. Тэдгээр төслүүд нь хүрээлэн буй орчин, нийгэм, орон нутагт үзүүлэх үр өгөөжийг онцгой анхаарч, үйл ажиллагаандаа чанарын өндөр стандартыг мөрдөнө гэдэгт та бүхэн бүрэн итгэж болно.

Энэ асуудлыг анх Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр ярьж байсан бол хэдхэн хормын дараа бид энэ нэгдмэл эрмэлзлээ баталгаажуулж, Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо (BRGM) болон Монголын Үндэсний геологийн алба хооронд санамж бичиг байгуулснаар өнөөдөр бодит ажил болж хэрэгжинэ. Бид мөн улс орны аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Франц, Монгол хоёр улс иргэний аюулгүй байдлын салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалт явуулах зэргээр онцгой хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өрнүүлж байна. Энэ чиглэлээр бид өнөөдөр гэрээ дахин байгуулж, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ.

Бид шинэ гэрээ хэлэлцээрээр шат ахих болно. Холбооны хиймэл дагуулын үйлдвэрлэл, хилийн аюулгүй байдлаа хангах, харилцаа холбооны салбараа Монгол Улс хөгжүүлэхэд нь Франц Улс дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулах болно.

Түүнчлэн бид эрчим хүч, хүнсний аюулгүй байдлаа хангахгүйгээр бие даасан байдалд хүрэх боломжгүй. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн туршлагаа хуваалцахаар Францын Хөгжлийн агентлаг (AFP) Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, төлөөлөгчийн газраа ойрын хугацаанд нээнэ.

Өмнө нь Улаанбаатарт мөн дурдаж байсанчлан энэ салбарт бусад түншүүдтэйгээ хамтран санаачлан хэрэгжүүлж буй JETP буюу Зөв эрчим хүчний шилжилтийн эх үүсвэрийн түншлэлийн хүрээнд хүчин чармайлт гаргах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих шинэ хэтийн төлөв, тэр дундаа Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллана. Энэ бүгд нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай арга хэмжээг авах, эмзэг орнуудын хөгжилд төр болон хувийн хэвшлийн санхүүжилтийг дайчлах үндсэн зорилго бүхий Ард иргэд, эх дэлхийн төлөөх Парисын фактад Монгол Улс нэгдэж, дэмжих шийдвэр гаргасан Эрхэмсэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.

“Сургуулийн хүүхдийн хоол” эвслийн тэргүүлэх чиглэлүүд нь хөгжлийг тэтгэх нэг чухал асуудал юм. Тиймээс бид ирэх долоо хоногт буюу 10 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Дэлхийн хүнсний хөтөлбөрийн санаачилгаар Франц тэргүүтэй орнууд Парис хотноо Сургуулийн хоолны эвслийн Сайд нарын бага хурлыг зохион байгуулах бөгөөд үүнд Монгол Улс нэгдэж байгаад талархал илэрхийлье.

Эцэст нь хэлэхэд, иргэд хоорондоо ойр биш бол, хоёр улс хооронд урт хугацааны харилцаа бүрэлдэхгүй.

Нант хотын үзэсгэлэн үүнд хувь нэмрээ оруулах болно. Үзэсгэлэнг санаачлагч, түүнд хувь нэмэр оруулж буй бүх хамтрагчдад баяр хүргэе. Бид илүү их зүйлийг урагшлуулахыг хүсэж байна.

Франц хэл эзэмших, манай улсын их сургуулиудад суралцах монгол оюутнуудын түүчээг өнгөрсөн сард Францад, хэд хэдэн хотдоо угтан аваад байна.

Франц-Монголын найрамдлыг бататгах, тогтвортой байдлыг бэлэгдэх 30 оюутан төгсөгчтэй болохыг ирэх жилүүдэд бид зорино.

Мянга мянган жилийн түүхийн үр шим, Монголын асар их өвийг сэргээн сурталчлахад соёл, эрдэм шинжилгээний түвшинд Франц улс бүрэн дэмжлэг үзүүлэх болно.

Энэ үдэш Танд болон нийт төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж барих төрийн зоогт  Монгол Улсад элэгтэй, ойр дотно байдаг франц иргэдийн төлөөллөө мөн урьсан. Өнөөдөр, бидэнтэй хамт байгаа Ерөнхийлөгч танд дахин баярлалаа. Энэ өдрүүдэд Франц улсад хийж буй Таны айлчлал бидний хувьд маш чухал.

Энэ нь зургаан сарын өмнө өгсөн амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ, мөн хэдэн арван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийн оргилд хүрэх, улс эх орныхоо төлөө гэсэн бидний хамтын амлалт, үнэт зүйл, зорилго нэг гэдгийг тодоор харуулж байна. Бидэнтэй хамт байсан Ерөнхийлөгч танд дахин баярлалаа" хэмээн мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнө эртний түүхт, өв соёлын өлгий болсон үзэсгэлэнт сайхан эх орондоо халуун дотноор хүлээн авч байгаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Эммануэл Макрон Танд болон францын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эртний түүхт Монгол, Франц хоёр орны түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхтэй буюу 1253 онд IX Людовик хааны элч Гийом дө Рубрук Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж, Чингис хааны ач Мөнх хаанд бараалхан түүний ордонд амьдарч байсан түүхтэй.

Мөн тэрбээр Монголын Эзэнт гүрэн дэлхийг өөрчилсөн тухай гайхамшигт түүхийг бичиж үлдээсэн байдаг.

Түүнээс хойш Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын Гоо Филипп хаантай харилцаж байсан захидлууд өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн нь түүхийн чухал эх сурвалж болдог бөгөөд Монгол, Франц хоёр орны харилцаа тухайн үед ямар түвшинд хүрсэн байсныг гэрчлэн харуулдаг.

Түүнчлэн Францын уран дархан Гийом дө Бушегийн урласан алдарт мөнгөн мод Монголын Эзэн хааны ордонд сүндэрлэж, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын нэгэн гайхамшиг болон шагшигдаж байсан түүхтэй.

Тэгвэл Монгол, Францын орчин цагийн харилцаа 1965 онд дипломат харилцаа тогтоосон үеэс эхлэлтэй бөгөөд Монгол Улс Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг билээ.

Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан Монгол-Францын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Монгол, Францын ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон. 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, хоёр улс түншлэлийн түвшингээ ахиулан, онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан билээ.

Тэгвэл өнөөдөр танай сайхан оронд хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь “гуравдагч хөрш”-ийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, “Монгол, Францын хамтарсан тунхаглал”-ын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна.

Монгол Улс Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.

Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацаар дэлхийд тэргүүлэгч улсын нэг болох Франц Улстай харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал түлхэц үзүүлж байна.

Мөн Монгол, Франц Улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бидний өнө эртний түүх, өв соёлын нандин харилцаа манай хоёр орны ард иргэдийг оюун санаа, зүрх сэтгэлийн хувьд ямагт холбож ирсэн билээ.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бидний ивээл дор энэ удаа зохион байгуулагдаж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” түүхэн үзэсгэлэн Нант хотын Үндэсний түүхийн музейд маргааш нээлтээ хийх гэж байгаа нь үүний нэг тод жишээ болж байна.

Энэхүү үзэсгэлэн нь монголчууд бидний түүх, соёл, өв уламжлал болон манай хоёр улсын түүхэн харилцааг Франц Улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад онцгой чухал ач холбогдолтой юм.

Мөн Франц улсын баялаг их түүхийн өлгий болох Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Морин хуурын чуулгын найрал хөгжим анх удаа эгшиглэж, хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар франц анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.

Энэхүү түүх соёлын арга хэмжээг талархан дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Франц Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, түүнээс үүдэлтэй хүнсний хомсдол зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр нэн чухал юм.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гарсан санаачилгуудтай уялдуулж, хамтран ажиллахаар тохирсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаар болсонд талархаж байна.

Цаашид манай хоёр улс НҮБ болон олон улсын түвшинд эх дэлхий, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийн төлөө үр дүнтэй, нягт хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Энэ дашрамд хүн төрөлхтний энхтайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпын 33-р их наадам Парис-2024-ыг ирэх онд эх орондоо хүлээн авах Франц Улс, францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүсье" хэмээн хэллээ.

Мэдээллийн дараа гарын үсэг зурсан зургаан баримт бичиг:

  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  3. Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт Францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, Монголын талаас Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт   Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү
  6. Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн  Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн далбааг Парис хотын төв гудамжнуудад байрлуулж, өндөр зэрэглэлийн хамгаалалт гарчээ.